Илон Маскийг Газийн зурваст ирэхийг Хамасын удирдагч урив
“SpaceX”, “Tesla”, “Twitter” зэрэг компанийн удирдагч, тэрбумтан Илон Маск Израил улсад айлчилж, Хамас бүлэглэлийн халдлагад өртсөн сууринд зочилсон.
Тэгвэл түүнийг Хамас бүлэглэлийн ахлах удирдагч Газын зурваст очиж, Израилын халдлагад өртсөн суурин газруудтай танилцахыг урьсан байна.
Тодруулбал Хамасын удирдагч Осама Хамдан Бейрут хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр "Бид Илон Маскийг Газад айлчилж, Газын ард түмний эсрэг хийсэн дайралт, алан хядлагын үр дүнг бодитоор хараасай гэж хүсэж байна” гэв.
Одоогийн байдлаар талууд галаа зогсоож, Хамасын барьцаанд байгаа иргэдийг Израилд хоригдож буй хоригдлуудаар солилцож байна. Гал зогсоох хугацаа дөрвөн өдөр байсан ч даваа гарагт дуусгавар болж, дахин хоёр өдрөөр сунгасан.