Германы цагдааг нар Хамасыг дэмжигчдийн эзэмшилд тусгай ажиллагаа явууллаа
Пүрэв гарагийн шөнө хэдэн зуун цагдаагийн албан хаагч Герман даяар Палестины Хамас зэвсэгт байгууллагыг дэмжигчдийн эзэмшлийн байгууламжуудад тусгай ажиллагаа явуулжээ.
Хамасын Израильд үйлдсэн зэвсэгт халдлагыг талархан дэмжсэн цуглааныг Берлин хотод зохион байгуулсан Самидун хэмээх байгууллагыг тарааж, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээг Германы парламент энэ сарын эхээр авсан юм.
Германы нийгмийг аюулаас хамгаалах байгууллагын тооцоолсноор одоо тус улсад Хамасын 450 орчим гишүүн оршин суудаг юм байна.
Тэд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлан таниулах, санхүүжүүлэх, хөрөнгө мөнгө цуглуулах зэрэг үйл ажиллагааг явуулдаг гэнэ. Пүрэв гарагийн ажиллагааг Берлин хот болон Доод Саксон, Умард Рейн-Вестфаль, Шлезвиг-Холштейн мужууд дахь 15 үл хөдлөх хөрөнгөд зохион байгуулсан байна.
Зөвхөн Берлин хотод 300 гаруй цагдаагийн албан хаагч 11 байрлалд ажиллагаа явуулахдаа хууль бус үйл ажиллагааны баримт нотолгоо, эд зүйлсийг хураажээ. Газын зурваст Хамас-Израилийн дайн эхэлснээс хойш Германы эрх баригчид антисемитист үзлийг дэмжсэн үйлдэлтэй шаргуу тэмцэх болсон юм.
АНУ-ын засаг захиргаа 1997 онд Хамасыг террорист байгууллагаар зарлаж байсан юм. Европын Холбоо болон Өрнөдийн бусад орнууд ижил арга хэмжээ авсан байдаг.
Эх сурвалж: Associated Press