Дайныг дуусгахад ОХУ-ыг шахах, Тайванийн статусыг хүндэтгэх, шударга худалдаа хийхийг Хятад улсад “Их Долоо” уриалав
Япон улсын Хирошима хотод үргэлжилж буй “Их Долоо” бүлгэмийн дээд чуулганаас өчигдөр БНХАУ-д хандаж хамтарсан мэдэгдэл гаргажээ.
Аж үйлдвэржсэн долоон гүрний удирдагчид уг мэдэгдэлдээ тэд Хятад улсад хор хөнөөл учруулах сонирхолгүй байгаагаа онцлоод илэн далангүй, тогтвортой харилцаа тогтоох хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн байна.
“Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайнаа зогсоож, Украины нутаг дэвсгэрээс ямар нэг болзол нөхцөлгүйгээр, нэн даруй, бүрэн цэргээ гаргах асуудлаар Оросын талд шахалт үзүүлэхийг бид Хятад улсад уриалж байна. Газар нутгийн бүрэн бүтэн байдал, НҮБ-ын дүрэм журамд суурилсан иж бүрэн, эрх тэгш, урт хугацааны энх тайван байдал тогтоохын төлөө хүчин чармайлт гаргахыг бид Хятад улсаас хүсэж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.
Дэлхийд гүйцэтгэх үүрэг, эдийн засгийн хүчин чадал нь Хятад улсыг уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, ядуу буурай орнуудын өр зээл, санхүүжүүлэх хэрэгцээ, дэлхий дахины эрүүл мэнд, эдийн засгийн тогтвортой байдал зэрэг хүн төрөлхтний өмнө тулгарч буй асуудлууд дээр хамтран ажиллах шаардлага үүсгэж байгааг Их Долоогийн гишүүн орнууд онцолсон байна.
Үүнээс гадна Дорнод болон Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутагт цэрэг зэвсгийн байр сууриа бэхжүүлж, Тайвань арлын өөртөө засаглах эрхэд аюул занал учруулж буйд нь “ноцтой санаа зовж байгаа”-гаа дээрх мэдэгдэлд илэрхийлжээ.
Их Долоогийн мэдэгдэлд Тайванийн асуудлыг хүчээр биш, энх тайван замаар шийдвэрлэхийг Бээжингийн эрх баригчдад уриалсан байна.
Бас Төвөд, Хонконг, Шинжааны хүний эрхийн асуудалд санаа зовж буйгаа илэрхийлжээ.
“Бидний бодлого Хятад улсад хор хөнөөл учруулах, Хятадын эдийн засгийн хөгжил дэвшилд саад учруулах зорилгогүй” гэж “Их Долоо” бүлгэмийн хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн юм.
Үүний зэрэгцээ “Их Долоо” бүлгэм худалдаа, хөрөнгө оруулалтыг зүй бус аргаар хязгаарлах, технологи, мэдээллийг хууль бусаар шилжүүлж авах зэрэг эдийн засгийн хор хөнөөлтэй үйлдлүүдтэй тууштай тэмцэхээ анхааруулжээ.
“Их Долоо” бүлгэмд АНУ, Япон, Их Британи, Герман, Франц, Итали, Канад улсуудаас гадна Европын Холбоо багтдаг.
Тус бүлгийн энэ оны дээд чуулга уулзалтыг Япон улс зохион байгуулж байгаа юм.
Хятад улсад хандсан хамтарсан мэдэгдэл чуулганы хоёр дахь өдөр гарсан байна. Чуулган өнөөдөр өндөрлөх юм.
Эх сурвалж: Associated Press