Хонг Конгийн захирагч огцрох хүсэлтэй байгаа ч Бээжин зөвшөөрөхгүй байгааг ярьсан бичлэг задарчээ
Өнгөрсөн долоо хоногт хаалттай хаалганы цаана хэсэг бизнесмэнүүдтэй уулзахдаа Хонг Конгийн захирагч Кэрри Ламын хэлсэн үгний аудио бичлэгийг Ройтерс агентлаг олж авснаа өчигдөр тараажээ.
“Хонг Конгт асар том сүйрэл учруулсан удирдагчийг уучлах ёсгүй. Хэрвээ надад сонголт байсан бол би хамгийн түрүүнд албан тушаалаасаа огцроод чин сэтгэлээсээ уучлал гуймаар байна” гэж ярихдаа Ламын хоолой тасалдаж байжээ.
Сүүлийн гурван сарын турш эрх баригчдынхаа эсрэг тэмцэж байгаа Хонг Конгуудын нэг шаардлага нь Кэрри Ламыг огцруулах юм.
Сүүлийн үед цагдаа нар тэмцэгчдийн эсрэг хүч хэрэглэх нь эрчимжиж байгаа. Зарим ажиглагчид аравдугаар сарын 1-нд тохиох БНХАУ-ын үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн баяраас өмнө тэмцлийг зогсоох даалгавар Бээжингээс өгсөн байх магадлалтай гэлцэж байна.
Харин Кэрри Лам дээрх бичлэгт Бээжингийн зүгээс тэмцлийг зогсоох ямар нэг хугацаа өгөөгүй бөгөөд Хонг Конгийн эдийн засгийг сүйрсэн ч хамаагүй, тэвчээртэй хүлээх байр суурьтай байгааг ярьжээ.
“Бээжингийн зүгээс ямар нэг эцсийн хугацаа тавиагүйг би энд хэлмээр байна. Ингэх нь аюултайг тэд мэдэж байгаа. Тэд урт хугацаанд хүлээхэд бэлэн байгаа. Тиймээс Хонг Конгийн эдийн засаг, аялал жуулчлал, хөрөнгийн зах зээл ихээхэн хохирол амсах төлөвтэй байна” гэж тэр бизнесийн төлөөлөгчдөд анхааруулсан байна.
Лам цааш нь ярихдаа “Миний мэдэж байгаагаар Бээжинд цэрэг илгээх ямар ч төлөвлөгөө байхгүй” гэж тэнд байсан хүмүүсийг тайтгаруулжээ.
Өчигдөр Хонг Конгийн цагдаагийн газар хэвлэлийн хурал хийхдээ зургаадугаар сарын эхнээс буюу тэмцэл эхэлснээс хойш нийт 1,000 гаруй хүнийг баривчилснаа мэдээлсэн юм.
Зөвхөн өнгөрсөн амралтын өдрүүдэд 159 хүнийг баривчилсны дотор шатагч шингэнтэй хоёр бөмбөгөөр зэвсэглэсэн 13 настай хүү байсныг мэдээлжээ.
Хонг Конгийн дунд болон их сургуулиудын оюутан сурагчид Даваа гарагт хичээлийн шинэ жилийг эсэргүүцлийн суултаар
эхлүүлсэн байна.
Эх сурвалж: The Guardian