Канад-Хятадын маргаан “Canada Goose”-ийн хувьцааны ханшийг унагав
Huawei компанийн захирлыг баривчилсны улмаас Канад, Хятад улсуудын дунд үүссэн маргаан “Canada Goose” компанийн бизнест нөлөөлж эхэлжээ.
Учир нь Канадын бодлогыг эсэргүүцсэн Хятадын хэрэглэгчид тус компанийн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авахаа зогсоох хөдөлгөөн өрнүүлж, энэ нь маш түргэн газар авсан байна.
Huawei компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоуг энэ сарын эхээр Ванкуверт баривчилснаас хойш “Canada Goose”-ийн хувьцааны ханш 20 орчим хувиар унажээ.
Мөн саяхан Канадын дипломатч асан Майкл Ковригийг улсын аюулгүй байдалд хор хүргэсэн шалтгаанаар Хятадад баривчилсан нь хоёр орны хоорондын харилцааг улам хүндрүүлсэн юм.
Өндөр үнэтэй өвлийн гадуур хувцас үйлдвэрлэдэг “Canada Goose” компани Бээжин-Оттавагийн дипломат маргааны эхний хохирогч болж байна. Хятадын иргэд өөрийн Вэйбо сошиал сүлжээнд тус компанийн эсрэг бойкот зарлаж, түүнийг нь төрийн хэвлэлүүд шууд бусаар дэмжиж эхэлжээ.
Канадын өөр олон компани Хятадад бизнесээ эрхлэн явуулдаг ба тэдний хувь заяа ч бүрхэг болж байна. Тухайлбал агаарын тээврийн үйлдвэрлэгч Bombardier, түргэн хоолны сүлжээ Tim Hortons дараагийн ээлжинд хохирох магадлалтай байгаа юм.
“Canada Goose” тун удахгүй Бээжинд анхны өөрийн шууд салбарыг нээхээр бэлдэж байгаа. Мэн Ванжоуг баривчлагдахын өмнөхөн тус компанийн гүйцэтгэх захирал Дэни Рэйсс Бээжинд байхдаа “Манай брэндийг энд маш сайн мэддэг нь бидний хувьд давуу тал” гэж ярьж байв.
Одоогоор “Canada Goose” компанийн гадаад борлуулалтын 10 хувь нь Хятадын зах зээлд ноогдож байна. Гэхдээ ойрын жилүүдэд энэ хувь огцом өснө гэсэн төсөөлөлтэй байгаа юм.
Тэгвэл тус компанийн өрсөлдөгч болох Хятадын өвлийн хувцасны Bosideng компанийн хувьцааны үнэ өнгөрсөн Даваа гарагийн байдлаар сүүлийн таван жилийнхээ дээд хэмжээнд хүрч өссөн байна.
Эх сурвалж: The Guardian
|