Япон, Умард Солонгосын тагнуулынхан Монголд дахин уулзжээ
Япон, Умард Солонгосын тагнуулын дээд албан тушаалтнууд өнгөрсөн Баасан гарагт Монголын нийслэлд уулзалдсан тухай Японы Fuji News Network суваг өчигдөр мэдээлжээ.
Японы төлөөлөгчдийг ерөнхий сайд Шинзо Абэгийн шууд удирдлага дор байдаг Тагнуул, Судалгааны газрын дарга Шигэрү Китамура тэргүүлсэн байна.
Харин Умард Солонгосын талыг эрх баригч Солонгосын Хөдөлмөрчдийн Намын Нэгдсэн Фронт хэлтсийн дарга Ким Сон Хэ ахалж байсныг эх сурвалж мэдээлжээ.
Энэ долоо хоногт Өмнөд Солонгост болсон олон улсын хуралд Умард Солонгосын төлөөлөгчид оролцсон бөгөөд тэдний дотор Ким Сон Хэ байгаагүй нь энэ мэдээллийг үнэн байх магадлалтай болгож байна.
Китамура энэ долоо хоногт Вашингтонд АНУ-ын албаныхантай уулзаж, яриа хэлэлцээрийн үр дүнг танилцуулахаар болжээ. Умард Солонгосын төлөөлөгчидтэй уулзахдаа Японы тал хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг ярилцсанаас гадна Шинзо Абэ, Ким Жон Ун нарын уулзалтыг зохион байгуулах боломжийг хэлэлцсэн гэнэ.
Өчигдөр Японы засгийн газрын мэдээллийн цагаар сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Ёшихиде Суга Монголд болсон уулзалтын талаар мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Аравдугаар сард мөн Япон, Умард Солонгосын тагнуулын албаныхан Улаанбаатар хотод уулзсан тухай хэвлэлүүд мэдээлж байв. Энэ уулзалтаар 1978 онд хулгайлагдсан Минору Танака гэдэг хүний тухай шинэ мэдээллийг Умард Солонгосын талаас япончууд олж авсан гэлцэж байгаа юм.
Өчигдөр хэлэхдээ Суга хоёр орны удирдагчдын уулзалтыг зохион байгуулахын тулд Токио “олон суваг”-аар Пёньянтай хэлэлцэж байгаа гэхээс өөр тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Эх сурвалж: Fuji News Network