Хойд Америкийн гурвал Морокког ялж, 2026 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрх авлаа
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагчийг Москвад болсон FIFA-гийн чуулганд оролцогсод өчигдөр орой сонгож баталлаа.
Хойд Америкийн АНУ, Канад, Мексик улсуудын гурвал болон хойд Африкийн Морокко улс уг эрхийн төлөө өрсөлдсөн юм.
Санал өгөх эрхтэй төлөөлөгчдийн 134 нь Хойд Америкийн гурвалыг сонгосон бол 65 нь Морокког сонгожээ.
2026 оны ДАШТ анх удаа 48 багтай зохион байгуулагдах тул тоглолтын нийт тоо 80 болно. Эдгээрийн 60-ыг АНУ нутагтаа зохион байгуулж, Канад, Мексик улсууд 10, 10-ыг хүлээж авах санал гаргажээ.
Санхүүгийн болон дэд бүтцийн давуу тал нь Хойд Америкт зохион байгуулах эрхийг олгоход нөлөөлсөн байна. ДАШТ-ийг АНУ 1994 онд нэг удаа, Мексик 1986 онд нэг удаа тус тус зохион байгуулж байсан бол Канад улс анх удаа зохион байгуулах юм.
Одоо FIFA-гийн удирдах зөвлөл эдгээр гурван улсын ямар хотуудад тэмцээн зохион байгуулахыг сонгож шийдэх гэнэ.
Эх сурвалж: Associated Press