“Facebook“-ийн эзэн М.Цукербергийг амжилтанд хүргэсэн ДӨРВӨН НУУЦ
Дэлхийн хамгийн баян залуу болох М.Цукербергийг өнөөдрийн толгой эргэм амжилтанд хүрэхэд дөрвөн хүчин зүйл онцгой нөлөөлжээ.
1. Еврей эцгийн “алсын хараа”
Хүүхдийн ирээдүйг эцэг эхчүүдийн өгөөмөр сэтгэл шийдэх тохиолдол бий. 1994 онд Маркийн 10 насны төрсөн өдрөөр аав нь цоо шинэ хувийн компьютер бэлэглэжээ. Intel 486 дээр сурилагдсан Quantex 486DX хэмээх уг компьютер тийм ч хямд эд биш байв. Гэвч хүүгийнхээ ирээдүйн боловсролд хэрэгтэй хэмээн үзэж мөнгө харамласангүй. Эдвард өөрөө интернэт технологийн талаар шаггүй мэдлэгтэй нэгэн байсан бөгөөд хүүдээ Atari BASIC хэлний учрыг анх хэлж өгч, сонирхлыг нь өдөөж чадсан байдаг. Тиймээс аавыг нь Маркийн анхны багш байсан гэж гэж болно.
Шинэ хобби нь Маркийн олон талт сонирхолтой нь яв цав авцалдлаа. Жаалхүү зураг зурах сонирхолтой байсан бөгөөд компьютер дээр зураг зурдаг боломжтой гэдэг ойлголт авсан учир программ бичихийг “гялс” сурсан гэдэг. Үр шим нь удалгүй гарч, зураг зурдаг анхны тоглоомоо бүтээжээ. Хүүхэд томчуудыг хийж өгсөн тоглоомоор наадаад зогсохгүй өөрсдөө бүтээж чадна гэдгийг тэрүүхэндээ харуулаад амжсан байна.
1996 онд жаалхүү Atari Basic хэлээ ашиглан бас нэг чухал бүтээл туурвисан нь гэр бүлийн гишүүд хоорондоо харилцах зориулалттай “Zucknet” хэмээх программ байлаа. Одоогийн бидний мэддэг мессенжерийн эгэл хувилбар гэж болох эл программыг аав Эдвард нь ажилдаа дуртайяа ашиглах болсон гэдэг. Түүн дээр ирсэн өвчтөн эхлээд үүдэнд хүлээн авагч нарийн бичигтэй уулздаг. Нарийн бичиг нь өвчтөний талаарх мэдээллийг эмчдээ гялс дамжуулж, энэ нь Эдвардын ажилд ямар нэг байдлаар тус болж байв. Энэ нь хүүдээ итгэх итгэлийг Эдвардад төрүүлсэн учир тэрбээр “дараагийн шатны” арга хэмжээг авч, нэрт эрдэмтэн Дэвид Ньюмантай холбогдоход хүрэв. Нэрт эрдэмтэн долоо хоногийн дараа “Авьяасыг нь зөв тал руу чиглүүлэх” ганцхан даалгавартайгаар жаалхүүтэй уулзсан байдаг. Эдвардын хувьд, хүүдээ олон зүйлээр хөөцөлдөлгүй зөвхөн программ хангамжаа “хөөх” сэдэл өгөх нь хамгийн чухал байсан юм. Үнэхээр ч тэр үед Марк маш олон зүйлд сонирхолтой, бас ч бүгдэд нь хоосонгүй, авьяастай гэгдэхээр сэргэлэн жаал байв. Тиймээс эцэг нь жинхэнэ еврей хүний алсын хараа гаргаж, “олон туулай” зэрэг хөөлгөхөөс болгоомжилсон нь тэр аж.
2. Үнэ цэнээ мэдэр
Хаашаа ч холбироход бэлэн халгиж цалгисан авьяастай хүн гэж байдаг. Энэ их авьяасыг хамгийн боломжтой нэг рүү нь чиглүүлж чадвал амжилтын 50 хувь ирлээ гэсэн үг хэмээн нотолдог хүмүүс бий. Үлдсэн 50 хувь нь аз, нийгмийн байдал, бас мэдээж хэрэг хөдөлмөрч шаргуу чанараас хамааралтай гэж энэ “онолыг” баримтлагчид үздэг юм.
Тэгвэл Марк хүүд тэр тодорхойлолтод багтах авьяас цогцолсон байжээ. Пол Ньюман жаалхүүтэй уулзсан талаар дээр дурьдсан. Тэрхүү уулзалтын талаар нэрт эрдэмтэн сүүлд нь “Миний өмнө маш авьяаслаг жаал зогс байгаа нь ойлгомжтой байсан. Гэхдээ яг ямар авьяастайг нь тодорхойлоход тун хэцүү байв” хэмээн өгүүлсэн нь бий.
Пол Ньюман хүүд программ хангамж бичих чиглэлдээ илүү их амжилт гаргана гэж итгүүлж чадсан учраас “Фейсбүүк” бүтээгдсэн гэдэг нь тодорхой. Гэвч өөр ямар ч чиглэлийг сонгосон байлаа амжилтад хүрэх магадлал өндөр байсан гэдгийг хэлэх ёстой. Тэрбээр программ хангамжийг мэргэжлээ болгон сонгож авсан хэдий ч бусад салбарт оролдлого хийсээр, мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсээр байжээ. Математик, байгалийн шинжлэх ухаан, уран зохиол Маркийн сонирхлыг илүүтэй татдаг байв. Олон сонирхол нь хэл сурах шаардлагыг бий болгож байв, аз болоход түүнд энэ авьяас бас байжээ.
Их сургуульд элсэн суралцахыг хүсэгчдийн анкетдаа тэрбээр франц, еврей, латин, тэр ч байтугай эртний грек хэл эзэмшсэн хэмээн бичиглэсэн нь бий. Ардслигийн ахлах сургуульд суралцах хугацаандаа л энэ бүхнийг амжуулсан байдаг. Түүнийг Гомерын “Илиада” дуурийг хаанаас нь ч хамаагүй эх хэл дээр нь шууд уншиж чаддаг байсныг ангийнхан нь одоо болтол дурсан ярилцдаг аж. Зөвхөн толгойдоо мэдлэг хуримтлуулаад зогсохгүй спортод ч авхаалж самбаагаа сорьж, туялзуур сэлэмний спортоор үеийнхнээсээ илүүрхсэн. Дунд сургуулийнхаа шигшээ багийн ахлагч байсан гэдэг.
Салбар бүрт мэдлэг мэдээлэл олж авахыг чармайдаг ч тэрээр программ хангамждаа илүү их цаг зарцуулж байв. Synapse хэмээх хөгжмийн программ бичсэн нь түүнийг “Майкрософт”, “АОЛ” зэрэг мэдээллийн технологийн “аварга загас”-нуудын хараанд оруулж, Slashdot.org цахим хуудсанд салбарт шинэ авьяастан “мэндэлж” байгааг олон нийтэд танилцуулсан нийтлэл гарав. Дээрх аваргууд М.Цукербэргээс программаа худалдаад зогсохгүй дунд сургуулиа төгссөний дараа шууд ажилд орох санал тавьж байжээ. Б.Гейтсийн компанийн төлөөлөгч Марктай энэ асуудлаар уулзсан ч тэрбээр “Хэрхэхээ бусдаар заалгахгүй” гээд татгалзсан аж.
Салбарын хамгийн том компаниас ажлын санал авч, дунд сургуульд байхдаа программаа өчнөөн өндөр үнэ хүргэж зарах боломжийг олж байсан болохоор түүнийг программист болно гэж гэр бүлийнхэн нь, ялангуяа аав Эдвард нь найдаж байжээ. Гэтэл хүү нь санаанд оромжгүй сонголт хийж, Харвардын их сургуулийн сэтгэлзүйчийн ангид элсэх нь тэр. Яагаад ийм сонголт хийх болсон нь ойлгомжгүй. Лав л ээж нь нөлөөлөөгүй, ямар нэг байдлаар оролцоогүй гэсэн. Гэхдээ энэ сонголт буруудаагүй юм.
3. Сэргэлэн бай
Сэргэлэн зан гэдэг хэнд ч хэрэгтэй. Манай баатар ч гэсэн өндөрлөгт хүрэхдээ жаахан сэргэлэнтсэн байж ч магадгүй.
Марк их сургуульд ороод еврей оюутнуудын “Альфа Ипсилон Пи” хэмээх зөвлөлийн гишүүн болж, үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцох болжээ. Тэрээр энд ажлаа үргэлжлүүлж, оюутнуудын хөдөлмөрийг хөнгөвчилсөн CourseMatch хэмээх программ бичив. Гэхдээ үүний дараа бүтээсэн “Facemash” программ нь түүнийг сургуулийн хэмжээнд жинхэнэ “од” болгосон байдаг. Оюутнууд сүлжээгээр холбогдож, сургуулийн төв серверт байрлуулсан цахим хуудсанд зураг болон бусад мэдээллээ байршуулах боломжийг олгосон “Facemash”-т амралтын хоёр өдөрт л 20 мянган оюутан зочилжээ. Сургуулийн захиргаа даваа гарагийнх нь өглөө цадиггүй оюутныг дуудаж, цахим хуудсаа хаахыг шаардсанаар энэ түүх өндөрлөсөн юм. Гэхдээ л Маркт ашгаа өгсөн.
Оюутнуудын дунд нэр олсон түүнд Дивья Нарендра, ах дүү Тайлер, Камерон Винклвосс нар хандаж, Harvardconnection.com цахим хуудас бүтээх ажилд оролцохыг урив. Тэд цахим хуудсаа дээд зэргийн хурдаар ажиллах оломжоор хангах үүргийг Маркт хариуцуулахыг хүссэн байдаг. Марк саналыг хүлээж авсан ч удалгүй орхиж, дотуур байрны нэг өрөөний анд Дастин Московиц, Эдуардо Саверин нарын хамт Facebook.com хуудсыг бүтээх ажилдаа яаравчлан орсон байдаг. Энэ хуудас амжилт олж, зохион бүтээгчээ баян болгосон гэдгийг бид мэднэ. Гэвч энэ үнэхээр Маркийн санаа байсан эсэхэд эргэлзэх шалтгаан сүүлд гарсан юм.
Хуудас нээгдсэнээс ердөө зургаан хоногийн дараа дээр нэр дурьдагдаад өнгөрсөн ах, дүү Винклвоссууд Маркийг HarvardConnection.com цахим хуудасны эх кодыг хулгайлж, түүн дээрээ “Фэйсбүүк”-ийг бичсэн хэмээн буруутгасан. Тэд мөн хуудасны үндсэн санааг гаргаж, хэрхэн хөгжүүлэхээ хоорондоо ярилцдаг байсан нь одоогийн “нүүр ном” тэр чигээрээ гэж ах, дүүс нотолж байв. Шүүх хэдэн жил сунжирсны эцэст шүүхийн бус аргаар шийдвэрлэгдэхээр болж, Марк ихрүүдэд 20 сая ам.доллар бэлнээр, 45 сая ам.долларыг хувьцаа хэлбэрээр олгохыг зөвшөөрөөд хэргийг хаасан нь энэ явдал үнэн ч байж болохыг баталсан юм. Залуус маш олон санаа гаргаж байсан. Марк харин тэндээс хэрэгтэйг нь цуглуулж аваад бие дааж хийхээр шийдсэн гэсэн зураглал эндээс гарч ирж байна. Өөрөөр хэлбэл, М.Цукерберг илүү сэргэлэн хөдөлжээ (гэвч олон нийт түүнийг бусдын бүтээлийг хулгайлсан мэтээр бичиж, нэр хүнд нь унасны дараа тэрээр дахин шүүхэд хандаж, ялалт байгуулсан байдаг). Хэнээс ч, ямар ч сайхан санаа гарч болно, харин ажил хэрэг болгосон нь л хамгийн эцэст хождог гэсэн гаргалгаа эндээс гарч байгаа юм.
4. Хувийн амьдралдаа ч тооцоотой
Тэрбумтнууд ч гэсэн хувийн амьдрал бий. Марк Цукербергийн хувийн амьдралыг харахад еврей хүний тооцоотой нягт байдлаар, үе шатуудыг 1-2 жилийн зайтай давж байгаа нь ажиглагддаг. Үерхлээ, жирэмсэн боллоо гэрлэлээ, хүүхэд төрлөө гэсэн санамсаргүй шийдвэр түүний амьдралд байхгүй. Олон эхнэр сольсныхоо шанд хоосорсон баячууд бишгүй бий. Харин Маркийн эд хөрөнгө энэ эрсдлээс бол найдвартай хамгаалагдсан.
Тэрээр Харвардад хамт сурч байсан Присцилла Чан гэгч бүсгүйтэй гэрлэсэн. Тэд хоёрдугаар курст байхаасаа бие биеээ таних болсон бөгөөд Марк Цукерберг 2010 онд гэрлэх санал тавьж, 2012 онд гэрлэсэн юм. Харин энэ долоо хоногт эхнэр нь амаржиж, охин төрүүлж өгсөн. Сонирхолтой нь хосууд охиндоо Макс гэсэн эрэгтэй хүний нэр өгчээ. Ер нь Марк их этгээд хүн болох нь гэрлэх ёслолоос нь ч харагддаг. Хуримаа гэртээ хийсэн. Гэрийнх нь үүдэнд цугларсан 100 зочин хурим эхлэн эхэлтэл эхнэрийнх нь эмчийн диплом авсны баярт уригдсан гэж бодож байсан гэдэг.
Марк Цукерберг хөрөнгөө буяны үйлсэд харамгүй хандивладаг нэгэн. Улсын сургуулиудын байр суурийг бэхжүүлэхэд зориулж 100 сая ам.доллар гаргаж байсан бол Цахиуртын хөндийн шинэ компаниудад 500 сая ам.долларыг санхүүжилт хэлбэрээр өгч байжээ.
Тэрбумтан Билл, Мелинда Гейтс, Уоррен Баффет нар 2010 онд хөрөнгөнийхөө талыг буяны үйлсэд хандивлах уриалга гаргахад тэрээр очиж уулзаж байв. Харин нигүүлсэгчдийн клубт нэгдэх шийдвэрээ энэ долоо хоногт зарлаж, бүх хөрөнгөнийхөө 99 хувийг буяны үйлсэд хандивлахаа зарласан билээ.
Эх сурвалж: News.Zindaa.mn