Оросуудыг “хашраахын” тулд АНУ цөмийн шинэ зэвсэг хийж байна
Америкийн Trident пуужин багавтар хүчин чадлын цөмийн шинэ толгойтой болох аж. Түүнийг бүтээх ажлыг Трампын засаг захиргаа хариуцан ажиллах гэнэ. Пентагон сүүлийн найман жилд анх удаагаа улс орны цөмийн бодлогын тоймыг бэлтгэсэн байна.
Энэхүү алхмууд нь АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обамагийн тусгай зөвлөх асан Жон Вульфсталийн үзэж буйгаар, Зүүн Европт зөрчил мөргөлдөөн үүсэх тохиолдолд оросуудыг “хазаарлан барьж” байхад зориулагдаж байгаа бололтой.
Үүний тулд тактикийн цөмийн шинэ толгой бүхий Trident D5 пуужинг усан доороос хөөргөж ашиглах зориулалтаар зохион бүтээх аж. Харин АНУ-ын баримтлах цөмийн бодлогын тойм тайланг энэ нэгдүгээр сард багтаан олны хүртээл болгон нийтлэх юм байна.
Энэхүү бодлогын бичиг баримт дотор АНУ ямар тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэх талаар өргөн хүрээт, шинэ нөхцлүүд тусгагдаж болзошгүй аж. Жишээ нь, эсрэг талын цөмийн бус халдлага ихээхэн хэмжээний хор хохирол учруулах магадлалтай тохиолдолд хариуд нь цөмийн цохилт өгөхөөр төлөвлөгдөж байгаа гэнэ.
Ерөнхийдөө, АНУ-ын цөмийн шинэ бодлого нь Обамагийн үед баримталж байснаас хамаагүй илүү дайнч шинж чанарыг тусгаж байгаа аж.
Эх сурвалж: Breakingnews.mn