Нийгмийн сүлжээ: САЙН УУ? МУУ ЮУ?

2017 оны 11 сарын 12

Зураг

Интернет болон нийгмийн сүлжээнүүд нь хүмүүс хоорондын харилцаа холбооны чухал орчин болж хөгжиж, хувь хүмүүс төдийгүй улс орнуудын засгийн газар, албан байгууллагад хүчтэй нөлөөлж байна.

Өнөөдөр интернет болон нийгмийн сүлжээнүүд нь дэлхий нийтийн мэдээллийн гол сувгууд болсон сонин, сэтгүүл болон телевизийг орлох болжээ. Дэлхийн олон улс орны удирдагчид нийгмийн сүлжээгээр өөрийн байр сууриа илэрхийлдэг болсон. Тэдний нэг бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп юм. Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээнүүдийн нэг болох “Твиттер”-ийн идэвхтэй хэрэглэгч ноён Д.Трамп саяхан “Хэрвээ би нийгмийн сүлжээг ашигладаггүй байсан бол ерөнхийлөгчийн сонгуульд ялахгүй ч байсан байж магадгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд миний хэлсэн үгийг байнга мушгин гуйвуулж, ташаа мэдээлэл тарааж байна. Харин “Твиттер” надад өөрийн үзэл бодлоо ард иргэддээ шууд илэрхийлэх боломжийг олгодог” гэж мэдэгджээ.

Өнөөдөр, нийгмийн сүлжээнүүд таны тухай гэр бүлийнхэн болон найз нөхдөөс чинь ч илүү мэдээлэлтэй байна гэхэд хилсдэхгүй. “Фэйсбүүк”, “Твиттер”, “Амазон” болон мэдээллийн технологийн бусад томоохон компани таны тухай мэдээллийг маш нарийн цуглуулж, дүн шинжилгээ хийж байна. Тэдгээрийн хийсэн дүн шинжилгээ таны олон нууцыг илрүүлэхээр байна. Тухайлбал, хэр их мөнгийг юунд зарцуулж байгааг, таны хобби сонирхол, улс төр ба шашны үзэл, гэр бүлийн байдал ба бэлгийн чиг хандлага зэрэг таны талаарх бүх л мэдээлэл нийгмийн сүлжээний компаниудад байна. Энэ бүхнийг эргүүлээд таны эсрэг хялбархан ашиглаж болно гээд бод доо.

Сүүлийн жилүүдэд Их Британийн Засгийн газрын зүгээс хүн амынхаа дунд нийгмийн сүлжээгээр томоохон тандалт судалгааны ажлыг явуулсан нь нууц биш. Үүний улмаас хувь хүний нууцад халдлаа гэж Их Британийн Засгийн газрын харьяа Харилцаа холбооны зохицуулах хороог олон нийт эрс шүүмжилж байсан юм.

Гэхдээ нийгмийг сүлжээнүүдэд гол хяналт тавигчид нь АНУ-ын “тусгай албаныхан” юм. АНУ-ын Тагнуулын төв газарт /ТТГ/ л гэхэд өдөр бүр нийгмийн сүлжээний хэдэн сая хэрэглэгчид хяналт тавьж, мэдээлэл цуглуулж байдаг “хэдэн зуун албан хаагч” байдаг байна. Тэд нийгмийн сүлжээнүүдээс хэд хэдэн хэлээр мэдээлэл цуглуулж, түүндээ дүн шинжилгээ хийдэг гэнэ.

АНУ-ын ТТГ-ын хэрэгцээнд зориулсан гадаадын иргэдийн утасны яриа болон интернэтээр харилцаж, илгээсэн тоо томшгүй дуу, дүрс бичлэг болон зурвас Америкийн Юта муж улсын Блафдэйл хот дахь Үндэсний дата төвд хадгалагдаж байдаг аж. Энэ нь дэлхийн хамгийн том мэдээллийн сан гэнэ. Тус дата төв 100 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг хамран оршдог бөгөөд одоогоор тус төвийг хөгжүүлэхэд АНУ-ын Засгийн газар 2 тэрбум ам. доллар зарцуулаад байгаа ажээ.

ТТГ-аас гадна АНУ-ын БХЯ буюу Пентагон нийгмийн сүлжээнүүдэд ихээхэн хяналт тавьдаг байна. Пентагоны Батлан хамгаалах салбарын дэвшилтэт технологи судлалын газар нь нийгмийн сүлжээнүүдийг хянаж, хэрэглэгчдийн хандлагыг өөрчлөх тусгай аргууд болоод програм хангамжуудыг боловсруулдаг гэнэ. Энэ газар нь АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд болон дэлхийн бусад улс орны дотоод хэрэгт Орос хөндлөнгөөс оролцож байна гэх мэдээллийг дэлхий даяар тараахад шууд оролцжээ. Үүний цаадах гол зорилго нь олон улсын тавцанд өсөн нэмэгдэж буй Кремлийн нэр хүндийг унагах, дэлхийд АНУ дангаараа ноёрхох гэсэн эрмэлзэл аж.

Зөвхөн ТТГ, Пентагон хүмүүсийг нийгмийн сүлжээнүүдээр дамжуулан тагнадаг юм биш. Америкийн зээлийн түүхийн товчоо болох "Экьюфакс” агентлаг хувь хүмүүсийн зээлийн талаарх мэдээллийг цуглуулдаг байна. Тус агентлаг нь "мэдээж" иргэдийн зөвшөөрөлгүйгээр нийгмийн сүлжээгээр дамжуулан хувийн мэдээллийг нь цуглуулж, үүнийгээ хүмүүст хүүтэй мөнгө зээлүүлэх хүсэлтэй компаниудад худалддаг байна. Ийм учраас Америкийн 146 сая иргэний /АНУ-ын хүн амын бараг тэн хагасынх нь/ нийгмийн сүлжээний нэвтрэх үг болон хувийн мэдээлэл өнөөдөр хакерчдын гарт ороод байгаа аж.

Америкчууд ард иргэдээ нийгмийн сүлжээнийх нь хаягаар төдийгүй гар утсыг нь хүртэл тандаж чагнадаг болохыг “Викиликс” цахим хуудас нийтэд дэлгэж байсан билээ. Өнөөдөр АНУ-ын нутаг дэвсгэр рүү нэвтрэхийн тулд хүмүүс нийгмийн сүлжээний хаягаа дэлгэх шаардлагатай болоод байна.

Интернетийг үүсгэн байгуулагчдын нэг Луи Пузин интернет ба нийгмийн сүлжээний өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан саяхан мэдэгдэл хийхдээ “АНУ интернетийн бүх механизмыг хэдийнээ хяналтдаа авч, өөрийн үйлчилгээг дэлхий дахинд санал болгож байна” гэсэн юм гэж Москва хотод төвтэй “Нью Истерн Аутлук” цахим сэтгүүлд судлаач Владимир Платов бичжээ.

Эх сурвалж: Montsame.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
49484
0 эможи
keyboard_arrow_up