Мадонна дахиад кино хийнэ
Дуучин Мадонна хэсэг хугацаанд тайзан дээр гарахгүй амарч, найруулагчийн суудалд дахин суухаар шийджээ. Тэрбээр зохиолч Ребекка Уокерын “Адэ: Хайр дурлалын түүх” романаас сэдэвлэн кино бүтээхээр болов.
Уг киноны продюссерээр Брюс Коэн ажиллах аж. Энэ хүн “Америк гоо үзэсгэлэн”, “Том загас” зэрэг кинонуудыг продюссерлэсэн билээ. Уг зохиол зохиогчийн туршлага болон сэтгэл санааны тавгүй байдал дээр үндэслэсэн юм.
Кинонд Америкийн нэгэн коллежийн оюутан охин Кени Улсад Адэ нэртэй нутгийн суахили омгийн хөвгүүнд дурлаж байгаа түүх гардаг. Тэд хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлэх бөгөөд нэг л өдөр гэрлэхээр шийддэг. Харамсалтай нь, тэдний төлөвлөгөө биелэхгүй. Учир нь, тэдний харьцаанд тус улсад өрнөх Иргэний дайн саад болдог.
Өдгөө 55 настай дуучин эмэгтэй шинэ төслөө санхүүжүүлж, зохиолыг нь бичих хүмүүсийг идэвхитэй хайж байгаа аж. Ингэснээр Мадонна гурав дахь киногоо хийх юм.