Манай гаригийн устгах ёстой хотууд
Хазарибагх, Бангладеш.
Бангладеш улсад бүх төрлийн хувцас оёдог үйлдвэрүүдээс гадна хэдэн зуун арьс боловсруулах үйлдвэр байдаг. Тэдгээрийн 90 хувь Хазарибагх хотод төвлөрдөг.
Эдгээр үйлдвэрт арьс боловсруулахад зургаан валентын хромын уусмал ашигладаг. Хот дундуур урсах гол руу өдөр бүр 22 мянган литр хромын уусмал урсаж ордог. Уг бодис хорт хавдар үүсгэх аюултай. Мөн арьсны үйлдвэрүүд өдөр болгон уул овоо мэт хаягдал шатаадаг нь бүр ч нэрмээс болдог.
Норильск. ОХУ.
Норильск бол өнгөт металл үйлдвэрлэлийн хамгийн том газруудын нэг. Тэгээд бас хамгийн бохир. Жил болгон 500 тонн зэс, никелийн исэл, мөн хоёр сая тонн хүхрийн давхар ислийг агаарт цацдаг. Хүхрийн давхар исэл гэж чухам юу болохыг мэдэхгүй хүнд ч гэсэн агаарт байх ёсгүй гэдэг нь ойлгомжтой.
Хөрс, усны аймшигтай бохирдол, ургамлын зүйлийн мөхөл нь эмгэнэлтэй үр дагавар авчирчээ. Норильск хотын оршин суугчид ОХУ-ын бусад бүсийн оршин суугчдаас даруй 10 жилээр богино насалдаг.
Аккра
Аккра, Гана
Бид өдөр тутам электрон барааг ашигладаг ч эвдэрсэн, хуучирсан телевизор, гар утас зэрэг нь хаана очдог талаар боддоггүй. Дэлхийн олон хотын хогийн цэгээс дээрх хаягдал электрон хэрэгслүүдийг Африк руу, тодруулбал Гана улсын нийслэл Аккра руу илгээдэг . Тэнд электрон хог хаягдлын бүхэл бүтэн хот байдаг.
Гана улс жил бүр 215 мянган тонн электрон хог хаягдлыг голдуу Баруун Европоос импортолдог. Дээрээс нь өөрийнх нь 129 мянган тонн нэмэгдэнэ. Хаяглын заримыг үйлдвэрүүдэд хүргэж засч янзална. Гэхдээ хуванцар, эрүүл мэндэд хортой металл гэх мэт хогны ихэнх хэсгийг шатаадаг.
Бээжин. Хятад.
Өнгөрсөн онд Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийслэл хотоо бохирдлынх нь хэмжээгээр хоёрдугаарт байрт оруулжээ (нэгдүгээр байранд Ляньчжоу). Харин Greenpeace олон улсын байгууллагын Хятад дах салбар 13 дугаар байрт оруулав. Гэхдээ ямар байрт орох нь чухал бус. Бохир байгаа нь үнэн.
Бээжин хэр үзэсгэлэнтэйг хэлэхэд хэцүү. Хотын дээгүүр татсан утаан хөшиг Хятадын нийслэлийн хотын дүр төрхийг илтгэх болоод удаж байна. Цэнхэр тэнгэр, хурц нар Бээжин хотод маш ховор.
Кабве, Замбия
Кабве хот нийслэл Лусакагаас 150 км зайд оршдог Замбын хоёр дахь том хот юм. 20 дугаар зууны эхэнд хотын ойролцоо тугалганы орд газар нээжээ. Орон нутаг хөгжих таатай нөхцөл бүрдэж олборлогч компаниуд 90 жилийн турш зогсоо зайгүй ажиллажээ. Гэвч энэ хугацаанд олон квадрат км газрын агаар, хөрс, усыг бохирдуулав. Үр дүнд нь хотын оршин суугчдын цусанд агуулагдах тугалгын хэмжээ ердийнхөөс 10 дахин их болов.
Египет. Кайр.
Кайр нь агаарын бохирдлоор дэлхийн хамгийн аюултай хотуудын тоонд ордог. Кайрын дэргэдэх Мукаттам уулын хормойд амьдардаг ядуучуудын хорооллыг “Хогчдын хот” гэж нэрлэдэг. Тэд хогийг гараар түүж, сортолж, ашиглаж, дахин боловсруулалтад өгдөг.
Дутуу барьсан дээвэртэй, хоёр, гурван давхар байшингийн нэгдүгээр давхарт хог ялгах, боох том талбайтай. Харин дээд давхарт хүмүүс амьдарна. Бүх гудамж, шатны хашлага, тэр байтугай дээвэр нь хүртэл хогонд дараастай. Энд тэндгүй өмхий ханхална. Хуванцар хогнуудыг ил шатаана. Эмэгтэйчүүд, хүүхдүүд хогийг ялгаж, эрчүүд нь ачиж тээвэрлэнэ.
Хогтой зэрэгцүүлэн жимс зарна, гамбир хайрна, дэлгүүр, кафе ажиллуулна, тамхи татна, хүүхэд төрүүлнэ ... Хүүхдүүд хогон дунд тоглоно. Ийм л маягаар үеэс үе дамжин аж төрнө.
Энэтхэг. Нью-Дели.
Энэтхэгийн нийслэл Нью-Дели бохирдлоороо Энэтхэгдээ есдүгээр байр, дэлхийд 53-т ордог. Яагаад ийм байдаг нь ч ойлгомжтой. Автомашины тоо бусад том хотуудаас илүү бөгөөд 8,1 саяд хүрчээ.
Бохирын шугамын хаягдлыг ямар ч цэвэрлэгээгүй Джамну хэмээх гол руу цутгадаг. Захын хорооллын оршин суугчид хогоо ил шатаана. Хүн амын тал нь хортой нөхцөлд амьдардаг. Харвардын Их сургуулийн хийсэн судалгаагаар Делид таван хүн тутмын хоёр нь амьсгалын замын өвчтэй.