Эмма Уотсон: Хүүхэд төрүүлнэ гэдэг зөвхөн эмэгтэй хүний л хийж чадах зүйл
“Харри Поттер”-ын буржгар үстэй адтай охины дүрээр олонд танигдсан Их Британийн нүүр царай болсон залуу жүжигчин Эмма Уотсон багаасаа кино урлагт хөл тавьж, одоо ч амжилттай гялалзаж яваа уран бүтээлч билээ.
Тэрбээр 1990 оны дөрөвдүгээр сарын 15-нд Францын Парис хотноо төрсөн бөгөөд 2001 оноос эхлэн “Харри Поттер” цуврал кинонд тоглож алдар хүндийн эхлэлээ тавьсан гэдэг. Энэхүү киноноос хойшхи түүний гол дүрд нь тоглосон анхны бүрэн хэмжээний кино болох “Ноа” киноныхоо талаар дэлгэсэн ярилцлагыг энэ удаагийн дугаараараа уншигч та бүхэндээ орчуулан хүргэж байна.
-Маш том завь хийж, гэр бүл хийгээд дэлхий дээрх амьд амьтдыг авардаг “Ноа”-гийн түүхийг өмнө нь мэддэг байсан гэдэгт итгэлтэй байна. Анх кино зохиолыг унших мөчид ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Найруулагч Даррен Аронофски энэ киног найруулсан. Библи дээр 2-3 хуудас байдаг товчхон түүхийг ийм том кино зохиол болтол нь өргөжүүлэн найруулж чадсан. Үйл явдал, дүр дүрслэлүүдийг уншихад агуулгын хувьд яг бодитой болоод өнгөрсөн түүх мэт болгож, Библийн сургаалийг маш зөв ойлгомжтойгоор дүрсэлсэн юм шиг санагдсан. Эх хувиас нь жаахан өөрчлөгдсөн юм шиг байгаа юм.
-Киног үзэж байхад та шинэ газарт хүрэхийн тулд олон бэрхшээлтэй тулгарч байсан. Ийм дүрийг бүтээхэд хэцүү байв уу?
-Тийм шүү. Мэдээж, би чинь хүүхэд төрүүлж, ээж болж үзээгүй хүн шүү дээ. Тэгсэн хэрнээ ийм хэсэгт тоглоход надад маш их бэрхшээл тулгарсан. Тэгээд YouTube-д тавигдсан хүүхэд төрүүлэхтэй холбоотой бичлэг, баримтат кинонуудыг үзэж, маш их ном уншсан. Харин ингэсний хүчинд өөрийнхөө дотоод ертөнц дэх эмэгтэйлэг чанараа олж авсан. Жирэмсэлж, хүүхэд төрүүлнэ гэдэг бол зөвхөн эмэгтэй хүний л хийж чадах зүйл. Бүхэл бүтэн нэг хүнийг хорвоо дээр төрүүлнэ гэдэг маш их аз завшаан юм шиг санагддаг.
-Энэ дүрд тоглохын тулд шалгаруулалтад орж тэнцсэн гэж сонссон. Өөр шиг чинь чадвартай, олонд танигдсан хүний хувьд шалгаруулалтад оролцоход ямар мэдрэмж төрсөн бэ?
-Энэ дүрд тоглоё гэж үнэхээр их хүссэн болохоор өөрийгөө бүрэн дайчлах бодолтой байсан юм. Миний өмнө нь оролцож байсан шалгаруулалт дундаас хамгийн их чадвар шаардсан нь энэ удаагийн шалгаруулалт байсан байх аа. Найруулагч маань ч гэсэн олны танил хүнийг биш, зөвхөн Ира гэх бүсгүйн дүрийг гаргаж чадах хүнийг л хайж байсан болохоор.
Би өнөөдрийг хүртэл тоглож байсан дүрүүдээсээ тэс өөр дүрд тоглохоор сонгогдсон. Энэ завшааныг ашиглаад найруулагчдаа надад итгэл хүлээлгэсэнд нь талархал илэрхийлмээр байна. Дүрийн шалгаруулалтад ороод тэнцэх тэр мөчид өөрийнхөө чадвараар ялсан мэт сэтгэгдэл төрсөн. Ялангуяа, “Харри Поттер” киногоороо олонд танигдсан гэдгээрээ бус өөрийн чадвараараа сонгогдсон болохоор миний хувьд энэ хамгийн сайхан мэдээ байсан юм.
-Энэ удаагийн бүтээл таны хувьд “Харри Поттер”-ын сүүлийн ангиас хойшхи анхны бүрэн хэмжээний кино шүү дээ. Арга барилын хувьд ялгаа байна уу?
-Би өөрийгөө хийл, морин хийл зэрэг хөгжмийн зэмсэг тоглох нум гэж төсөөлбөл тэрхүү зэмсэгт нэг чавхдас нэмэгдсэн юм шиг санагдаж байсан гэж хэлж болно. Үнэнийг хэлэхэд хэдийгээр шалгаруулалтад тэнцсэн ч, би залуухан, туршлага дутмаг байгаа болохоор бага багаар л сурч байна. Тиймээс кинонд тоглох бүрт нэг шинэ зүйлийг сурч байгаа юм шиг санагддаг юм. Бусад найруулагчид ч гэсэн энэ бүтээлийг үзээд “Эмма ийм дүрийг ч сайн бүтээж чадаж байна” гэж бодогдуулахын тулд өөрийн чадвараа нэг шатаар ахиулсан гэж хэлж болно.
-“Харри Поттер” кинонд тоглож байхдаа өөрийгөө одоогийнх шиг алдартай жүжигчин болно гэж төсөөлж байв уу?
-“Харри Поттер” кинонд тоглож байх үед би хүүхэд байсан болохоор өөрийнхөө том болох үеийг гүн гүнзгий төсөөлөн бодож байгаагүй. Тийм болохоор тэр үед би “Ямар жүжигчин больё гэж бодож байсан” гэх ч юм уу, “Юу хүлээж байсан” зэргийн талаар ярихад бэрх. Гэхдээ “Харри Поттер” кинонд арван жилийн хугацаанд тоглоод хамгийн сүүлийн төгсгөлийн ангид тоглох үед “Жүжигчин больё” гэх бодол төрсөн. Тэр үед хэдийгээр би өөрийгөө жүжигчин болсон байгаагаар төсөөлж, мөрөөдөж байсан ч эргэн тойрныхон маань миний сонголтыг хэрхэн хүлээж авах нь асуудал болон хувирсан даа.
Тиймээс “Харри Поттер”-оос гадна өөр кинонд ч гэсэн чадвараа харуулж, нотлох хүртлээ “Жүжигчин болно” гэж ойр тойрныхондоо хэлэх хэрэггүй юм байна гэдгийг сайн мэдэж байсан.
-10 жилийн дараах Эмма Уотсоныг ямар байна гэж төсөөлдөг вэ?
-Би өөрийнхөө хүндэлдэг биширдэг найруулагчид, кино багийнхантайгаа одоо хийж буй ажлаа үргэлжүүлэн хийж байгаасай л гэж хүсч байна.