Нанжин хотын уг барилгын зургийг гаргахдаа чавганы модны цэцгээс санаа авсан гэв
БНХАУ-ын Нанжин хотод баригдахөөр төлөвлөгдөөд буй төмөр замын өртөөний зураг төсөл Хятадын иргэдийн анхаарлын төвд ороод байна. Учир нь уг барилгын зураг төсөл ихээхэн өвөрмөц хэлбэртэй бөгөөд үүнд хүмүүс шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
Эрх баригчид өртөөний барилгын хэлбэрийг тус хотын бэлгэдэл болдог чавганы модны цэцгээс санаа авсан гэж тайлбарлаж байгаа ч иргэдийн нүдэнд эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг санагдуулам дүр зурагтай байна гэцгээж байгаа аж.
“Энэ бол аварга том ариун цэврийн хэрэглэл байна. Үүнийг чавганы цэцэгтэй адилхан гэж хэлэхээсээ ичээсэй” гэж Вэйбо сүлжээнд нэг хэрэглэгч бичсэн нь олон хандалт аваад байна.
“Яагаад архитектороос нь бусад бүх хүнд шууд ариун цэврийн хэрэглэл шиг харагдаад байгаа юм бол?” гэж бас нэг хэрэглэгч хошигножээ.
Нанжин хотын Өдрийн Сонины мэдээлснээр өртөөний зураг төслийг Жянсү мужийн захиргаа, Хятадын Төмөр Зам Группийн удирдлага урьдчилсан байдлаар дэмжээд байгаа аж.
Өртөөний барилгын ажил 2024 оны эхний хагаст багтан эхлэх бөгөөд 20 тэрбум юан буюу 2.7 тэрбум ам.долларын төсөвтэй юм.