Өчигдөр 65 мянган ам.долларын үнэтэй алтан аяга хулгайлагджээ
Энэ долоо хоногийн Пүрэв гарагт Токиогийн Такашимаяа их дэлгүүрээс 10 сая иен буюу 65 мянган ам.долларын үнэтэй цул алтан аяга аяга хулгайлагджээ.
Хулгайн гэмт хэрэг гарсан тус өдөр нийтэд мянга гаруй цайны хэрэгсэл, аяга таваг, эд өлгийн зүйлсийг худалдаалахаар гаргаад байсан аж. Эдгээрээс хамгийн өндөр үнэтэй энэхүү алдагдсан 24 каратын цул алтан цайны аяга байжээ.
Японы хэвлэлүүдийн мэдээлж буйгаар хяналтын камерт уг аягыг нэгэн эрэгтэй хоргоноос нь гарган авч цүнхлээд зугтааж байгаа дүрс бичигдсэн байна. Энэ хэргийн мөрөөр цагдаа нар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа юм.
Хэдийгээр ийм төрлийн хулгайн гэмт хэрэг гарсан ч Такашимаяа дэлгүүр харуул хамгаалалтаа сайжруулан худалдааны үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаагаа мэдэгдсэн байна.
Такашимаяа дэлгүүртэй холбоотой өнгөрсөн онд гарсан дуулиан бас бий. Өнгөрсөн оны сүүлээр тус дэлгүүр 40 ам.долларын үнэ бүхий баярын ширээний гүзээлзгэнэтэй бялууны захиалгаа онлайнаар авч, хүргэлтийн явцад хэлбэрийг нь алдагдуулсан хэмээн үйлчлүүлэгч нараасаа гомдол аван төлбөрийг нь буцаан олгож байсан юм.