Вавилоны хамгийн БАЯН ХҮН танд ингэж ЗӨВЛӨХ байсан
Энэ зуун хүртэлх хугацаанд Вавилон хэмээх эзэнт гүрний агуу бүтээн байгуулалт элсэн далайн дунд бүртийх зүйлгүй ууршин одсон ч эртний домогт түүх нь салхины хээтэй хамт эцэс төгсгөлгүй үргэлжилсээр…
Христийн тооллоос өмнөх XVIII-VI зуунд хамаарах энэхүү бие даасан хот улс одоогийн Иракийн газар нутагт оршин тогтнож байж. Гол мөрөн, үр шим сайтай хөрс гэсэн хоёрхон төрлийн байгалийн баялагтай байсан хэр нь дэлхий дээрх хамгийн тансаг орд харш, бийлэг чинээгээрээ бүхнээс дээгүүрт орох баячуудаар энэ хот түүхэн цаг хугацаандаа шагшигдан үлджээ.
Вавилончууд хэрхэн ийн түнтгэр хэтэвчээр гангарч чадсан нууцыг ойлгохыг хүсвэл, ер нь л мөнгө ямар дүрмээр ажилладгийг ойлгохыг хүсвэл 1926 онд хэвлэгдсэн “Вавилоны хамгийн баян хүн” /The Richest Man In Babylon/ номыг уншихыг эдийн засагчид санал болгодог юм билээ. Номын зохиолч Жорж Самуэл Клэйсон /George Samuel Clason/ 1874 оны арваннэгдүгээр сарын 7-нд АНУ-ын Луизана мужид төржээ. Тэрээр эртний вавилончуудын зарчмуудыг судалж, эдгээрээс санхүүгийн сахилга бат болоод ариг гамтай амьдралын арга ухааных нь талаар тайлж бичсэн нь дэлхий дахинд хамгийн эрэлттэй ном хэвээр байгаа юм. Энэ номоос уншигч танд хэрэгтэй байж мэдэх чухал мессежүүдээс товчлон хүргэж байна.
Эхний хичээл: Та мөнгөтэй болсныхоо дараа юу боддог вэ?
Энэ бол номын хамгийн чухал хэсэг юм. Морьт сүйх тэрэг насаараа урласан Баншир хэмээх эр амьдралынхаа ихэнхийг халуун наранд шатаж, мод сийлж өнгөрүүлсэн ч хэтэвч нимгэн хэвээр. Эндээс л тэрээр бусад хүн баяжаад, харин өөрөө гар хоосон хэвээр байгаагийнхаа хариултыг хайж эхэлнэ. Түүний асуултын эхний хариулт нь Вавилоны хамгийн баян хүн болох Аркадын зөвлөмжөөс улбаалан ирдэг.
Хэн нэг нь баяжихын тулд юун түрүүнд хэр их хэмжээний мөнгө олж байгаагаасаа бус түүнийг хэрхэн захиран зарцуулж буйгаа ойлгох хэрэгтэй аж. Жишээ нь, Аркад бага залуугаасаа баяжих ухаанд суралцсан нь түүний эргэн тойрныхон болоод найз нөхдийнх нь анхаарлыг татсаар уджээ.
Хүмүүс цалин нь буухад, эсвэл гэнэт их хэмжээний мөнгө өвлөн авах, шагнал урамшуулал хүртсэнийхээ дараа хамгийн түрүүнд юунд үрэх вэ гэж боддог нь нууц биш. Аркадын найзуудын хувьд энэ тохиолдолд шинэ байшин бариулах, сүм дугана босгох, тэр бүү хэл бурханд зориулан шинэ барилга бариулах эсвэл гадаад улс орноор зорчих шийдлүүдийг шууд л шүүрч аваад хэрэгжүүлж орхино. Нэг ёсондоо олдсон мөнгөө “царцаах” аргыг тэд хамгийн түрүүнд сонгодог байлаа. Харин Аркадын хувьд тэс ондоо аргыг сонгодог байжээ.
Хоёр дахь хичээл: Шунал ба мөнгөний харилцааг ойлгох нь
Энэ бол “Вавилоны хамгийн баян хүн”-ий танд өгөх хамгийн чухал зөвлөгөө байх болов уу. Та цалингаа авсныхаа дараа өр зээлээ төлөх, шинэ тавилга авах, чамин цүнх худалдан авах талаар бодож байгаа бол энэ тухайгаа түр хойш тавьсан нь дээр. Яагаад гэвэл та мөнгөө “хөлдөөх” гэж байна. Шинэ цүнх үүрээд явахад сайхан ч цүнх танд мөнгө олж өгөх нь юу л бол.
Та хэчнээн ч ихийг үрсэн үргэлж өсч байдаг мөнгөтэй баймаар байгаа биз дээ. Тийм бол шунал ба мөнгөний харьцааг маш сайн ойлгох хэрэгтэй болно. Жишээ нь, цалингийнхаа хэрээр зардал гаргаад байгаа бол та хэзээ ч баяжиж чадахгүй. Та сард нэг сая төгрөгийн цалин авдаг боловч зарлага чинь нэг сая бол танд юу ч үлдэхгүй. Энэ бол таны шунал таны мөнгийг “идэж” буйн илрэл. Таны зарлага ямагт орлогоос чинь бага байх ёстой. Тухайн зарлагыг орлуулна уу, хэмнэнэ үү энэ таны хэрэг.
Гурав дахь хичээл: Таны мөнгө үргэлж үржиж, өсөх ёстой
Та мөнгөтэй болсныхоо дараа юу хийхээ шийдэх, үүний дараа шунал ба мөнгөний харьцааг багахан гадарладаг болчихвол та санхүүгээ удирдахад илүү амар болно. Үүний дараа ойлгох ёстой сүүлийн чухал зүйл бол таны мөнгө үржих ёстой. Таны мөнгө малчны хотон дахь хонин сүрэг шиг л өсөх учиртай. Малчин мах, сүү, саалиар тасардаггүй хэр нь сүргийнх нь тоо цөөрдөггүй, харин ч өссөн хэвээр байдаг.
Яг л үүн шиг таны мөнгө бол таны “хонин сүрэг”. Малчин хүн хонин сүргээ хэрхэн арчилж, төллөх цагаар нь хөлсөө дуслуулан хөдөлмөрлөдөг шиг л та мөнгөө үржүүлэх ёстой.
Жишээ нь, та мөнгөө хадгалж болох юм. Гэхдээ банкинд таны мөнгө маш удаанаар бас бага хүүгээр, татварт суутгагдан “царцах” болно. Тэгэхээр энэ тийм ч оновчтой сонголт биш болов уу.
Үүний оронд та бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийх замыг сонгож болох юм. Хамгийн эрэлттэй үйлдвэр, бүтээгдэхүүний хувь эзэмших, эрэлттэй хувьцаа худалдан авах, тасралтгүй дээш цойлж байдаг графикаар хэмжигдэх мөнгөний эргэлтэд мөнгөө байршуулах нь танд хэтэвч нимгэрэх зовлонгүй амьдрахад туслах аж.
Мөнгө бол бодитой зүйл биш. Энэ бол санаа. Санаа бол мөнгө. Харин зөв санаагаа сонгож, баячуудын бийлэгжүү амьдралыг сонгож яагаад болохгүй гэж.
Ж.Цог
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин