ОХУ-ын ТЭРБУМТАН эмэгтэй Татьяна Бакальчук гэж хэн бэ
Америкийн алдарт “Форбес” сэтгүүл Оросын онлайн худалдааны “Вайлдберрис” сайтыг үүсгэн байгуулагч Татьяна Бакальчукийг энэ онд тэрбумтнуудын жагсаалтын тэргүүн байрт оруулжээ.
Оросын иргэн Бакальчук нь өнгөрөгч хоёрдугаар сард “Форбес”-оос гаргадаг жагсаалтад Оросын долларын хоёр дахь тэрбумтан эмэгтэй болсон билээ.
Англи хэлний багш байсан, дөрвөн хүүхдийн ээж түүний хөрөнгө 1.2 тэрбум ам.долларт хүрсэн аж.
Татьяна солонгос хүн ч Москвагийн ойролцоо төрж, өссөн. Газопровод тосгонд дунд сургуулиа төгсөөд Москвагийн Нийгэм, хүмүүнлэгийн их сургуульд элсжээ. Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн тэрбээр хэсэг хугацаанд хувийн багшаар ажиллаж байв. 2004 онд анхны хүүхдээ төрүүлээд хэдхэн сарын дараа тэр ажилдаа эргэн орж байлаа.
Харин Татьяанагийн нөхрийн талаар мэдээлэл хомс. Ямар ч гэсэн радиофизикч мэргэжилтэй. Тэд 15 жил хамт амьдарч, 4 хүүхэдтэй болсон. Бизнест эхнэр нөхөр хоёр ажил үүргээ тодорхой хуваарилан авсан.
Бакальчукийг цахим худалдааны салбарт оруулсан гавьяа зүтгэлээр нь ийнхүү жагсаалтын тэргүүн байрт багтаажээ.
Татьяана нь 2004 онд “Вайлдберрис” интернэт дэлгүүрээ нээж, Орос, Белорусь, Казахстан, Армен, Киргизээс үйлчлүүлэгчдээ татсан юм.
“Вайлдберрис” сайт нь тоглоом, спорт болон хүүхдийн тэжээл, цахилгаан бараа, ном зэрэг төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг. Өнгөрөгч 2018 онд компанийн ашиг 1.9 тэрбум ам.долларт хүрчээ.
Амжилт олсон нууцаа баг, хамт олныг удирдах чадвар, худалдан авагчдын хэрэгцээг мэдрэх увдис гэж хэлсэн байна.
“СПАРК” порталын мэдээлж байгаагаар Бакальчук нь “Вайлдберрис”-ийн цорын ганц эзэмшигч нь юм байна.