Тэрбумтнууд: Таны 1 ам.доллар Ж.Безосын 88 мянган доллартай тэнцдэгийг мэдэх үү?
Манай гаригийн хамгийн баян хүн, “Amazon.com”-ын эзэн Жефф Безос (Jeff Bezos)-ын хувьд дундаж амьдралтай хүний үрж буй нэг ам.долларын үнэ цэн 88 мянган ам.доллар үрж байгаатай ялгаагүй санагддаг тухай “Business Inseder” онцолжээ. Тэгвэл тэрбумтнууд мөнгийг яаж үрдэг вэ, тэд мөнгөө үрэхдээ юу боддог тухай сонирхолтой сэдвийг хөндөж байна. Түүний хөрөнгө өдгөө 111.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа билээ.
Дэлхийн хамгийн баян хүн боловч түүний хувьд 111 тэрбум ам.доллараа зарцуулах тухай сэдэв нь мөнгөнөөс ч илүү чухалд тооцогдох билээ. “Business Inseder”-ийн ерөнхий эрхлэгч Элисон Шонтеллтэй хийсэн уулзалтынхаа үеэр Жефф Безос санхүүгийн аливаа асуудал нь бодсоноос огт өөр байдаг гэдгийг онцолсон байна. “Amazon.com”-ыг үндэслэгч тэрээр 2017 онд өдөрт дунджаар 107 сая ам.доллар олж байсан нь жирийн хүмүүсийн хувьд ойлгоход бэрх зүйл юм. “Чи хэзээ ч оройн хоолоо хоёр удаа идэх тухай бодохгүй, тийм ч боломж байхгүй шүү дээ” гэж Жефф хэлжээ.
“Business Inseder”-ийн тооцооллоор дундаж хэмжээний орлоготой хүний үрж буй нэг ам.доллар нь хоёр тэрбум ам.долларын хөрөнгөтэй хүний хувьд 1355 ам.доллартай тэнцдэг байна. Тэгвэл Безосын хөрөнгө үүнээс 65 дахин их учир, нэг ам.доллар үрж буй дундаж өрхийн зарлага түүний хувьд 88 мянган ам.доллартай тэнцэх нь.
Иймд Безос хөрөнгөө дахин үржих зүйлд л зарцуулахаас аргагүйд хүрдэг нь мэдээж юм. Угаасаа ч түүний амьдралын зарчим нь энэ гэж тэр тайлбарлаж байна. Жил бүр Безос “Amazon” компанийнхаа хувьцааны зах зээлд нэг тэрбум ам.доллар оруулж, “Blue Origin” хэмээх сансрын аяллын компаниа санхүүжүүлэхээр ажилладаг байна.
“Би маш азтай хүн. Яагаад гэвэл би “Blue Origin” компаниараа дамжуулан хүн төрөлхтөнийг удаан хугацаанд оршин суух сансрын аялалд хөтлөх эхлэлд оролцож байна” гэж Безос хэлжээ.
Ж.Цогзолмаа
Эх сурвалж: www.polit.mn