Дубай хотод дотроо ширэнгэн ОЙТОЙ дэлхийн анхны ЗОЧИД БУУДЛЫГ барьж байна
Rosemont Hotel and Residences цогцолбор зочид буудал нь 185,806 мкв талбайг бүрхэх амралтын газар, хиймэл далайн эрэг, шилэн усан сан, усан хүрхрээ болон ширэнгэн ойгоос бүрдэх ажээ.
ZAS Architects компани энэхүү 47 давхар, 280 орон сууц бүхий хос хоёр цамхгийн зураг төслийг гаргасан бөгөөд, 1.7 га ширэнгэн ой болон бусад бүх амралт, цэнгээний газрууд нь хоёр цамхгийн “индэр”-т байрлах гэнэ.
550 сая долларын өртөг бүхий тансаг зэрэглэлийн энэхүү төслийг дэлхийд хосгүй архитектурын дизайн, хиймэл арлуудаараа алдаршсан Дубай хот санхүүжүүлэхэд эргэлзэх зүйлгүй юм.Зочид буудалд хүрэлцэн ирэх мөч нь хаана ч байхгүй нэгэн шинэ мэдрэмжээр эхлэх юм. Төслийн зураг дээр харагдаж байгаачлан, буудлын үүдэнд машин зогсох талбай нь агшин зуурт ширэнгэн ойгоос аварга том усан сан болж хувирах чадалтай 3D тусгалтай дүрсүүдийг агуулжээ.
Хүлээн авах үүдний танхимд байх зочдод тээш зөөгч роботууд үйлчилнэ. Задгай талбайн боулинг, трамполин парк, лазер тоглоомын талбайд гэр бүлээрээ цагийг хөгжилдөн өнгөрүүлэх боломжтой. Уг зочид буудал нь Hilton Worldwide компанийн Курио брэндийн нэр дор үйл ажиллагаагаа явуулах юм.
Хоёр цамхгийн таван давхарт өндөрт орших “индэр”-т зочид буудлын үндсэн чимэг бий. Усан хүрхрээ, горхи, ширэнгэн ойн уур амьсгалыг бүрдүүлэх борооны мэдрэгч системтэй 1.7 га амьд байгаль мэт ширэнгэн ой энд байрлана.
Үүгээр ч зогсохгүй, эртний Юрийн галаваас сэдэвлэсэн намаг, ус цацруулдаг цөөрөм, элсгүй далайн эрэг, ширэнгэн ойн кафе бий. Энэ бүх байгалийн үзэмж нь хүний гараар бүтсэн бишрэм бүтээлүүд байх юм.
Зочид буудлын санал болгох зүйлс ширэнгэн ойгоор хязгаарлагдахгүй бөгөөд 25 давхрын өндөрт задгай шилэн усан сан байх ба, эндээс хотыг тольдон усанд алжаалаа тайлах боломжтой.
Усан сангийн шилэн ёроолыг тэнгэрийн одод шиг гэрлээр чимэглэсэн бөгөөд, хажууд нь дээд зэрэглэлийн спа, эрүүл мэндийн төв оршино
Эх сурвалж: info.ncd.mn
|