Азийн орнуудын хөдөлмөрийн хөлсний хэмжээ “Их 20“-ийн орнуудаас 10 дахин өсжээ
Өнгөрсөн онд Ази тивийн орнуудын хөдөлмөрийн хөлсний хэмжээ 3.5 хувиар өссөн нь “Их 20”-ийн гишүүн, эдийн засгаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын цалин, хөлсний өсөлтөөс 10 дахин илүү байгаа талаар “Asia.nikkei” онцолжээ.
Харин “Их 20”-ийн гишүүн орнууд цалин хөлсний хэмжээгээ өнгөрсөн онд 0.4 орчим хувиар нэмжээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлж буйгаар Азийн Индонез, Энэтхэг тэргүүтэй орнууд өнгөрсөн 20 жилийн хугацаанд цалингийн доод хэмжээгээ гурав дахин өсгөсөн бол Өмнөд Солонгос өнгөрсөн 2008 оноос хойш 15 орчим хувиар нэмсэн байна.
Хэдийгээр Ази тивийн орнуудын хөдөлмөрийн хөлсний хэмжээ сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж буй ч нийт сарын орлогоор нь Европын өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад харьцангуй бага юм. Тухайлбал, “Их 20”-ийн гишүүн орнуудын сарын дундаж цалин 3,250 ам.доллар байгаа бол Азийн хөгжиж буй орнуудын сарын дундаж цалин нь 1,550 ам.доллартай тэнцэж байна.
Өнгөрсөн жил АНУ-д цалин хөлс нэг орчим хувиар өссөн. Гэхдээ тус улсын ажилгүйдлийн түвшин ердөө 3.8 хувьтай байгаа юм. Харин Ази тивийн хувьд хөдөлмөрийн хөлсний хэмжээ хурдацтайгаар өсөж буй ч ажилгүйдлийн түвшин буурахгүй байгааг ажиглагчид онцолж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тооцоолсноор дэлхийн нийт хүн амын 3.3 тэрбум нь тогтмол ажил эрхэлдэг бол үүнээс ердөө 54 хувь нь тогтмол орлоготой. Харин үлдсэн хувь нь тогтмол бус орлоготой буюу цагийн ажил хийдэг байна.
АЗИЙН ЗАРИМ ОРНЫ ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ
Малайз-Тус улсын Засгийн газар улсаа өндөр цалинтай орон болгох зорилтын хүрээнд 2013 онд анх удаа үндэсний хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ шинэчилж, үндсэн цалинг 65 хувиар нэмсэн. Малайзын ихэнх газарт сард авах цалингийн доод хэмжээ хамгийн багадаа 546-900 ринггит буюу 273 ам.доллар орчим. Харин Малайзын хойгт ерөнхий мэргэжлийн ажилчид хамгийн багадаа 900 ринггитээс доошгүй (294 ам.доллар), Саба, Саравак болон Лабуаны хэсэгт 800 ринггитээс доошгүй (261 ам.доллар) байдаг аж. Цалингийн шинэ доод хэмжээнд амьжиргааны хөнгөлөлт буюу тэтгэмж болон илүү цагийн хөлсийг оруулаагүй юм байна. Түүнчлэн судалгаагаар шинээр ажилд орсон ажилчдын 70 хувь нь зургаан сарын хугацаатай туршилтаар ажилладаг байна.
Тайланд-Тус улсын Хөдөлмөрийн яам өнгөрсөн онд цалин хөлсийг нэмэх арга хэмжээ авсны дараа, хөдөлмөрийн хөлсний нэг өдөрт ногдох доод хэмжээг 300 тайланд батаар (10 орчим ам.доллар) болсон. Засгийн газар ажилчдыг шаргуу хөдөлмөрлөхийг дэмжих, улмаар бүтээмжийг дээшлүүлэх үүднээс нэмсэн гэж холбогдох албаныхан тайлбарлажээ.
Вьетнам-Тус улсын Засгийн газар өнгөрсөн онд ажилчдын цалин болон тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж, амьжиргааны өндөр зардлыг уг өсөлтөөр нөхөх бодлого баримталжээ. Вьетнам Улс дөрвөн бүс нутагтай бөгөөд тус бүр социалист эдийн засгийн хөгжлийн түвшингээр жагсдаг байсан бол саяхнаас нэг бүс нутаг хэмээн тооцогдох болсон. Бүсчилсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 250-300 мянган вьетнам донг (15 ам.доллар) байсан. Тэгвэл шинэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бүс нутаг тус бүрд 2.3 сая вьетнам донг (113 орчим ам.доллар), 2.1 сая вьетнам донг, 1.8 сая вьетнам донг, 1.6 сая вьетнам донг байхаар тогтоожээ.
Индонез-2013 оны эхээр Индонезийн ажилчид Засгийн газраа цахилгаан болон хийн тарифыг нэмэхийг эсэргүүцэж, зогсоохыг шаардаж байсан билээ. Учир нь цахилгааны тариф нэмэгдсэнээс болж компаниуд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхэд төвөгтэй болсон юм. Жакартагийн эрх баригч Жоко Видодо өнгөрсөн жил ажилчдын хөдөлмөрийн хөлсний сарын доод хэмжээг 44 хувиар нэмж, сард 2.2 сая рупи буюу ойролцоогоор 228 ам.доллар болгосон.