ДЭЛХИЙН ТОП КОМПАНИУД БҮСЭЭ ЧАНГАЛЖ ЭХЭЛЖЭЭ
БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал, савлагаа ихтэй хөрөнгийн зах зээл зэрэг нь 2019 оны гол эрсдэл болно гэдгийг эдийн засагчид онцолж байна. Томоохон компаниудын шийдвэр ч дээрх таамгийг улам бүр баталгаажуулж байгаа юм. Шинэ он дөнгөж гармагц “Apple” компани хөрөнгө оруулагчдыг цочирдуулсан шийдвэр гаргасан нь 20 орчим жилийн хугацаанд анх удаагаа орлогын хүлээгдэж буй гүйцэтгэлээ бууруулж байгаагаа зарлалаа. Уг шийдвэр нь технологийн салбарт цочрол өгч, үр нөлөө нь салбарыг бүхэлд нь хамарна гэж шинжээчид анхааруулж буй. Үүнээс гадна автомашин үйлдвэрлэгч “Ford Motor” компани зардлаа танах төсөл боловсруулсан бол "Jaguar” шинэчлэл хийх зорилгоор нийт ажиллах хүчнийхээ 10 хувийг буюу 5000 хүртэлх ажлын байраа цомхотгохоор болсноо албан ёсоор мэдэгдэв. БНХАУ-д эдийн засгийн өсөлт саарч байгаагаас үүдэн орлого нь мэдэгдэхүйц хэмжээгээр буурах компаниудын тэргүүн эгнээнд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бичигдэж байна. Түүнчлэн БНХАУ дахь хэрэглэгчид нь зарцуулалтаа танаж байгаа учир орлогын таамаг нь буурах нь гарцаагүй болж байна гэж “Tiffany.Co” болон “Louis Vuitton” компаниуд үзэж байна. Санхүүгийн салбарынхны хувьд ч мөн дарамт нэмэгдэж байгаа аж. Тэгвэл “Blackrock” компани ажиллах хүчнийхээ гурван хувийг буюу 500 ажилтныг цомхотголд оруулахаар болжээ. Тэгвэл “Morgan Stanley” ашиггүй бизнесүүдээ хумих бол “Nomura” Европ дахь ажлын байраа цөөлөхөөр төлөвлөж байна. Аж үйлдвэрийн салбарт “United Technologies” корпораци галын хамгаалалт, аюулгүй байдлын бизнесээ худалдахаар төлөвлөж байсан ч зах зээлийн эмзэг байдлаас болгоомжлон хойшлуулахаар шийдсэн гэдгээ зарлаад байна.