Бээжин хотын нийтийн байрнуудад царай таних технологи ашиглаж эхлэв
БНХАУ-ын нийслэл Бээжин хот бага, дунд орлоготой иргэдэд зориулсан нийтийн байрнууддаа дэг журам сахиулах зорилгоор нүүр царай таних технологи бүхий ухаалаг цоожийг ашиглаж эхэлжээ.
Ингэснээр Хятадын засгийн газрын мэдэлд байдаг тэдгээр байруудад зөвшөөрөлгүй хүн орох боломжгүй болж байгаа юм. Одоогоор 47 нийтийн байрны оршин суугч, тэдгээрийн гэр бүлийнхэн зэрэг холбогдох 100 мянга гаруй хүний царайг өгөгдлийн сандаа амжилттай суулгажээ. Харин 2019 оны 6-р сар гэхэд энэ төсөл дуусгавар болж Бээжин хотод байгаа бүх нийтийн байрнууд ухаалаг цоожоор бүрэн тоноглогдож дуусах юм байна.
Хятадад царай таних технологийг замын хөдөлгөөний дүрэм зөрчигчийг илрүүлэх зэргээр олон төрлийн зорилгоор ашигладаг. Жишээ татахад, нэгэн паркаар үйлчлүүлэгчдийн хэт их ариун цэврийн цаас хэрэглэдэг явдлыг таслан зогсоохоор энэ технологийг ариун цэврийн өрөөнд суурилуулж байжээ.
Нийтийн байруудад царай таних технологитой болсноор бас нэг давуу тал нь өндөр настай оршин суугчдыг харж хандах боломж юм. Тодруулбал, тухайн оршин суугч удаан хугацааны турш цоожийг онгойлгоогүй бол систем автоматоор холбогдох хүмүүст мэдээлэл хүргэх аж.
Өнгөрсөн оны гуравдугаар сарын байдлаар зөвхөн Бээжин хотод нийт 100 мянга орчим хямд нийтийн байр байжээ. Эдгээр байрны сарын түрээс 300 орчим ам.доллар бол бусад энгийн байрны түрээс дунджаар 730 ам.доллар байдаг аж.
Эх сурвалж: gogo.mn
|