Америкт мэндэлсэн гадаадын иргэний хүүхдэд ану-ын иргэншил олгохыг зогсоож магадгүй

2018 оны 10 сарын 31

Arslan.mn

АНУ-ын хувьд тухайн улсын газар нутагт гадаадын иргэнээс мэндэлсэн хүүхдэд иргэншлээ олгодог. Ингэснээр хүүхдээ Америкт төрүүлэх гэж энэ улсыг зорих гадны иргэд, цагаачдын хөл татарна гэж Цагаан ордны тэргүүн харж байна.

  “Хүмүүс зүгээр л ирж, хүүхдээ төрүүлж, хүүхэд нь 85 жилийн туршид Америкийн иргэдийн эдэлдэг бүх л эрх, хөнгөлөлтийг эдэлж байна. Ийм байдалтай цорын ганц улс нь бид болж байна. Энэ бол байж боломгүй зүйл. Энэ бүхэнд цэг тавих ёстой” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп HBO телевизийн Axios нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн юм.

Америкийн нутаг дэвсгэрт мэндэлснээр АНУ-ын иргэншил авах эрхийг АНУ-ын Үндсэн хуулийн 14-р нэмэлт өөрчлөлтөөр зохицуулдаг. Тэгвэл Ерөнхийлөгч Доналд Трампын хэлж байгаагаар энэ заалтыг хүчингүй болгохын тулд Үндсэн хуулиндаа дахин нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй юм байна. Зөвхөн Ерөнхийлөгчийн зарлиг байхад л хангалттай гэнэ.

Трамп энэ асуудлыг зөвлөхүүдтэйгээ аль хэдийнэ ярилцаж, зөвлөлдсөн гэлээ.

14-р нэмэлт өөрчлөлт

Image result for Америкийн нэгдсэн улс

АНУ-ын Үндсэн хуулийн 14-р нэмэлт өөрчлөлтийг 1868 оны 7-р сарын 9-нд Америкт Иргэний дайн дууссаны дараа баталсан байдаг. Тус өөрчлөлтөд: “Америкийн Нэгдсэн Улсад төрсөн болон төрж өссөн бүх хүмүүс эдгээр хууль тогтоомжийн дагуу АНУ-ын иргэн, оршин сууж буй улсын иргэн байна” гэж заажээ.

Энэ өөрчлөлтийг анхлан Иргэний дайны өмнө боол байсан хүмүүст зориулан баталсан боловч хожим хуулийн заалтыг буруу тайлбарласнаар Америкийн нутаг дэвсгэрт мэндэлсэн л бол Америкийн иргэншил олгох болсон явдлыг хуульчид шүүмжилдэг.

Доналд Трамп Ерөнхийлөгч ажлын албаны экс ажилтан Майкл Энтон the Washington Post сонинд “АНУ-ын нутаг дэвсгэрт мэндэлсэн гэх үндэслэлээр автоматаар иргэншил олгох нь түүх, үндсэн хууль, философи болон практикийн хувьд зохисгүй, байж боломгүй явдал” гэж нийтэлж байжээ.

14-р нэмэлт өөрчлөлт анхлан АНУ-ын иргэд болон ногоон карт эзэмшигчдэд хамаарч байсан. 1960-аад оныг хүртэл АНУ-д бүртгэлгүй, эсхүл түр оршин сууж буй цагаач иргэдэд хуулийн энэ заалт үйлчилдэггүй байсан гэж АНУ-ын Калифорнийн Чэпмэнийн их сургуулийн Үндсэн хуулийн төвийн захирал Жон Истман мэдэгдлээ.

2016 онд Pew Research Center төвийн явуулсан судалгаагаар, АНУ-д мэндэлсэн хууль бус дүрвэгсдээс мэндэлсэн, Америкийн иргэншил авсан хүүхдийн тоо 1980 онд 30,000 байсан бол 2006 онд 370,000 болж арав гаруй дахин нэмэгджээ. 1980 онд энэ үзүүлэлт нийт төрөлтийн 1%-ийг эзэлж байсан бол 2006 онд 9%-ийг эзлэх болсон байна.

Дэлхийн эдийн засгийн хямралын улмаас 2000-аад оны сүүлчээр энэ үзүүлэлт цөөрсөн ч, 2014 онд 375,000 болж эргэн өсчээ.

АНУ-ын Дээд шүүх өмнө нь хууль ёсны цагаачдаас мэндэлсэн хүүхдүүд АНУ-ын иргэн мөн болохыг батлан мэдэгдсэн. Гэхдээ хууль бус цагаач дүрвэгч болон түр оршин сууж буй иргэдийн талаар Америкийн шүүхийн дээд байгууллага ямар нэгэн шийдвэр гаргаагүй байдаг байна.

Хөрсний эрхийн дагуу

Хөрсний эрхийн дагуу иргэншил (Jus soli) олгох нь олон улсад тархсан хууль эрхзүйн хэм хэмжээ. Дэлхийн 30 гаруй оронд ашигладаг. Гэхдээ газар нутгийн хувьд жижиг улс орнуудад ихэвчлэн мөрддөг.

Тиймээс АНУ-ын хувьд өөрийн улсын газар нутагт мэндэлсэн гадны иргэний хүүхдэд иргэншил олгож байгаа цорын ганц улс гэж хэлэх нь буруу юм.

Канад, Мексик, Бразил, Аргентин болон Төв, Өмнөд Америкийн хэд хэдэн улсад мөн адил хууль үйлчилдэг.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр л хууль бус цагаачлал, дүрвэгсдийн урсгалтай чанга хатуу тэмцэхээ илэрхийлж байсан. Цагаан ордны тэргүүний суудалд сууснаас хойш ч чанга хатуу бодлого баримталж, холбогдох зарлиг баталсаар байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Төв Америкийн Гондурас, Гватемал, Сальвадор зэрэг улсаас АНУ-ыг зорьж байгаа дүрвэгсдийн цувааг хязгаарлан зогсоохын тулд Мексиктэй залгаа урд хилийн бүс рүү 800 цэрэг нэмж илгээхээр шийдвэрлэсэн. Шаардлагатай тохиолдолд 5,000 цэрэг илгээнэ ч гэж Ерөнхийлөгч Трамп мэдэгдсэн. Мөн ард иргэддээ АНУ-ыг зорихгүй байхыг ухуулахгүй бол Гондурас улсад л гэхэд тусламж үзүүлэхээ зогсооно хэмээн “сүрдүүлдсэн. АНУ 2016-2017 онд Гондурас улсад 175 сая ам.долларын эдийн засгийн тусламж үзүүлжээ.

Эх сурвалж: www.tv5.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596752
0 эможи

keyboard_arrow_up