Ялагч Хабиб Нурмагомедовыг холбооноос хөөж магадгүй
Бямба гарагийн орой Хабиб Нурмагомедов UFC 229 тэмцээнд 27 дахь тулаандаа дараалан ялж, аваргын бүсээ хамгаалж үлдэв. Гэвч тулаан дуусаад удаагүй байтал Хабиб хашлага давж, үзэгчдийн дунд байсан түүний өрсөлдөгч Коннорын багийнхан руу дайран зодоон үүсгэв. Гэтэл түүний бэлтгэл хангагч чечень эр хашлага даван рингэнд орж ирээд Коннорыг хэд хэд цохиод авчээ. Коннорын багийнхан түүнийг ордноос аван гарч явснаар эмх замбараагүй байдал намжсан юм.
Удалгүй UFC энэ тулаанд Хабиб Нурмагомедов ялалт байгуулсныг албан ёсоор зарласан. Гэхдээ эмх замбараагүй байдлын улмаас түүнд аваргын бүсийг нь өгөөгүй юм. Зодоон үүсгэсэн хэргээр Хабибын багийн гурван ч хүнийг тэр даруй баривчилжээ. Гэхдээ Коннор хэрэг үүсгэхийг хүсээгүй тул удахгүй сулласан байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр Хабиб “Тэр миний шашны талаар ярьсан. Тэр миний улсын талаар ярьсан. Тэр миний гэр бүлийн талаар ярьсан. Харин хүмүүс яагаад зөвхөн намайг хашлага давсан талаар яриад байгаа юм? Би гаргасан үйлдэлдээ комиссын гишүүдээс уучлалт хүсч байна. ” хэмээн хэлжээ.
Одоогоор Хабибыг UFC-гийн нэр хүндийг унагасан хэргээр буруутгаж, холбооноос хөөх асуудал яригдаж эхлээд байна.
Эх сурвалж: Sportbible