Гадаадад ажиллах, тэр дундаа гэр бүлтэйгээ удаан хугацаагаар амьдрах шаардлагатай болох үед тухайн улс орны амьдралын чанарыг, жишээлбэл, амьдралын өртөг, эрүүл мэндийн үйлчилгээ, аюулгүй байдал, боловсролын чанар зэргээс эхлүүлээд амралт чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх боломж, сонголтууд, нүүлгэлтийн зардал гэх мэт гэр бүлийнхээ сайн сайхантай холбоотой бүхий л хүчин зүйлийг харгалзан судалдаг.
Гадаадад ажиллаж, амьдардаг, амьдарч байгаа хүмүүсийн дэлхийн хамгийн том сүлжээ болох Интернейшн байгууллагын 43 шалгуур үзүүлэлтийн дагуу хийсэн судалгаагаар дэлхийн дараах 19 улс орныг гэр бүлтэйгээ амьдрахад хамгийн тохиромжтой хэмээн тодорхойлжээ. Энэ судалгааг хийхдээ улс орон бүрээс гадаадад хүүхдүүдээ өсгөж байгаа эцэг эхүүдийг хамруулсан байна.
Өмнөд Солонгос: Боловсролын чанар нь сайжирсантай холбоотойгоор тухайн улс жагсаалтанд багтаж чаджээ. Судалгааны тайлангийн дагуу Өмнөд Солонгос дах гадаад эцэг эхчүүдийн 47% нь боловсролын чанарыг маш сайн гэж үнэлсэн аж. Өнгөрсөн жил энэ үзүүлэлт 22%-тай байжээ.
Мексик: Энэ улс нь гадаад эцэг эхчүүдэд ажил ба амьдралаа тэнцвэртэйгээр хослуулах буюу гэр бүл хүүхдүүдтэйгээ илүү цагийг өнгөрөөх боломжийг олгодог нь энэ жагсаалтанд багтах шалтгаан болжээ.
Филиппин: Тус улс нь боловсролын чанар, гэр бүлийн сайн сайхан байдал, хүүхдүүдэд найрсаг хандах хандлагаараа дэлхийд хамгийн шилдэг газруудын нэг юм.
Сингапур: Экспатууд тус улсын гэр бүлийн сайн сайхан байдал, хүүхдийн аюулгүй байдлын хувьд хамгийн өндрөөр үнэлсэн хэдий ч, хүүхэд асаргааны зардал болон боловсролын үзүүлэлтээрээ дэлхийд доогуур жагсдаг аж.
Өмнөд Африк: Хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжуудаараа дэлхийд хамгийн сайн улсуудын тоонд багтдаг хэдий ч гэр бүлийн сайн сайхан амьдралыг хангах тал дээр сайн оноо авч чадаагүй.
Люксенбург: Хүүхдийн асаргаа болон боловсролын хүртээмжийн үзүүлэлтээр дундаж оноо авсан хэдий ч гэр бүлийн сайн сайхан, хүүхдийн аюулгүй байдлаараа хамгийн сайн нь байж чадсан.
Нидерланд: Хүүхдийн асаргаа болон боловсролын хүртээмж, боловсролын чанарын үзүүлэлтээр сайн үнэлэгдэж энэ жил зэрэглэлээ нэмэгдүүлсэн.
Польш: Тус улс нь гол төлөв хүүхдийн асаргаа болон боловсролын өртөг мөн боловсролын чанарын үзүүлэлтээр сайн оноо авдаг.
Франц: Тухай улсын хэлээр ярих чадвартай байх нь гадаад эцэг эхчүүдийн хувьд сорилт болдог. Судалгаанд хамрагдсан гадаад хүүхдүүдийн 36% нь тухайн улсын хэлээр ярьдаг бол Францад ажиллаж, амьдардаг гадаад эцэг эхчүүдийн хүүхдүүдийн 60% нь Франц хэлээр маш сайн ярьдаг гэжээ.
Герман: Тус улс нь өндөр чанартай, хүртээмжтэй боловсролыг санал болгодог хэдий ч гадаад эцэг эхчүүдийн 7% хүүхдүүдээ орон нутгийн сургуульд явуулахыг илүүд үзсэн бол үлдсэн хувь нь олон улсын сургуулиудад өгдөг байна.
Бельги: Бараг бүх үзүүлэлтүүдийн хувьд сайжирч байгаа ч гол төлөв хүүхэд асаргаа болон боловсролын хүртээмжийн хувьд өндөр үнэлгээ авдаг.
Тайван: Азийн энэ улс хүүхдийн аюулгүй байдлын үзүүлэлт болон хүүхэдтэй гэр бүлүүдэд ээлтэй хэмээн сайнаар үнэлэгдсэн.
Австрали: Бүх үзүүлэлтээрээ үнэлгээ авдаг. Хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжуудаар хамгийн сайн хэмээн үнэлэгдэж энэ жагсаалтанд багтсан.
Норвеги улс: Гадаад эцэг эхчүүд хүүхдийн асаргааны үнэлгээ огцом буурсантай холбоотойгоор 17 дугаар байрнаас 6 руу урагшилжээ.
Швед улс: Боловсролын чанарын үнэлгээ буурсан учраас 2 байраар ухарчээ. Үүнийг сүүлийн жилүүдэд ажиглагдах болсон Шведийн боловсролын системийн хямралтай холбоотой байж болзошгүй хэмээн таамаглаж байна.
Австри: Гэр бүлийн сайн сайхан байдал болон боловсролын чанарын үзүүлэлтүүд нь буурснаар 3 байраар ухарчээ. Түүнчлэн Австри улс хүүхдүүдтэй гэр бүлд нөхөрсөг хандах тал дээр сайн үнэлгээ бараг авч байгаагүй аж.
Израиль: Тус улс өнгөрсөн жилээс нэг байраар дээшилсэн учир нь гадаад эцэг эхчүүдийн 81% нь хүүхэд асаргаа болон хүүхдийн сургалтын сонголтуудад сэтгэл хангалуун байдаг, дээр нь 84% нь ерөнхийдөө сэтгэл ханамжтай байдагтай холбоотой.
Чех улс: 74% нь боловсролын хүртээмжтэй байдлыг онцолсон учир 14 дүгээр байрнаас 2 руу урагшилсан хэдий ч боловсролын чанараас болж тэргүүн байранд орж чадаагүй.
Финлянд: Гадаад эцэг эхчүүд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сайн сайхны талаар ямар ч сөрөг сэтгэгдэл байгаагүй учир Финлянд улс хамгийн эхний байранд байна. Эцэг эхчүүдийн 70% боловсролын чанарыг маш сайн гэж үнэлжээ.