Оросын хөлбөмбөгчин Ф.Смолов хүнд өвчтэй хүүхдүүдийн байрны жилийн түрээсийг төлжээ
Оросын хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчин, "Локомотив” клубын довтлогч Фёдор Смолов хүнд өвчтэй хүүхдүүдийн байрны түрээсийн жилийн төлбөрийг төлжээ.
Тэрээр “Спаси жизнь” сантай гэрээ хийсэн ба гэрээнийхээ дагуу Москва хотод урт удаан хугацааны эмчилгээ хийлгэж буй хүнд өвчтэй хүүхдүүд болон тэдний гэр бүлийнхний байрны түрээсийн нэг жилийн төлбөрийг даасан байна.
Тус сангийн хөгжил хариуцсан захирал Надежда Бойчевски, “Фёдор Смоловын манай санд хандивласан мөнгө “Сайн гэр” нэртэй хөтөлбөрт хамрагдсан гэр бүлийн байрны түрээсийн төлбөрийг хийхэд зориулагдах болно. Ф. Смолов сайн үйлс хийлээ, бид үүнд нь маш ихээр талархаж байна.” хэмээн ярьжээ.
Фёдор Смоловын “Спаси жизнь” санд хандивласан мөнгөөр Москва дахь Н.Н. Блохиний нэрэмжит Хавдар судлалын төвийн дэргэдэх нэгэн байрны түрээсийн жилийн төлбөрийг хийсэн байна. Тус байранд хүнд өвчтэй дөрвөн хүүхэд асран хамгаалагчдынхаа хамтаар амьдардаг аж. Тэдгээр хүүхдүүдийн хоёр нь холбогч эдийн гаралтай хорт хавдартай бол нэг нь чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байгаа аж. Оросын шигшээ багийн тамирчин Фёдор Смоловын ачаар эдгээр хүүхдүүд юунд ч санаа зоволтгүй эмчилгээгээ цаашид үргэлжлүүлэн хийлгэх боломжтой болж байгаа аж.
Ф.Смоловын хувьд хоёр жилийн өмнө төрсөн Саратов хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах хөтөлбөрийг мөн л санхүүжүүлсэн гэнэ. Тэрээр Саратов хотын удирдлагуудын хуучин барилга байгууламжийг сэргээн засах санаачилгыг дэмжин ажилласан ба түүний ачаар Набережная Космонавтов гудамжны бүх байшингуудын аркийг сэргээн зассан байна.
Эх сурвалж: NTV.ru
|