Хүн төрөлхтнийг аврагч ШАВАРШ
Армений нийслэл Ереван хотын хүнгүй бөглүү нэгэн гудамжинд 15 настай хүүг бүлэг хулигаанууд хүлж, хүзүүнд нь хүнд чулуу уяад, нуур уруу оджээ. Амь тэмцэн тийчигнэх хүү гарынхаа хүлээсийг арай хийн тастаж, хүзүүнээс нь зүүгдэх хүнд чулууг салгаад нуурын мандал өөд эцсийн хүчээ зориулан зүтгэсээр өөрийгөө аварч чаджээ. Үхэлтэй нүүр тулаад өнгөрсөн энэ хүү бол ирээдүйн усан спортын домог, сэрвээт сэлэлтийн ЗХУ-ын 7, Европын 13, дэлхийн 17 удаагийн аварга, Юнескогийн “Шударга ёс”-ны шагналын эзэн, олондоо супер баатар хочит Шаварш Карапетян байлаа. 15 насанд нь тохиолдсон тэр нэг туршлага түүнийг хурцалж, эхэндээ энгийн усан сэлэлтээр хичээллэж төд удалгүй мэргэжлийн түвшинд орж17 настай байхдаа Армений аварга болов.
Алдар цуутай, туршлагатай сэлэгчдийг ардаа өлхөн хаячихдаг болсон түүнд атаархсан Армены шигшээ багийн харалган дасгалжуулагчид үндэсний шигшээ багаас хасч, хавчин гадуурхах болсон тул “сэрвээт сэлэлт”-н төрөл үрүү шилжсэн байна. Зургаахан сарын дотор тэрээр ЗХУ-ын Спортын мастер, 8 сарын дотор ОУХМ, 12 сарын дараа гэхэд ЗХУ-н аварга, 14 сарын дараа Дэлхийн рекордыг эвдэн Европ тивийн аварга болж байжээ.
Харамсалтай нь атаархлын хор сэрвээт сэлэлтийн төрөлд нь ч түүнийг зүгээр өнгөрөөсөнгүй. Киевт болсон нэгэн тэмцээний үеэр өрсөлдөгч нь түүний хүчилтөрөгчийн танкнаас нууцаар их хэмжээний хүчилтөрөгчийг гаргаж, хүчилтөрөгчийн дутагдалд орсон ч тэрээр мөн л бууж өгсөнгүй. Уралдааны замын сүүлийн 75 метрийг амьсгаагаа түгжин туулах хэрэгтэй болж барианы зурхай дээр ухаан балартсан Шаварш тэр уралдаанд түрүүлсэн байсан ба өөрийгөө түрүүлсэн гэдгийг бүр сүүлд эмнэлэгт ухаан орсон хойноо мэдсэн гэдэг.
1974 оны жихүүн салхи сийгсэн нэгэн өглөө Шаваршийн эр зоригийг дахин нэг удаа шалгасан явдал болов. Түүний усан бассейн руу сууж явсан автобусны жолооч нь уулын хавцлын замд жолоогоо алдаж, хадан хясаа уруу халин орох гэж байсан тэр агшинд Шаварш шаламгай ухасхийн автобусны рулийг эсрэг татан, ердөө хагас метрийн зайтай байсан үхлээс 30 хүний амийг аварч чадсан байна.
Харин түүний амьдрал дахь үхлийн өөдөөс сөрөн зогссон хамгийн хүнд явдал 1976 оны 9 сарын 16-ны тэр нэгэн жихүүн өглөө болжээ. Шаварш Ереван хотын даланг даган өглөөний гүйлтээ хийж байв. Гэтэл гэнэт тэр үед 92 зорчигч бүхий аварга том троллейбус жолоодлогоо алдан замаас гарч далангийн тэсгим хүйтэн ус уруу яваад орчихов. Тэрхэн зуурын үймээний үеэр ихэнх зорчигчийн ухаан балартаж, троллейбус усан дотор 10 метрийн гүн хүртэл живсэн байна. Энэ явдлыг дэргэдээс нь харсан Шаварш яах ийхийн завдалгүй хүмүүсийг аврахаар хүйтэн ус уруу үсрэн оржээ.
10 метрийн гүнд хүрсэн Шаварш хөлөөрөө троллейбусны цонхыг хагалж, зорчигчдыг нэг нэгээр нь татан гаргаж эхлэв. Нийт 30 удаа рейс хийж, тус бүртээ 20 минутыг хүйтэн усанд өнгөрөөсөн Шаварш түүнээс ч олон хүнийг татаж гаргаж чадсан боловч 20 нь л амьд үлдэж чаджээ.
30 дахь шумбалтынхаа дараа Шаварш өөрөө ухаан алдан унажээ. Хүйтний дээр бохирдсон усанд удаан хугацаагаар байсан Шаварш хүнд хэлбэрийн уушигны хатгаа авч, цус нь бохирдсон байв. Түүний өөрийнх нь амь нас хутганы ирэнд тулж, 46 хоног ухаан орохгүй байхад нь эмч нар Шаваршийг эдгэнэ гэдэгт эргэлзэж байсан гэдэг. Азаар Шаварш ухаан орсон боловч, түүний их спорт дахь мэргэжлийн замнал эцэслэсэн байлаа. Одоо үеийн мэргэжилтнүүд энэ эрэлхэг үйлсийг Шаваршаас өөр хэн ч хийж чадахгүй байсан гэж ам нэгтээ хэлдэг билээ. Түүнийг живсэн троллейбуснаас хүн татаж гаргахыг нүдээрээ харж зогссон гэрчүүд Шаваршийн нуруу болон хөлийг битүү шилний хэлтэрхий хучсан байсан хэмээн ярьсан байдаг.
Энэ явдлын тухай Шаварш: “Би өөрийгөө олон хүний амь аварч чадна гэдгээ мэдэж байлаа. Тийм учраас алдаа гаргахаас л их айж байсан. Тэр доор хав харанхуй, бараг л юм харагдахгүй байсан. Нэг шумбалтандаа би мэдэлгүй зорчигчийг биш суудал бариад авсан. Суудлын оронд би хүний амь аварч болох л байсан. Алдаа минь хүний амиар үнэлэгдсэн нь хамгийн аймшигтэй. Тэр сандал одоо ч хар дарсан зүүдэнд минь үзэгддэг, би илүү олон хүн аварч чадах байсан гэж үргэлж харамсдаг” гэж хариулж байв. Түүний баатарлаг гавъяа тэр дороо үнэлэгдээгүй авч 1982 оны 10 сарын 12-нд Оросын өдөр тутмын Комсомольская Правда сонинд нийтлэгдсэн “Усан доорх аваргын тэмцэл” нийтлэл Шаваршийн эрэлхэг үйлсийг олонд таниулж, түүний цуу гавъяа ЗХУ даяар цуурайтжээ. Үүний дараа тэрээр ЗХУ-ын өнцөг булан бүрээс 75,000 гаруй захиа хүлээн авсан байдаг.
Та бүхэн итгэхгүй байх. Гэхдээ дахиад нэг үхэл амьдралын заагийг ойртуулсан явдал 1985 оны 2-р сарын 19-нд тохиолджээ. Тэр өдөр Шаварш шатаж буй Зөвлөлт Арменийн спорт цогцолборын дэргэд явж таарсан байна. Дотор нь гацагдаж, гарч чадахгүй болсон хүмүүс рүү эргэлзэх зүйлгүй ухасхийн орж, хүмүүсийг аварч эхэлжээ. Энэ удаа ч тэр өөрөө хүнд гэмтэл авсан юм. Хорт утаа амьсгалан ухаан алдан унасан түүнийг бүгд үхсэн гэж бодож байтал таксины жолооч сулхан судасны цохилтыг мэдэрч яаралтай эмнэлэгт хүргэсэн байна. Тэрээр хүнд хэлбэрийн түлэгдэлт, утааны соролтоос болж мөн л урт хугацааг эмнэлэгт өнгөрүүлжээ.
Энэхүү эгэл жирийн хэрнээ эгэлгүй баатар эр одоо Москвагийн нэгэн гудамжинд “Хоёр дахь амьсгал” нэртэй гутлын дэлгүүрээ ажиллуулаад энх тунх аж төрж байна. Тэрээр 2014 оны Сочигийн өвлийн Олимпийн бамбарын буухианд уригдаж, Москвагаас Красногорскийн хооронд Олимпийн бэлгэдлийг барин гүйсэн байна. Энэ тухайгаа Шаварш: “Би Олимпийн бамбарыг ОХУ болон Арменийн ард түмний нэрийн өмнөөс авч явсан” хэмээн хэлжээ.Хүн төрөлхтнийг аврагч Шаварш
Эх сурвалж: Хүн Төрөлхтний Фото Түүх
|