Агуйгаас АВРАГДСАН хөвгүүдэд Тайланд улс ИРГЭНШИЛ олгожээ
Сарын өмнө Тайландын хойд нутгийн үерт автсан агуйгаас аврагдаж байсан хөвгүүдийн гуравт нь тус улсын иргэний бичиг баримтыг олгожээ. Мөн тэдэнтэй хамт байсан хөлбөмбөгийн дасгалжуулагч багш Тайландын иргэн болсон байна.
Өчигдөр буюу Лхагва гарагт албаны хүмүүс тэдэнд иргэн болсныг нь батлах бичиг баримтыг гардуулж өгчээ. Тайландын иргэнд тооцогддоггүй байсан эдгээр багш, хүүхдүүд зарим нийгмийн хамгааллын үйлчилгээг хүртэж чаддаггүй, амьдарч буй Чиан Рай мужаасаа гарч явах эрхгүй байсан юм.
Тайландын хойд хилийн энэ бүс нутагт хөрш Мьянмар улсаас дүрвэж ирсэн үндэсний цөөнхүүд олноор амьдардаг.
Иргэний үнэмлэх гардаж авсан 25 настай дасгалжуулагч Ноппарат Кантхавон “Гэр бүл нь нийгмийн доод түвшинд харьяалагддаг хүүхдүүдийн амьдралыг дээшлүүлэхэд хөлбөмбөгийн спорт туслаж байгаад би баяртай байна. Тэд Тайландын иргэн болсноор ирээдүйд хөлбөмбөгөө орхисон ч төрийн албанд ажиллахаар шалгалт өгөх, сурч, мэргэжиж байгаа салбар бүртээ сайн ажилтай болох боломжтой болж байна” гэж ярьжээ.
Тэдний хөлбөмбөгийн багийн агуйд байгаагүй гишүүд ч иргэн болох хүсэлтээ өчигдөр засаг захиргаандаа илгээсэн байна.
Тайландад нийт 488,105 иргэний харьяалалгүй хүн амьдардаг гэсэн засгийн газрын тоо баримт бий. Гэхдээ бодит тоо 3.5 саяд хүрнэ гэж Олон Улсын Харьяалалгүй Иргэдийн байгууллага үздэг.
Хилийн хяналт тогтооход хэцүү ширэнгэ ойтой Тайландын хойд хэсэгт хөрш орнуудаас дүрвэж ирсэн Аха, Лаху, Лису, Яао, Шан, Хмонг, Карен зэрэг үндэстнүүд амьдардаг. Тэдний зарим нь төрөлх нутагт нь болж буй дайн, мөргөлдөөнөөс зугтаж ирдэг бол нөгөө хэсэг нь эдийн засгийн шалтгаанаар амьдралаа дээшлүүлэх гэж ирдэг байна.
Эх сурвалж: ikon.mn
|