Их Британийн хааны гэр бүлийнхний алдартай найзууд
Хүнийг найзаар нь шинж гэдэг үг байдаг даа. Та Английн хунтайж Харриг дуучин Рианна болон Жеймс Бланттай сайн найзууд гэдгийг сонсоод нүд тань орой дээрээ гарах вий. Бид танд энэ удаа Английн хааны гэр бүлийн гишүүдийн олны танил, алдартай найз нөхдийг танилцуулахаар мэдээлэл бэлтгэлээ.
1 Жүжигчин Эдди Редмэйн болон хунтайж Уильям
"Оскар"-ын шагналт жүжигчин Эдди Редмэйн (Eddie Redmayne) болон хунтайж Уильям (William) нар Английн Итон коллежид хамт сурч байжээ. Мөн дунд сургуульд сурч байхдаа "Регби" хөл бөмбөгийн багт тэд хамтдаа тоглодог байв. Хунтайжийг түүнээс хавьгүй илүү хөл бөмбөг тоглодог байсан талаар Эдди нэгэн ярилцлагадаа хэлсэн юм. Хэдэн жилийн өмнө төгсөлтийн ойн баяраараа Эдди Уильям хоёр уулзаж шинэхэн аавуудын амьдралаасаа хуваалцсан ажээ.
2 Дэвид Бекхэм болон хунтайж Уильям, Харри
Английн хөл бөмбөгийн амьд домог гэгддэг Дэвид Бекхэм Их Британид маш нэр хүндтэй нэгэн билээ. Хамгийн сүүлд Дэвид Виктория (Victoria) хоёр хунтайж Харригийн хуримын ёслолд оролцсон бөгөөд Дэвид бүр хатан хаантай хууч хөөрч амжсан талаар зарим хэвлэлд бичиж байв. Алдарт хөлбөмбөгч ханхүү Харри, Уильям хоёртой сайн найз нөхдийн харилцаатай гэдгээ ч илэрхийлсэн юм.
3 Меган Мэркл болон газрын теннисчин Серена Уильямс
Меган Мэркл (Meghan Markle) хунтайж Харритай гэрлэхээсээ өмнө жүжигчин байсан учир түүний найзууд дунд олны танил хүмүүс цөөнгүй бий. Гэхдээ түүнийг Америкийн газрын теннисний тамирчин Серена Уильямс (Serena Williams)-тай найз гэж хэн ч төсөөлөөгүй биз ээ. Тэд анх хөл бөмбөгийн тэмцээн дээр танилцаж, шууд л найзууд болсон аж. Мөн тэд үе үе бие биедээ зурвас илгээж, утсаар ярьдаг юм байна.
4 Эштон Катчер, Мила Кунис нар болон хатан хааны зээ Биатрис
Зөвхөн хунтайж нар л алдартнуудтай найз биш юм. Тэдний үеэл гүнж Биатрис (Beatrice) Холливудын алдартай жүжигчин хос Эштон Катчер (Ashton Kutcher) болон Мила Кунис (Mila Kunis) нартай найз ажээ. Биатрис хуучин найз залуугаараа дамжуулан тэдэнтэй танилцсан түүхтэй. Гурван найз Нью-Йорк хотын гудамжаар зугаалж, дараагаар нь Францын Сен-Тропе арал дээр хамт амарсан байна.
5 Анжелина Жоли болон гүнгийн авхай Камилла
Камилла (Camilla, Duchess of Cornwall) бол Хунтайж Чарльз (Charles, Prince of Wales)-ын эхнэр юм. Жүжигчин Анжелина Жоли (Angelina Jolie) хүмүүнлэгийн ажлаар Лондонд олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцож, гүнгийн авхайтай танилцсан байна.
6 Гүнгийн авхай Камилла болон Йоркийн гүнгийн авхай Сара
Йоркийн гүнгийн авхай Сара (Sarah) Диана гүнжийг амьд байхад үй зайгүй найзууд байжээ. Тэрээр хунтайж Чарльзын дурлалт бүсгүй Камиллатай ч мөн адил сайн найз байсан юм. “Камилла миний ээжтэй сайн харилцаатай байсан болохоор би ч түүнд мөн адил дуртай” гэж Сара нэгэн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
7 Дуучин Уильям болон Йоркийн гүн Эндрю
Америкийн дуучин, ая зохиогч, продюсер Уильям (Will.i.am) Английн “The Voice UK” шоуны шүүгчээр ажилладаг юм. Энэ шоуны хүрээнд сайн санааны үйл хийж байхдаа дуучин залуу маань Йоркийн гүн Эндрю (Andrew, Duke of York)-тэй танилцжээ. Тэр цагаас хойш тэд сайн найзууд болсон түүхтэй.
8 Хунтайж Харри болон Обамагийн гэр бүл
Харри болон АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама (Barack Obama) нар хамгийн анх дипломат уулзалтын үеэр танилцсан байна. Тухайн үед Мишель Обама (Michelle Obama) хатан хаантай яриа өрнүүлж, хамтдаа инээж хөхрөлдөж байсан бол Обама Харри хоёр сайн найзууд болоод амжжээ.
9 Рианна болон хунтайж Харри
Дуучин Рианна (Rihanna) Барбадос гаралтай билээ. Тэрээр 2016 онд улсынхаа тусгаар тогтнолын баярыг тэмдэглэхээр нутагтаа ирэх үед хунтайж Харри ч мөн адил тус арал дээр амарч таарсан юм. Тэд хамтдаа концерт үзэж байгаад папарацийн дуранд өртсөн ч хайр дурлалын холбоогүй гэдгээ хожим олонд зарласан.
10 Хунтайж Чарльз болон инээдмийн жүжигчин Жоан Риверз
Хэн ч Америкийн хошин шогийн жүжигчин хатагтай Жоан Риверз (Joan Rivers)-ийг Английн хааны гэр бүлийн гишүүнтэй найз гэж санах вэ. Гэхдээ хунтайж Чарльз инээдмийн кино, жүжиг шимтэн үзэх дуртай юм. Тиймдээ ч Камиллатай хийсэн хуримандаа болон өөрийн 60 насны төрсөн өдөртөө Риверзийг урьсан байна. 2014 онд Жоаныг нас барахад хунтайж гүн эмгэнэл илэрхийлсэн ажээ.
11 Дуучин Жеймс Блант болон хунтайж Харри
Хунтайж Харри өөрийн хуримандаа дуучин Жеймс Блант (James Blunt)-ыг ая дуугаа өргөхийг хүсэж урихад бүх хүн гайхаж байв. Хэн ч Харри Жеймс хоёрыг сайн найзууд байсан тухай мэдээгүй юм. Хачирхалтай нь дуучин залуу маань хунтайжтай хамт Их Британийн армид нэг цэргийн хороонд байхдаа танилцжээ.
12 Диана гүнж болон Элтон Жон
Дуучин Элтон Жон (Elton John) Диана (Diana) гүнжтэй маш сайн найзууд байжээ. 1981 онд дуучин эр хунтайж Эндрюгийн төрсөн өдрөөр ая дуугаа өргөсөн бөгөөд энэ үеэр гүнжтэй танилцсан байна. Тэр цагаас хойш тэд анд нөхдийн харилцаатай байсан ч удалгүй гүнж харамсалтайгаар нас барсан билээ. Гүнжийн оршуулгын ёслолын үеэр Элтон Жон хамгийн их уйлсан юм.
13 Хатан хаан Элизабет болон номлогч Билли Грэм
Английн хатан хаан Элизабет Америкийн Христийн номлогч Билли Грэм (Billy Graham)-тэй сүсэг бишрэлээрээ холбогдсон байна. Тэд өнө эртнээс нөхөрлөсөн түүхтэй юм. Биллиг 99 настайдаа нас барахад хатан хаан гэр бүлийн гишүүнээ алдсан мэт ихэд гашуудсан ажээ.
14 Хатан хаан Виктория болон Абдул Карим
Хааны гэр бүлийн түүхэн дэх хамгийн сонирхолтой анд нөхрийн харилцаа бол хатан хаан Виктория (Queen Victoria) болон түүний энэтхэг нарийн бичиг Абдул Карим (Abdul Karim) нар юм. Карим ухаалаг, чадварлаг нэгэн байсан болохоор хатан хаан түүнийг ивээлдээ авч өөрийнхөө багшаар томилсон ажээ. Хааны ордны бараа бологсод, албад, түшмэдүүд бүгд Каримыг хатны дэргэдээс холдуулахыг хүссэн боловч тэдний нөхөрлөл дэндүү бат бөх байлаа. Виктория хатныг 1901 онд нас барах хүртэл Карим түүний дэргэдээс холдоогүй юм.
Хатан хаан Виктория болон Каримын амьдралаас сэдэвлэсэн "Victoria & Abdul" киноны трейлэрийг хүлээн авч үзнэ үү.
Эх сурвалж: CAAK.MN
|