Дэлхийн хамгийн осолтой 15 авто зам

2018 оны 7 сарын 30

“Үхлийн зам” ч гэж нэрлэдэг дэлхийн өнцөг булан бүрт байрласан эдгээр автозамууд жолоочоос дээд зэргийн сонор сэрэмж шаарддаг. Бага зэргийн анхаарал алдахад л осол гарах эрсдэл тун өндөр.

15. Атлантерхавсен, Норвеги

8 км урттай хиймэл арал дээр барьсан тус замаар зорчихдоо болгоомж алдвал шууд л далайд осолдох аюултай

14. Стельвио Пасс, Итали

24 км урт тус зам нийт 48 эргэлттэй. Зарим эргэлт нь 180 градус өнцөгтэй. Мөн далайн түвшнээс дээш 2700 метрт байрладаг. Жилийн 6-9-р сард л тус замаар зорчихыг зөвшөөрдөг. Цаг агаарын таагүй нөхцөлд замыг хаадаг байна.

13. Сычуань – Төвөд хурдны зам, БНХАУ

Хятадад осолтой автозам олон бий. Харин Сычуань – Төвөдийг холбосон автозам хамгийн осолтойд тооцогддог. Тус замаар зорчсон 1000 хүн тутмын 75 нь авто ослоор нас барсан таагүй тоон үзүүлэлт бий. 2142 км урттай энэ зам дээр бороотой үед 7 хоногоор ч саатах нь бий.

12. Лех – Манали хурдны зам, Энэтхэг

Өндрөөс айдаг уу? Тус зам дэлхий дээрх хамгийн өндөрлөг газар баригдсан зам. Далайн түвшнээс дээш 3500 метр өндөрт байрладаг. Энэтхэг – Төвөдийг холбодог энэ автозам жолоочийн анхаарал, сонор сэрэмжийг дээд зэргээр шалгадаг.

11. Хайвей Жеймс Далтон, Аляск, АНУ

Хүйтэн, бас их цастай. 670 орчим км урттай энэ автозамын ойролцоо та засварын газар битгий хэл амьд хүн олж харах нь ховор. Тиймээс жолоочоос сонор сэрэмжээс гадна асар их туршлага шаардана.

10. Карнали хурдны зам, Балба

250 км урттай энэ автозам дээр жилдээ 50 хүн ослоор нас бардаг. Энэ зам нь Сурхкет тосгоны Жумла хоттой холбосон цорын ганц зам. 2010 онд далайн шуурганы улмаас тус зам хаагдсанаас Сурхкет тосгонд өлсгөлөн нүүрлэж, хэд хэдэн хүн амиа алджээ.

9. Каньон Роуд, Шинэ Зеланд

Маш нарийн уулын тус зам жолоочоос дээд зэргийн анхаарал шаардах нь мэдээж юм. Энэ бүсэд жолоочийн амь даатгал үйлчилдэггүй байна.

8. Коммонвелт өргөн чөлөө, Филиппин

12 км урттай энэ зам зорчих 18 зурвастай. Гэвч жилдээ энэ зам дээр олон зуун осол гардаг. Далайн шуурганы улиралд энэ зам үерийн усанд автдаг. Ингэснээр зорчиход илүү хүндрэлтэй болдог байна.

7. Ишима Охаши гүүр, Япон

Галзуу хулгана гэж андуурав! 1,6 км урттай тус гүүр нь дэлхий дээрх хамгийн аюултай байгууламжуудын нэг. Доогуур нь загасчдын хөлөг онгоц чөлөөтэй зорчих боломжийг хангаж, ийм хэлбэртэй барьжээ. Сакаиминато болон Мацуэ хотуудыг холбодог байна.

6. Хойд Юнгас роуд, Болив

Тус зам дээр жилд 200-300 хүн авто ослоор амиа алддаг байна. Бороо, манантай үед зам бүр осолтой болдог. Бусад жолооч нарын үзэгдэх орчныг хязгаарлахгүйн тулд тус зам дээр зүүн гарын дүрэм үйлчилдэг байна. Зүүн гарын дүрэмтэй Боливийн цорын ганц зам юм.

5. БР-116, Бразил

3540 км урттай тус зам Бразилын хоёр дах урт зам. Барилгын ажлыг гүйцэтгэсэн компани хайнга хандсанаас олон тооны нүх үүсчээ.

4. Кабул – Желалабад, Афганистан

Шинэ жолооч нарыг тус замаар зорчихоос зайлсхийхийг анхааруулдаг. 60 км урттай тус зам хоёр хотыг холбодог. Уулын энэ зам дээр осол ихээр гардаг. Сүүлдээ нутгийн эрх баригчид болон иргэд ослоор амиа алдагсдын тоог гаргахаа больжээ.

3. Гуолянь хонгил, БНХАУ

Тайган ууланд амьдардаг 13 суурингийн иргэд хамтран хот сууринд хүрэхийн тулд энэ хонгилыг барьжээ. Хонгилын барилгын ажил 1972 онд эхэлж, 5 жил үргэлжилсэн байна. Хонгил 1,1 км урттай. 4,8 метр өндөртэй, 4 метр өргөнтэй. Хонгилын нэрийг үгчлэн хөрвүүлбэл “Алдааг уучилдаггүй зам” гэсэн утгатай юм.

2. Тролльстиген, Норвеги

Норвегийн түүхэн дурсгалт газрын нэг. 11 огцом эргэлттэй уулын зам. Норвегийн Засгийн газар дэлхий дээрх хамгийн аюултайд тооцогдох тус замыг өргөтгөх санаачилга гаргажээ.

1. Зожи Ла Пасс, Энэтхэг

Энэтхэгийн Кашмир хөндийд байрлах энэ автозам 3528 м өндөрт өргөгдсөн. Өвлийн улиралд замыг аюулгүйн үүднээс хаадаг. Тус зам дээрээс Гималайн нуруу гайхалтай харагддаг. Тиймээс жуулчид эндэхийг зорьдог байна.

Эх сурвалж: TV5
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593284
0 эможи

keyboard_arrow_up