Казахстаны од ДЕНИС ТЕНИЙГ хөнөөжээ

2018 оны 7 сарын 21

Arslan.mn

Дэлхийн уран гулгалтын ертөнцийн од болсон тамирчин Денис Тен амиа алдсан мэдээ Казахстанаас ирлээ. Итгэхэд бэрх.
Өнгөрсөн сард дөнгөж 25 нас хүрээд байсан Тен 2014 оны олимпийн хүрэл медальт, 2013, 2015 оны ДАШТ-ий медальт авьяаслаг тамирчин байлаа. Түүний гаргах том амжилтууд өмнө нь хүлээж байсан. Гэтэл Тенийг машины толиноос болоод амь насыг нь хөнөөжээ. Денис Алматы хотод төрж, Алматы хотдоо нас барлаа.

Машиных нь толийг хулгайлах гэж оролдож байсан хоёр этгээдтэй Тен маргалдаж, харин тэд Тенийг гуянд нь хутгалж орхиод зугтацгаасан байна. Хутга судсыг дайрч, 3 литр цус алдсан тул Тенийг эмнэлэгт хүргэн, эмч нар 2 цаг тэмцсэн ч амийг нь аварч чадсангүй.
Денис маш техниктэй, хөгжмөө гайхалтай мэдэрдэг тамирчин байлаа. Уян хатан, багадаа спортын бараг бүх төрлөөр хичээллэж байсан гэдэг. Каратэ, усанд сэлэлт, таэквондо, акробатик, теннис гээд л. Хөгжмийн сургуульд суралцаж, дуу дуулан, бүжиглэдэг байлаа. Энэ олон талын авьяастай хөвгүүнийг дасгалжуулагч Елена Буянова “Хрустальный конек” тэмцээн дээр хараад уран гулгалтад эргэлт буцалтгүй оруулсан юм.
Москвад 7 жил хичээллээд Денис Лос-Анжелест шилжсэн. Спортын хажуугаар тэрбээр Казахстаны спорт, жуулчлалын академийг улаан дипломтой төгсөж, Казахстан-Британийн техникийн их сургуулийн бизнес ангийг дүүргэсэн.
“Боловсрол эзэмших хэрэгтэй. Чи сайн тамирчин болж чадахгүй байж болно. Гэхдээ чи сайн хүн болох ёстой. Хуучин ЗХУ-ын тамирчдыг харахад зодог тайлаад эсвэл дасгалжуулагч болно, эсвэл алга болдог байлаа. Тэд өөр юу ч хийж чаддаггүй байсан юм. Харин Барууны тамирчид том их сургуульд элсээд хуульч, эмч болж чаддаг” гэж тэр ярьж байв.

Ханю, Фернандес нарын үндсэн өрсөлдөгч гэж тооцогддог байсан Тен сүүлийн 3 жил гэмтэл бэртэл ихтэй байлаа. Тен Гран При тэмцээнүүдэд оролцолгүй өнжиж, ДАШТ-ий шилдэг 10-т ч оролгүй, Пёнчаны олимпод 27-р байрт шалгарсан.
Гэхдээ шинжээчид түүнийг гэмтлээс болоод амжилтгүй байгаа гэдгийг ойлгож байлаа. Өвдөгний хүнд гэмтэл. Харин Тен өөдрөг байлаа. Тэр “Үнэндээ би 100 хувь эрүүл гулгаж байсан улирал нэг ч байхгүй” гэж байв. Тен ирэх улиралд Москвагийн Гран При тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байлаа.

Дэлхий дахин эмгэнэл илэрхийлж байна.
Олон улсын тэшүүрийн холбоо (ISU):“Денис Тений үхлийн талаарх мэдээнд бид харамсан гашуудаж байна. Түүний гэрбүл, найз нөхөд, фэнүүдэд гүн эмгэнэл илэрхийлье”
Татьяна Тарасова, ОХУ-ын гавьяат дасгалжуулагч: “Дээрэмчин, хулгайч нарын дунд амьдрах хэцүү. Тэд манай суут, авьяаслаг залууг минь хөнөөчихлөө. Тен миний шавь төдийгүй найз нөхөр минь байсан”
Алексей Ягудин, олимпийн аварга:“Хараалын үг хэлж байгаад уучлаарай. Яагаад, ямар учраас гээд олон юм хэлмээр байв ч хэлэх үг алга. Энэ муу гэмт хэрэгтнүүд, адгууснууд шоронд ороод, тэндээ үхээсэй, новшнууд”
Евгений Плющенко, олимпийн аварга:“Аймшигтай юм. Хэлэх үг алга. Ойр дотны бүх хүнд нь эмгэнэл илэрийлж байна. Тэр агуу тамирчнаас гадна агуу хүн байлаа”

Екатерина Боброва, олимпийн аварга:“Бурхан сайн хүмүүсийг нь аваад явчихдаг гэдэг үнэн юм байна. Бидний хайртай Денис минь тэнгэрийн оронд амгалан тайван байгаасай гэж залбирах л үлдлээ”
Патрик Чан, олимпийн аварга: “Тентэй танилцаж, найзлаж явсан би азтай хүн. Энэ дурсамжаа би үүрд санаж явах болно”
Юлия Липницкая, олимпийн аварга: “Би түүнийг ирээдүйд Казахстаны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болно гэж боддог байлаа.  Тен бол маш хүмүүжилтэй, ухаантай, авьяастай, бусад хүнээс нэг л өөр. Намайг шоундаа уриад би ирэх жил очно гэж амлаад байлаа. Харамсалтай. Би уйлж байна”
Нурсултан Назарбаев, Казахстаны Ерөнхийлөгч: “Олимпийн медальт Денис Юрьевич Тений гэрбүлд гүн эмгэнэл илэрхийлье. Тэр Казахстаны спортод ул мөрөө үлдээсэн агуу тамирчин байлаа. Денис бол эх оронч, залуучуудын үлгэр дууриал байлаа. Түүний гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үүрд үлдэнэ”

Эх сурвалж: Ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
593017
3 эможи

keyboard_arrow_up