Программ хангамжийн зах зээлийг “Монопольчилсон” APP STORE
АНУ-ын Дээд шүүх Apple-тай холбоотой заргыг дахин авч үзэхээр боллоо. Уг зарга нь Amazon, eBay зэрэг цахим худалдааны сайтуудын эсрэг нэгдээд буй монополын эсрэг олон гомдлын хувь заяаг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй.
Хэрэглэгчдийн татаж авсан программ хангамжийн үнэд Apple хариуцлага хүлээх эсэх АНУ-ын дээд шүүхийн шийдвэрээс шалтгаалах юм. Шударга өрсөлдөөнд харшилж буй App store нь iPhone-д зориулсан программ хангамжийн үнийг хөөрөгддөг гэсэн гомдолд Apple компанийн зүгээс өгөх тайлбарыг сонсох гэж буйгаа АНУ-ын Дээд шүүх даваа гаригт мэдэгдсэн.
Чикагогийн оршин суугч Пеппер тэргүүтэй хэрэглэгчид зарга мэдүүлэгч тал болж байна. Apple компани программ хангамж хөгжүүлэгчдэд зөвхөн онлайн дэлгүүрээр дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулах шахалт үзүүлэх замаар iPhone-ын программ хангамжийн зах зээлийг “Монопольчиллоо” хэмээн зарга мэдүүлэгч тал буруутгаад байгаа юм.
Apple компани App store-оо ашиглан хэрэглээний программ хангамжинд төлж буй төлбөрийн 30 хувийг хураамж болгон авдаг. Сүүлийн арван жилд App store-ын гүйлгээ олон арван тэрбум ам.доллараар хэмжигддэг болтлоо өсжээ.
Хэрэглэгчдийн татаж авсан программ хангамжийн үнэд Apple хариуцлага тооцох эсэх нь шүүхийн шийдвэрээс шалтгаална.
Apple-ийн зүгээс “App store нь программ хөгжүүлэгч нар үнийг нь өөрсдөө тогтоосон программ хангамжийг хэрэглэгчдэд хүргэх худалдааны агентлагийн үүрэг бүхий зах зээлийн талбар” хэмээн тайлбарладаг. Уг тайлбарыг шүүгчдийн нэг нь хүлээн зөвшөөрсөн ч давж заалдах шатны шүүх зарга мэдүүлэгчдийн талд зогслоо.