Сансарт уралдаж буй тэрбумтнууд

2018 оны 5 сарын 18

Нөлөө бүхий гурван эрхэм “диваажин” хүрэх шат бүтээхээр өрсөлдөж байна

Сансрын уудамд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх их үйлсэд гурван тэрбумтан уралдаж байна. Илон Маск гэхэд Ангараг гарагийг чиглэн яваа бол Amazon-ийн Жефф Безос сар руу, Virgin группийн Ричард Брансон сансрын аялал жуулчлалд хүч үзэж буй. Гурван эрхмийн зан байдал хоорондоо тэс өөр. Маркетингийн гоц ухаантан Илон Маск болон түүний төсөл хэвлэл мэдээллийн хараанд тогтмол явдаг ба ихэнх мэдээллээ нээлттэй түгээдэг. Харин Amazon-ийн Безос бол нууцлагдмал нэгэн. Түүний сарыг колоничлох Blue Origin төсөл 2000 онд эхэлснийг мэдэх хүн тун ховор. Эдгээр эрхэм дэлхийг хэзээ нэг өдөр устаж үгүй болно гэдэгт зовнидог бөгөөд “диваажин” хүрэх шатыг өөрсдөө босгохоор мэрийж буй хүмүүс. Гэвч тэднийг Билл Гейтсийн адил эх дэлхийгээ аврах үйл хэрэгт чармайлт гаргах хэрэгтэй хэмээн шүүмжлэх нь олонтаа. Энэ талаар өмнө Илон Маск “Хэрэв дэлхийд ямар нэг зүйл болж устах дээрээ тулбал, бидэнд Б төлөвлөгөө хэрэгтэй. Яг л компютерийн санах ойг өөр хатуу дискэнд нөөцөлдөг шиг хүн төрөлхтнийг авч үлдэхэд Ангараг гараг хэрэгтэй” гэж тайлбарлаж байсан.

Тэгвэл Жефф Безос энэ талаар арай өөр бодолтой аж. Тэрээр “Бидний Б төлөвлөгөө А хувилцараа амжилттай хэрэгжүүлэхэд чиглэх ёстой. Энэ нь эх дэлхийгээ хайрлаж хамгаалах. Ингэхийн тулд хязгаарлагдмал нөөц баялгийг хязгааргүй сансраас хангах хэрэгтэй юм” хэмээн илэрхийлсэн. Тэгвэл гуравдагч сансрын магнат Ричард Брансон нь галзуу гэмээр адал явдал эрэлхийлдэг нэгэн. Тэрээр өмнө нь Номхон далайг агаарын бөмбөлгөөр туулж Өмнөд Калифорнид хүрэх замдаа Канадын мөсөн голд газардсан аж. Түүнчлэн Атлантын далайг онгоцоор туулж АНУ-ын Мэн мужаас Их Британи хүрэх гэж оролдсон ч нисгэгч нь зугтаасан түүхтэй. Virgin Galactic агаар мандлын хязгаарт “Spaceship 2” хэмээх сансрын жижиг хөлгөөр аялах боломж олгодог. Нисэх онгоцтой холбогдсон холбоос нь тасармагц газрын гадаргаас 10-12 км өндөрт дүүлэх “Spaceship 2” хөлгөөр задгай сансар ширтэн жингүйдэх боломжтой аж. Уг нислэгийн үнэ дунджаар 250 мянган ам.доллар бөгөөд яваандаа үнийг нь буулгаж энгийн хүмүүст аялах боломж олгохоор зэхэж буй юм. Цаашдаа Брансон жуулчдад зориулсан нэг цэгээс нөгөө цэг хүртэлх нислэг хийхээр зэхэж буй. Одоогийн технологийг хөгжүүлэн Нью-Йоркоос Токио хүрэх хугацааг богиносгох боломжийг эрэлхийлж буй. Ингэж чадвал уг хөлгөөр агаар мандлаас гарангуутаа хэд дахин хурдтай нисэх бөгөөд агаар мандалд эргэн нэвтэрч, газарддаг болох юм. Гэвч түүний амбийц Ангараг эсвэл сар руу сансрын нислэг үйлдэхийг зорьж буйг үгүйсгэх аргагүй.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
57434
1 эможи

keyboard_arrow_up