Японы угсаа залгамжлагч гүнжийг тайван байлгахгүй байна
Японы эзэн хааны угсаа залгамжлагчдын талаарх мэдээлэл, ялангуяа ханхүү гүнж нарын хувийн амьдрал нь цаг ямагт олны анхаарлын төвд байдаг. Ханхүү Акишиногийн бага охин Како гүнжийг дэлхий даяар мэддэг болсон шалтгаан нь хамт сурдаг ангийнх нь найз түүний зургийг авч, хэвлэлийнхэнд худалдсантай холбоотой аж. Үүнээс улбаалаад гүнжийн гэрэл зургийг авч өндөр үнээр зарах хүсэлтэй залуус угсаа залгамжлагчийн сурч буй Англи орныг зорих болсон байна.
Како гүнж Их Британид Лидсийн их сургуульд суралцдаг. Түүний сурч буй сургуульд япон залуус оюутан солилцоогоор цөөнгүй очсоны зарим нь гүнжийн өдөр тутмын амьдралыг гэрэл зурагт буулгаж, худалдаж орлого олох зорилготой гэнэ.
Какогийн ангийн оюутан 2017 оны аравдугаар сард Японы "J-Prime" сэтгүүлд өөрийн гар утсан дахь гүнжийн зургуудыг зарснаар энэ бүх зүйл эхэлсэн байна.
Гүнжийн зургийг хулгайгаар авдаг залуус ажлаа тун сайж хийж буй бололтой, Японы "J-Prime" сэтгүүл гүнжийн хичээлийн анхны өдрийн гэрэл зургуудыг нийтэлсэн нь дахин түүнийг олны анхааралд аваачсан юм. Өдгөө 22 настай Како гүнж сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй төдийгүй дахин нэг жил Их Британид байх ажээ.
Тус сэтгүүлд гүнжийг Их Британид ирмэгцээ Лондон дахь Японы Элчин сайдын байранд буусан тухай, мөн хотын дурсгалт газруудтай танилцах аялал хийж, хоёр хоногийн дараа Лидсийн их сургуульд очсон талаар бичсэн байна. Японоос нийт 20 оюутан тус сургуульд суралцахаар очсон бөгөөд оюутны хотхоны “С” блокт байрлаж буй гэнэ. Энэ нь Лидсийн их сургуулийн хамгийн том буюу 600 оюутны дотуур байр юм байна.
Како гүнж япон, норвеги болон тайланд оюутнуудтай хамт нэг өрөөнд амьдардаг. Англи хэлээр чөлөөтэй ярьж, герман болон тайланд хэл бага зэрэг мэддэг нь түүнийг гадаад оюутнуудтай саадгүй харилцахад дөхөм болжээ.
Дотуур байранд аюулгүй байдал дээд зэргээр хамгаалагдсан гэдгийн тэнд сурч буй оюутнууд хэлж байна. Хотхоны дотор байрлах фитнесс танхим, кино театр, угаалгын өрөө, билльярд, кафе зэрэгт ороход тусгай карт ашигладаг аж. Харин өрөөндөө орохын тулд оюутнууд нүдээ таниулах шаардлагатай гэнэ. Мэдээж хэрэг бусад их сургуулиудын кампусын нэгэн адил эрэгтэй, эмэгтэй оюутнууд тусдаа амьдардаг.
Како маш нийтэч охин бөгөөд элдэв маяггүй, их энгийн. Оюутнууд өрөөгөө ээлжилж цэвэрлэн, хоолоо хийж, аяга тавгаа угаадаг. Үүнээс гадна гүнж өөрийн бие галбирт анхаарал хандуулж, хоолны дэглэм барьж, фитнессээр хичээллэдэг юм байна. Мөн тэрээр ихэнх чөлөөт цагаа номын санд өнгөрүүлдэг.
Гүнж нэг өрөөнд хамт амьдардаг норвеги охинтой сайн найзууд болсон учир тэд хаа ч цугтаа явдаг болжээ. Одоохондоо Кокаг шөнийн клубт байхыг хэн ч хараагүй гэнэ.
Кока залуучуудтай хэт дотно харилцаа үүсгэдэггүй. Учир нь Каког Японд найз залуутай байх магадлалтай гэдэг юм билээ.