Боловсролын системээрээ дэлхийд тэргүүлдэг улс орнуудын шилдэг туршлагууд

2018 оны 5 сарын 10

Ихэнх хүмүүс амжилтыг боловсролын чанартай шууд холбон ойлгодог. "PISA" олон улсын хөтөлбөрийн байгууллага 15 настай сурагчдын мэдлэг, ур чадварыг харуулсан дэлхийн чансааг гаргаад, хүүхдийн хичээл номондоо амжилт үзүүлэх байдал нь төрөлхийн авьяасаас илүү багшийнх нь сургах ур чадвараас онцгой хамаардаг болохыг баталжээ. Шинжээчдийн дүгнэлтэд тулгуурлан чухам аль улсад хамгийн чанартай боловсрол эзэмшиж болохыг дэлхийн нэр хүндтэй долоон сургуулиар жишээ авч өгүүлье.

Боловсролын системээрээ дэлхийд тэргүүлдэг улс орнуудын шилдэг туршлагууд

1 Сингапур: Бодит байдалд тавтай морил

Сингапурын боловсрол өдгөө дэлхийд хамгийн шилдэгт тооцогдож байна. Хэдийгээр Сингапурын боловсролын системийг хүүхдэд хэтэрхий хатуу чанга хандаж, дарамт үзүүлдэг хэмээн бусад орныхон буруутгадаг ч тус улсын боловсролын амжилтын нууцыг мэдэхийг маш их хичээдэг. Юуны өмнө Сингапурын багш нар сурагчдадаа ирээдүйн мэргэжил, хөдөлмөрийн зах зээлд эзлэх байр суурь, бодит амьдралтай нь холбоотой хамгийн сайн практик мэдлэг олгохыг эрмэлздэг. Энэхүү зарчим нь тус улсын жирийн сургуулиуд болон нэр хүндтэй томоохон сургуулиудын хувьд ч ялгаагүй гол суурь болдог. "Раффлес институт бол тус улсын хамгийн эртний сургууль бөгөөд сурагчиддаа мэргэжил хэрхэн сонгох, мөн энэ сонголтондоо итгэлтэй байх боломжийг бий болгодог. Жишээ нь, малын эмч болохыг хүсдэг сурагчдаараа гэрийн тэжээвэр амьтан, муур нохой асруулах биш, харин үхэр, морь зэрэг амьтадтай зоопаркт практик эзэмшүүлдэг. Ийм учраас сурагчид химийн хичээлд дуртай болж байж эмч болох ёстойг, зураачийн ажил гэр бүлээ санхүүгээр хангах боломжийг тэр бүр өгдөггүй гэдгийг ойлгодог. Сингапурын боловсролын бас нэг онцлог нь бүх зүйлд зөв хариулт өгөхөд биш, харин судалж байгаа асуудлаа ойлгох түвшин,  судлах ур чадварт илүү чиглэсэн байдаг.

Сингапур: Бодит байдалд тавтай морил

2 Эстон: Эрх чөлөө, эрх тэгш, ахан дүүсэг байдал

Америкийн сэтгүүлчид судалгаа явуулаад одоогийн Эстон улсын боловсролын түвшин өндөр байгаа нь Зөвлөлтийн үеийн системээс улбаатай гэх дүгнэлтэд хүрчээ. Тус улсын сургуулийн систем хүүхдүүд гэр бүлийнхээ гарал үүсэл, эд хөрөнгө, хангамжаас үл хамаарч хоорондоо эн тэнцүү гэж сургадаг. Эстоны багш нар дааж авсан ангиа урт удаан хугацаанд, заримдаа зургаа хүртэл жилээр хариуцдаг. Энэ нь тэдэнд ангийнхаа хүүхдүүдийг гүнзгий таньж мэдэх, сурагчидтайгаа илүү итгэлтэй, дотно харилцаа үүсгэх боломжийг бий болгодог. Мөн энд бусад орны нэгэн адил хоцорч буй сурагчид анхаарал тавихын оронд сайн сурагчдыг хичээлдээ муутгахгүй байхад илүү анхаардаг. Эстон дахь "PISA"-гийн зохицуулагч Гунда Тире (Gunda Tire) “Боловсролын систем сайн байна гэж энд хэн ч хэзээ ч хэлэхгүй. Учир нь тэдний хувьд юу ч хангалттай сайн болсонд тооцогддоггүй” гэж энэ орны бусдаас ялгарах онцлогийг илэрхийлжээ.

Эстон: Эрх чөлөө, эрх тэгш, ахан дүүсэг байдал

3 Хятад: Дандаа багшийн зөв

Хятадын сургуульд хэн нэгэн хүүхэд бус, харин бүлэг ангийг нэгдүгээрт тавин авч үздэг. Эцэг эхчүүд багш нарыг нь бүрэн хүлээн зөвшөөрч, өндөр хүндэтгэлтэй ханддаг. Ингэснээр сургалтын чанар дээшилнэ гэж үздэг байна. Бүгдээрээ амжилт бол төрөлхийн чадвар биш, харин нөр их хөдөлмөр гэдгийг маш сайн ойлгосон байдаг. Энд эцэг эхчүүд хичээл номын тал дээр хүүхдийнхээ толгойг илж, хүссэнээр нь байлгадаггүй учир тэд сургууль дээрээ шийтгүүлсэн ч энэ тухай ээж, аавдаа хэлээд нэмэргүйг мэддэг. Боловсрол бол бүхний тэргүүнд тавих зорилт бөгөөд эцэг эхчүүд ч гэсэн дутагдаж гачигдсан ч хамаагүй хүүхдэдээ сурах боломжийг нь бий болгохыг эрмэлздэг.

Хятад: Дандаа багшийн зөв

Энэ фото зураг дээрх дөрвөн ихрийн эцэг эх баян биш ч гэлээ ах дүүсийг хамтад нь сайн сургуульд явуулж бүх зүйлсээр хангажээ. Тэдний овсгоотой сэргэлэн ээж багш нарт ихэр хөвгүүдийг ялгахад нь тусалж, ажлыг нь хөнгөвчлөхийн тулд үсийг нь хүртэл онцгой байдлаар засжээ. Хятадын сурган хүмүүжүүлэгч нар ямар нэгэн хичээл заахаас илүү тухайн хүүхдэд үнэт зүйл, сайн зан чанар суулгахыг өөрсдийн зорилгоо гэж үздэг. Япон сургуулиудын нэгэн адил сурагчдад гэрийн даалгаврыг маш ихээр өгдөг тул тэдэнд хувьдаа зарцуулах цаг хугацаа ч бараг байдаггүй. Зарим хүмүүс ийм системийг хэтэрхий хатуу, дарамттай гэж үздэг ч Хятадын сурагчид аливаад хүч хөдөлмөрөө зарцуулбал үр дүнд хүрнэ, мөн хувийн ололт дэвшил, зүгээр нэг оролцоо хоёрын хооронд ямар ялгаа байгааг маш сайн мэдэрч ойлгодог.

4 Япон: Хамгийн эрүүл хүүхдүүд

Тасралтгүй ярьдаг багш бол сургуулийн хамгийн үр бүтээмжгүй хэв маяг гэж япончууд үздэг байна. Сурагч хийсэн даалгавраа бусдад тайлбарласнаар тухайн хичээлийн материалыг жинхэнээсээ сайн ойлгоно. Ийм учраас Японд сурагчид ангийнхныхаа өмнө  гарч зогсоод  өөрийн ойлгосныг ярьдаг. Гэрийн даалгаврыг өдөр тутам, амралтын хугацаанд ч ихээр өгдөг. Хичээл таслах, хоцроход маш хатуу ханддаг. Хүндэтгэлтэй шалтгаан л биш бол ямар нэгэн байдлаар чөлөө авах боломжгүй. Япончууд сургуулийн хоолонд онцгой анхаарал тавьдаг. “Дэлхийн хамгийн эрүүл хүүхдүүд Японд амьдардаг” номын зохиогч Наоми Морияма "Сурагчид зөвхөн экологийн эрүүл бүтээгдэхүүнүүд идэхээс гадна хооллолтын соёлын талаар мэдлэгтэй болдог" гэж бичжээ. Сурагчдыг жимс, ногоог яаж зөв тарих, ургуулахад сургаж, янз бүрийн фермүүдэд танин мэдэх экскурс аялалд хамруулж, мөн хоол тэжээлийн мэргэжилтнүүдийг сургууль дээрээ урьж лекц уншуулдаг байна. Японы эрдэмтэд хоол тэжээл болон хичээлийн үзүүлэлт хоорондын уялдаа холбоог байнга судалсаар байдаг. Тэгээд гарсан судалгааны үр дүнг сургуулийн хоолны газруудад шууд нэвтрүүлдэг.

Япон: Хамгийн эрүүл хүүхдүүд

5 Финланд: Өдөр бүр хөгжимтэй

Энэ улсад хүүхдүүдэд бараг л гэрийн даалгавар өгдөггүй. Хичээлийн завсарлагаа нь хамгийн урт. “Финландын сургалтын систем: Дэлхийн хамгийн шилдэг сургуулиудын бүтэц” номыг зохиогч, Америкийн сурган хүмүүжүүлэгч Тимоти Уолкер Финландын энгийн сургууль олон зүйлээрээ гайхалтай гэж бичжээ. Скандинавчуудын бодлоор чанартай боловсрол өгөхийн тулд сургуулийг заавал орчин үеийн техникээр тоноглох ёстой биш, хамгийн наад захын шаардлагатай хөтөлбөр, тоног төхөөрөмж ашиглахад л хангалттай аж. Завсарлагааны үеэр хүүхдүүд ангид байгаа хөгжмийн зэмсэг (тэр байтугай бөмбөр)-ээр тоглож, өөрсдийн компакт-дискийг бичиж болно. Сургалтын хөтөлбөрт нь хөгжмийн хичээлийн цаг нь математикийн хичээлийнхтэй адил байдаг аж. Учир нь хичээлдээ үзүүлэх амжилт нь хөгжмийн сургалттай шууд холбоотой болохыг судалгааны үр дүнгээр тэд харуулсан юм. Үүнд финланд багш нар ч онцгой анхаарчээ. Энд сурагчдаас шалгалт авах нь ховор. Гэнэтийн даалгаврыг хэрхэн шийдэх чадварыг нь л шалгадаг. Финландчууд хар тамхи, дайн дажин, спортын ёс зүй эсвэл сексийн хүмүүжил зэрэг хүнд төрлийн сэдвээс зайлсхийдэггүй. Сурагчдад хэд хэдэн хичээлээр олж авсан мэдлэгээ нэгтгэн ашиглаж сурахад нь тусалдаг бөгөөд ийм сургалтын хандлагыг тэд мэдлэг баталгаажуулах стратеги гэж нэрлэдэг.

Финланд: Өдөр бүр хөгжимтэй

6 Канад: Сайхан сэтгэлтэй болгоцгооё

Өндөр түвшний боловсролтой бусад улсуудын нэгэн адил канадчууд олж авсан мэдлэгээ хэрэглэж чадахгүй байх нь мэдлэггүй байхтай адил гэж үзэхээс гадна шалгалтын үнэлгээ хүүхдийг бүрэн илэрхийлдэггүй учир үүнд тийм ч их ач холбогдол өгдөггүй. Тэгээд ч энэ улсад боловсролын яам байдаггүй. Боловсролын зөвлөл нь 13 муж болон нутаг дэвсгэрийн төлөөлөгчдөөс бүрдэнэ. Канадчууд хүүхдийг багаас нь өрөвч энэрэнгүй, тэсвэр тэвчээртэй болгон хүмүүжүүлдэг. Сэтгэхүйн хүнд төрлийнхөөс бусад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэвийн хүүхдүүдтэй хамт суралцдаг. Канадчууд хүүхдүүддээ "Бүх хүний амьдрал адилгүй. Бас бүгдэд амьдрал амар хялбар байдаггүй учраас янз бүрийн хүмүүстэй зохицон амьдрах хэрэгтэй хэмээн сургадаг. Сурагчдыг экологи, хандив, настай хүмүүсийг халамжлах мэтийн сайн дурын ажилд оролцуулдаг. Нэг сурагч цунамид өртөн орон гэргүй болсон хүмүүст зориулан харандаа, захиа, зураг зэргийг сургуулийнхнаасаа цуглуулж байх үеэр энэ зургийг авчээ. Иймэрхүү төсөлд идэвхтэй оролцсон сурагчдыг нэмэлт дүн тавих, шагнал өгөх зэргээр сургуулиас нь урамшуулдаг.

Канад: Сайхан сэтгэлтэй болгоцгооё

7 Вьетнам: Өндөр ёс зүйтэй сургалт

Энэ оронд Хятадын нэгэн адил багш хүн бол жирийн нэг албан тушаалтан биш, харин бусдын хүндлэлийг хүлээсэн өндөр байр суурь эзэлдэг. Тэгээд ч тэд хүүхдүүдтэй эцэг эх шиг нь чин сэтгэлээсээ ханддаг.  Тиймдээ тус улсад ямар ч насны иргэд сурах дуртай бөгөөд сургалтын материалуудыг урьдчилан судлах, нэмэлт курсүүдэд хамрагдах, гадаад хэл сурахад ямагт бэлэн байдаг. Вьетнамчууд боловсролыг амжилтанд хүрэх зам, гэр бүлдээ сайн сайхныг, мөн хүндэтгэлийг авчрах боломж гэж үздэг. Эндхийн олонх сургуулиуд сурагчдаа “Tiên học lễ, hậu học văn" уриатайгаар хүмүүжүүлдэг. Энэ уриа нь "Та эхлээд бусадтай сайн харилцаатай байж сур. Дараа нь шинжлэх ухааны мэдлэгийг олж ав" гэсэн утгатай. Ёс суртахууны хүмүүжил бол математик, газарзүй шиг сургуулийн хөтөлбөрийн нэгээхэн хэсэг юм. Ёс суртахууныг гүнзгий ухааруулж, уламжлалаа хүндэтгэдэг болгох нь хүүхдэд өгөх мэдлэг боловсролыг үр бүтээлтэй болгодог.

Вьетнам: Өндөр ёс зүйтэй сургалт

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
57094
2 эможи

keyboard_arrow_up