Брэнд хувцасны компаниуд биднээс юу нуудаг вэ?
Хувцас бурхан бие чөтгөр гэдэг. Орчин үед хүн бүр л гадаад үзэмжиндээ онцгой анхаарах болсон төдийгүй, загварлаг, донжтой, болж өгвөл брэндийн чанартай хувцас өмсөхийг чухалчилдаг нь нууц биш. Харин чанартай хэмээн бидний онцлоод байдаг брэндүүдийн хөшигний ард буюу үйлдвэрлэлийн процесст хүн үнэмшмээргүй ямар нууцууд байдаг юм бол?
1 "Fast fashion" гэж юу вэ?
"Fast fashion" гэдгийг ерөнхийд нь дүгнэвэл "Хямд өртгөөр бүтсэн орчин үеийн загварын хувцасны цуглуулга" хэмээн хэлж болно. Нэг ёсондоо загварын компаниуд бага зардлаар аль болох түргэн хугацаанд хэрэглэгчдийн гар дээр бүтээгдэхүүнээ хүргэх аргачлалыг ийнхүү нэрлэх болжээ. "Fast fashion" төрлийн хувцас нь ихэвчлэн чанар муутай материалаар хийгддэг учраас хямд байдаг төдийгүй хамгийн сүүлийн үеийн загварын чиг хандлагыг дагахыг хүссэн залуучууд гол хэрэглэгчид нь болдог. 1990-ээд оны үед томоохон брэндүүд хямд үнэтэй хэрнээ чамин хувцас үйлдвэрлэж эхэлснээр загвар зохион бүтээгчид дарамт шахалтанд орж эхэлжээ. Мөн Азийн үйлдвэрлэгчид бага зардлаар ажиллах болсон нь ихэнх компаниудыг үйлдвэрээ тийш нь нүүлгэхэд хүргэсэн юм. Кембрижийн их сургуулийн хийсэн судалгаагаар 2006 онд хүмүүс 2002 оныхоос гурав дахин илүү хувцас худалдаж авсан байна. Өнөөдөр "Zara", "H&M", "Primark", "Peacock", "NewYorker", "C&A", "Forever 21", "Topshop" болон загварын бусад компаниуд ялгаагүй "Fasy fashion" аргачлалаар голлон ажиллах болжээ.
2 Хямд, загварлаг хувцасны зах зээл ноёрхлоо тогтоогоод байна
"Fast fashion" асар том зах зээл болтлоо өргөжөөд байна. Хамгийн сүүлийн үеийн статистик мэдээгээр дэлхийн загварын зах зээл гурван их наяд орчим ам.доллараар хэмжигдсэн нь дэлхийн нийт ДНБ-ий гурван хувийг эзэлж Их Британийн ДНБ-ээс 500 тэрбум доллараар давжээ. Үүнээс 1.2 их наяд ам.долларыг "Fast fashion"-ы үйлдвэрлэл бүрдүүлдэг. Эмэгтэйчүүдийн хувцас үйлдвэрлэл 621 тэрбум доллар, эрэгтэйчүүдийнх 402 тэрбум долларын үнэтэй байдаг бол үлдсэн хэсэг нь хүүхдийн болон, спорт, хуримын хувцас, тансаг зэрэглэлийн бүх төрлийн бүтээгдэхүүнээс бүрддэг. "Fast fashion"-ыг нэвтрүүлэхэд гол нөлөө үзүүлсэн "GAP" брэндийн үүсгэн байгуулагч Дорис Фишерийн хөрөнгө өдгөө 2.7 тэрбум ам.доллараар хэмжигддэг бол "Topshop", "Topman", "Dorothy Perkins", "Miss Selfridge" зэрэг fast fashion брэндүүдийг үүсгэн байгуулагч Филип, Кристина Грин нар 5.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байна. "H&M"-ийн эзэн Стефан Перссон гэхэд л 19.7 тэрбум ам.доллар, харин "Zara", "Bershka", "Oysho", "Zara Home", "Pull&Bear" зэрэг компанийн эзэн Amancio Ortega 82.5 тэрбум долларын хөрөнгөтэй аж. 2017 онд тэрээр Европ дахь хамгийн баян хүн, дэлхийн хамгийн баян жижиглэнгийн худалдаа эрхлэгч болсон юм.
3 Төлөвлөгөөт элэгдэл
Төлөвлөгөөт элэгдэл нь "Fast fashion"-ы гол хөдөлгөгч хүч юм. Өөрөөр хэлбэл тухайн хувцасны эдэлгээг аль болох богино байлгаж гэмээнэ ойр ойрхон үйлчлүүлэгчдийг татах аргыг компаниуд өргөнөөр хэрэглэдэг аж. Жишээ нь хямд үнэтэй цамцыг ойролцоогоор 30 угаалга даах зориулалтаар хийсэн бөгөөд бэлтгэлийн хямдхан өмд 60 километр зам туулсны дараа элэгдэж эхэлдэг. Полиэстер, нийлэг материал моодонд орохоос өмнө хувцсыг ноос, хөвөн, торго, маалинга зэрэг байгалийн материалаар хийдэг байсан аж. Эдгээр нь хиймлээс илүү бат бөх байдаг тул удаан хугацаагаар хэрэглэх боломжтой юм. Мөн 50 жилийн өмнө хувцсыг одоогийнхоос илүү өндөр чанартайгаар үйлдвэрлэдэг байжээ. Лондон дахь Виктория ба Альберт музейн загварын хувцасны каталогич Даниел Милфорд-Веутс хэлэхдээ хувцсыг хэврэг болгохын тулд тусгай арга хэмжээ авдаг болохыг хэлж байна. Хатуу материалыг зөөлөнтэй хослуулснаар элэгдэх хугацаа нь түргэсэж, угаалтын ая даахаа болино. Түүнээс гадна хөвөн болон нийлэг эдлэлээр хийсэн хувцас нь угаах үед агшиж хэлбэрээ алддаг байна. Товчнуудыг нь ч бас хэргээр сул тогтоодог учраас хэзээ ч гээгдэх, унах магадлал өндөр. Хүмүүс харин товчоо хадахын оронд шинэ цамц авдгийг үйлдвэрлэгчид дэндүү сайн мэднэ.
4 Сурталчилгаа
Төлөвлөгөөт элэгдлийг хэрэглэгчдээс нуухын тулд компаниуд худалдан авагчдыг зогсолтгүй үргэлжлэх сурталчилгаагаар "бөмбөгдөнө". Шинэ загварын өөрчлөгдөх давтамж нь сүүлийн жилүүдэд улам ойртох болжээ. Өмнө нь загварын брэндүүд хоёр удаа буюу хавар /зун, намар/, өвлийн гэсэн цуглуулга гаргадаг байсан бол Fast fashion-ы үйлдвэрлэл өргөжсөнөөр энэ давтамж тоогоо алджээ. Өнөөдөр ихэнх брэндүүд жил бүр доод тал нь 18 цуглуулга санал болгож байна. Энэ нь хувцасны загвар сар болоод л хуучирч байна гэсэн үг юм. Статистик мэдээллээс харахад бид эдгээр хямдхан хувцсыг авснаас хойш дунджаар таван удаа өмсөөд 35 хоногийн дараа хаях шаардлага гарах аж. Одоогийн байдлаар сурталчилгааг хоёр аргаар явуулж байна. Нэг нь зар сурталчилгааны самбар, нөгөө нь телевизийн сурталчилгаа. "Хямдралын" улирал болон телевизийн загварын шоуг сүүлийн үед брэндүүд сурталчилгаандаа түгээмэл ашиглах болсон.
5 Өндөр хэрэглээ
1960-аад оны үед нэг өрх жилд дунджаар 25 хувцас авдаг байжээ. Өнөөдөр энэ тоо 80-аас доошгүй болсон. Жил бүр дэлхий даяар 150 тэрбум шинэ хувцас үйлдвэрлэгдэж байгаа нь гариг дээрх хүн бүрт 20 орчим нь ноогдоно гэсэн үг. 2010 онд АНУ-ын дундаж гэр бүл жилд ойролцоогоор 1700 доллараар хувцасладаг төдийгүй дундаж Нью-Йоркийн дундаж иргэн сард 362 долларыг хувцсанд зарцуулсан гэсэн судалгаа байна. Их Британичууд нийтдээ жилд ойролцоогоор 46.7 тэрбум долларын үнэтэй хувцас авч шүүгээндээ хийгээд хэзээ ч өмсдөггүй гэжээ. Гэхдээ эдгээр хувцас хуучирч эсвэл шүүгээ нь илүү зайгүй болсноор аравны ес нь хогийн цэгт хүргэгддэг. Жилд нэг англи иргэн дунджаар 30 кг хувцас хаядаг (нийтдээ 235 сая ширхэг буюу жилд 1.2 сая тонн). Харин энэ үзүүлэлт америк иргэний хувьд ойролцоогоор 37 кг байна. Тэгэхээр АНУ-ын хогийн цэгүүдэд жилд 13 их наяд тонн хувцас хаягддаг гэсэн үг юм.
6 Хямд ажиллах хүч
1990 онд АНУ-д хувцас үйлдвэрлэх бизнест ойролцоогоор 900.000 хүн ажиллаж байсан бол энэ тоо 2011 онд 150.000 болж буурчээ. Өнөө үед дэлхийн импортын хувцасны 42 хувийг Хятадаас, бусдыг нь Вьетнам, Бангладеш, Энэтхэг, Индонез, Мексик улсаас тээвэрлэдэг болжээ. Та энэ байдлыг өмнө нь анзаарсан байж болно. Хөгжиж буй орнуудад бага хөлсөөр ажилладаг иргэдийн тоо огцом нэмэгдэж байгаа. Өнөөдөр дэлхий дээр 75 сая хүн бидний өмссөн хувцсыг оёж байгаагийн 80 хувь нь эмэгтэйчүүд байна. Эдгээр компани дэлхий дээр эмэгтэйчүүдэд зориулсан ажлын байрны тоогоор тэргүүлдэг гэж онгирдог нь үнэн юм. Харамсалтай нь, тэдгээр хүмүүсийн 98 хувь нь өдрийн 14-18 цагаар ажиллаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин авдаг. Тухайлбал, Бангладешт иргэдийнх нь сарын дундаж цалин 340 ам.доллар байдаг ч оёдолчдынх 68 доллараар хэмжигддэг. Мөн хүүхдийн хөдөлмөрийн талаар орхигдуулж болохгүй. Дэлхий даяар хөдөлмөр эрхэлдэг 168 сая гаруй хүүхэд байгаагийн олонх нь хувцасны үйлдвэрт ажилладаг. "Nike", "H&M", "Gap", "Adidas" зэрэг алдартай брэндүүд хүүхдүүдийг аюултай орчинд хөдөлмөр эрхлүүлж байсан нь илэрч байсан удаатай.
7 2013 оны "Рама Плаза"-гийн сүйрэл
"H&M"-ийн Тогтвортой байдлын албаны дарга Хасена Хелмерссон загварын нийлүүлэлтийн сүлжээ нь маш нарийн төвөгтэй учраас "бүрэн хянах боломжгүй" гэж хэлж байжээ. Энэ төвөгтэй байдлаас болоод дэлхийд алдартай эдгээр брэнд ямар нэг томоохон осол гарах үед хариуцлагаас амархан мултардаг. Өмнө нь хэлсэнчлэн "Fast fashion" чанараас илүү тоон дээр анхаардаг учраас үйл ажиллагааг нь хурдлуулахын тулд зарим нэг чухал зүйлийг орхигдуулах хандлагатай байдаг. Ихэнх брэндүүд хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд хууль бус зүйлс хийдэг нь нууц биш. Ямар ч нэр хаяггүй газар олон хүн ажиллуулбал осол гарсан ч үймээн дунд хариуцлагаас мултрах амархан. Бангладешийн "Рама Плаза"-гийн сүйрэл нь хувцас үйлдвэрлэлтэй холбоотой дэлхийн хамгийн том осол юм. 2013 онд тус барилга нурснаар 1134 хүн нас барж, 2500 хүн шархадсан байна. Хохирогчдын ихэнх нь хувцасны үйлдвэрийн ажилчид байсан ба тухайн компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, ослын шат зэргийг суурилуулаагүй байжээ. Ослоос хойш долоо хоногийн дараа загварын компаниуд хэд хэдэн ТББ-уудтай уулзаж болзошгүй ослоос сэргийлэх арга хэмжээг хэрхэн авахаа тохиролцсон. Гэхдээ олон тэрбум долларын орлоготой дээрх компаниудын ихэнх нь хохирогчдын ар гэрийнхэнд зориулж 30 сая ам.доллар босгохыг хүссэн шаардлагад татгалзсан хариу өгчээ. Хожим нь тэд "Их долоо"-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр шахалтанд орж дээрх мөнгөн дүнг төлсөн байна.
8 Даавууны үргүй ашиглалт
2015 онд дэлхий дээр нийт 250.000 квадрат км даавуу үйлдвэрлэгдсэн гэсэн тооцоо бий. Хөвөн даавуу өнөөдөр бидний өмсөж буй ихэнх хувцасны гол материалын нэг юм. Энэ нь хувцасны үйлдвэрлэлийн салбарт хэрэглэдэг бүх даавууны бараг 40 хувийг бүрдүүлдэг. Хөвөн нь энэ салбарын хамгийн "хэрэгцээтэй" ургамал юм. Гэхдээ нэг хос футболка, өмд хийх хөвөнг боловсруулахын тулд 19.000 литр ус шаардагддаг. Узбекистан улс дэлхийн зургаа дахь том хөвөн үйлдвэрлэгч болохын тулд дэлхийн дөрөв дэх том нуур арал тэнгисийг ширгээж байжээ. Хэдийгээр хөвөн нь дэлхий дээр байдаг бүх тариалангийн зөвхөн 2.4 хувийг эзэлдэг боловч бүх бордооны 10 хувь, хортон шавьжны хорны 25 хувийг "сордог". Нийлэг эд нь хямд хувцас үйлдвэрлэхэд хэрэглэгддэг үндсэн материал юм. Нийлэг материал нь нефть, химийн бодисуудаас гаралтай бөгөөд биологийн задралд ордоггүй. Үүнийг үйлдвэрлэхэд их хэмжээний азотын оксид (CO2-оос 300 дахин хортой хүлэмжийн хий) ялгардаг. Гэсэн хэдий ч хувцас үйлдвэрлэгчид энэ материалыг дахин боловсруулах арга хайж байгаа ч одоогоор ганцхан ундааны сав л болгон хувиргаж байна. АНУ-д эдгээр савны зөвхөн зургаан хувийг л дахин боловсруулдаг юм. Цаашлаад угаах бүрт нийлэг хувцас ойролцоогоор 1900 ширхэг бичил утас далай руу урсдаг гэсэн тооцоо бий. Эдгээрийг загас идэж, эцэст нь бид тэр загасыг иднэ. Дэлхий даяар бүх цоргоны усны 83 хувь нь эдгээр бичил утсаар бохирдсон болохыг эрдэмтэд тогтоосон байна.
9 Хямд хувцас хол зам туулдаг
Хэдийгээр загварын том компаниудын ихэнх нь АНУ, Европт суурилсан боловч дэлхий даяар хийсэн хувцаснуудын 60 гаруй хувийг хөгжиж буй орнуудад үйлдвэрлэдэг. Түүнээс гадна, хамгийн том хэрэглэгчид нь хөгжингүй орнуудад амьдардаг. Үүнээс болоод хувцсыг асар хол газар тээвэрлэх шаардлагатай байдаг. Мөн хөвөн, даавуу зэрэг түүхий эдийг хол газар тээвэрлэх хэрэг гарна. Энэ нь дэлхий дээрх хувцасны 90 гаруй хувь нь дор хаяж нэг далайгаар дайран эздийнхээ гарт очдог гэсэн үг юм. Хөвөн нь магадгүй машин, галт тэрэг, ачааны хөлөг онгоц, тэр ч байтугай онгоцоор дамжиж байж цамц, эсвэл жийнс болон хувирна. Fast Fashion манай гаригийн хүлэмжийн хийн 10 хувийг бүрдүүлдэг гэсэн үг. Мөн усны өндөр хэрэглээ, бохирдол, газрын бохиордол зургийг тооцох юм бол байгаль орчинд хамгийн хөнөөлтэй салбарын нэг болохыг ойлгож болно.
10 Slow Fashion
Парисын цаг уурын өөрчлөлтийн гэрээнд хоол хүнсний хаягдал, хувцасны үйлдвэрлэл зэргийг тусгаж өгөөгүй. Мөн эрх баригчид энэ талаар ямар нэг арга хэмжээ авах ч шинжгүй байна. Гэсэн хэдий ч бид байдлыг гартаа авч болно. Хэрэглэгчид бид юу түрүүнд Slow Fashion буюу илүү чанартай, удаан эдэлгээтэй хувцас авах аргыг хэрэглэж эхлэх хэрэгтэй. Чанартай, байгальд ээлтэй брэндүүдийг эрэлхийэх юм уу, өөрөө материалаа сонгож оёдолчинд хандсан ч болно. Эхэндээ үнэтэй мэт санагдаж байж болох ч аажимдаа таны эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчинд эерэг нөлөөтэй болохыг битгий мартаарай.
Эх сурвалж: CAAK.MN
|