Ажилтан, удирдлагын цалингийн зөрүүг ил болгохыг шаардав
Гүйцэтгэх захирлын цалинг ажилчдын дундажтай харьцуулсан үзүүлэлт, хувьцааны үнэ өсөхөд гүйцэтгэх удирдлагын хөлс нэмэгдэх магадлал зэргийг тооцон мэдээлж байхыг компаниудаас шаардсан шинэ хуулийн төслийг Их Британи тавдугаар сард батална.
Уг алхам нь нэгдсэн вант улсад өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн компанийн засаглалын шинэчлэлийн нэг хэсэг юм. Шинэ зохицуулалт нь нээлттэй хувьцаат болон хувийн компаниудын удирдлагын зөвлөлөөс зөвхөн хувьцаа эзэмшигчдийн төлөө бус, ажилтан ажилчид, ханган нийлүүлэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийн төлөө ажиллахыг шаардаж байна.
Хувийн том компаниуд шинэ хуулийн дагуу анх удаа компанийн засаглалын ёс зүйд нийцүүлэн ажиллаж буйгаа тайлагнах үүрэг хүлээцгээнэ.
Уг хууль нь санхүүгийн хямралын үеэр Их Британийн бизнесийн хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл, BHS (British Home Stores) хувийн сүлжээ дэлгүүрийн бүтэлгүй ажиллагаа зэрэгтэй холбоотой олны дургүйцлийн хариуд Засгийн газраас авч буй арга хэмжээ юм.
Хууль хүчин төгөлдөр болох тохиолдолд компаниудын удирдах зөвлөл гүйцэтгэх захирлын цалинг ажилтан, ажилчдын дундажтай харьцуулсан үзүүлэлт зэрэг шинэ шаардлага бүхий тайлан гаргах үүрэг хүлээнэ. Мөн захирлууд бизнестээ зөвхөн хөрөнгө оруулагчдыг бус, нийт хувьцаа эзэмшигчдийг харгалзан үзэж байгаагаа батлах ёстой. Их Британийн Компанийн хуулийн 172 дугаар зүйлд ийм заалт байдаг ч үүнээ батлах баталгаа гаргахыг шаарддаггүй.
Компанийн засаглалын ямар хууль мөрдөж буйгаа тайлагнах шаардлагатай тулгарсан хувийн том компаниуд хуулийн төсөл өөрсдөд нь “цоо шинэ юм” болох гэж буйг тайлбарлав. Энэхүү шаардлага Их Британийн хувийн мэдлийн 1750 том компанид л хамаарах юм.
“Хувийн том компаниудын хувьд ноцтой өөрчлөлт болж байгаа”-г Захирлуудын хүрээлэнгийн (Institutre of Directors) компанийн засаглал хариуцсан тэргүүн Рожер Баркер тайлбарлав. Том компаниуд “засаглалыг өөрсдийн үзэмжээр тогтоодог ертөнцөд амьдарч ирсэн”-ийг тэрбээр анхааруулж байлаа.
Өнөөгийн засаглалыг өөрчлөх цаг болсон хэмээн ICSA засаглалын хүрээлэнгийн бодлого, судалгаа хариуцсан захирал Питер Своби мэдэгдэв. “Засаглалтай нь холбоотой бүхнийг ил тод болгодоггүй нь хувийн компаниудын гол бэрхшээл. Тосгоны сантехникийн компани удирддаг ямар нэг ноён Блогс байвал яая гэхэв. Харин төлбөрийн чадваргүй болсон BHS шиг компанийн хувьд асуудал өөр. Тогтолцоонд чухал бус ийм компани нийгэмд мэдэгдэхүйц нөлөөтэй мөртлөө үүрэг хариуцлага нь хязгаартай” хэмээн тэрбээр өгүүлэв.
Цалингийн зөрөөний харьцуулалт олон нийтийг төөрөгдүүлж болзошгүй хэмээн зарим ажиглагч үздэг.
Цалин хөлстэй нь холбоотой мэдээллийг “илүү ил тод болгох” шаардлагыг өнөөгийн компанийн захирлууд хүлээн авдаг болсныг Британийн үйлдвэрлэлийн холбооны (CBI - Confederation of British Industry) бодлого хариуцсан орлогч захирал Жош Харди тайлбарлав. “Нэг талдаа цалин хөлстэй холбоотой таамаг цуу яриаг эцэслэхийн тулд, нөгөө талдаа санхүүгийн хариуцлага хүлээх үүднээс цалингийн зөрөөг ил тод болгох шаардлагыг компанийн удирдлагууд зөвшөөрдөг болжээ. Хуучинтай харьцуулахад өнөөгийн бизнес ийм шаардлагыг хавьгүй илүү хүлээн авч байгаа”.
Гүйцэтгэх захирлын цалин хөлсөнд жил тутмын шагнал, бонусаас гадна тэтгэвэр, урт хугацааны санал санаачилгын урамшуулал зэрэг бусад зүйлс багтдаг тул тооцоолоход амаргүй. Бага цалинтай олон ажилтан бүхий жижиглэн худалдааны компани, цалин харьцангуй жигд банк хоёрын зөрөө их тул харьцуулалтыг салбар бүрээр ялгаатай гаргах саналыг CBI Засгийн газарт тавьсан ч хүлээн аваагүй. Цалингийн зөрөөний харьцуулалт олон нийтийг төөрөгдүүлж болзошгүй хэмээн зарим ажиглагч үздэг. Жишээ нь Goldman Sachs-ын гүйцэтгэх захирлын цалинг ажилтнуудын дундажтай нь харьцуулсан үзүүлэлт хүнсний бүтээгдэхүүний Tesco компанийн захирлынхаас бага гарч болзошгүй.
Гүйцэтгэх захирлын цалингийн зөрөөг тайлагнах шаардлага нь “тун будилаантай”, ташаа буруу ойлголт төрүүлэх аюултайг хуулийн төсөлтэй танилцсан зарим шинжээч шүүмжиллээ. Хэт түвэгтэй шаардлага тавих нь компаниудад “толгой эргүүлэх” боломж олгоно хэмээн ноён Своби үзэж байна. “Хэтийн санал санаачилгыг харгалзах, ажилтнуудын тодорхой хэсгийг хасах юм уу багтаах боломж үүсгээд байвал компаниуд ч олон хувилбараар тооцоо гаргаж, өөртөө илүү тохиромжтойг нь сонгоцгооно” хэмээн тэрбээр анхааруулав.
Хуулийн шинэ төсөл нь Их Британи болон дэлхий дахинд компанийн засаглалыг чангатгах олон хүчин чармайлтын ердөө ганц нь. АНУ-ын компаниуд ч гүйцэтгэх захирлын цалинг ажиллагсдын дундажтай харьцуулсан харьцуулалтыг энэ оноос анх удаа ил болгосон.
Их Британид бүртгэлтэй том компаниуд мөрдөх ёстой засаглалын хуулийн шинэчилсэн хувилбарыг долдугаар сард танилцуулна. Хувийн компаниудад зориулсан засаглалын хуулийн төслийг ирэх жил танилцуулах ёстой.
Сара Гордон