Инстаграмын зураг авах халуун цэгүүд
Тэнгэр баганадсан өндөр барилгаас эхлээд хуучны нарийн гудамж, тод өнгийн самбар, этгээд хувцасласан залуус Токиогийн өнгө төрхийг илтгэнэ. Үргэлж онцгой, хачирхалтай бүхнээр дүүрэн энэ хотод бүтэн нэг жилийг зураг авахад зарцуулсан ч багадна. Ямартай ч аялагч танд инстаграмын өнгөлөг, өвөрмөц зураг авах “халуун” цэгүүдийг танилцуулъя.
#Shibuya
Shibuya төмөр замын өртөөний урд талын гарцаар өдөрт мянга мянган хүн холхино. Эргэн тойронд нь тэнгэр баганадсан барилга, асар том дэлгэц, неон гэрэл бий. Энэ хэсэг худалдааны төв, зугаа цэнгэл, шөнийн амьдралаараа алдартайгаас гадна Япон залуучуудын хувцас загвар, өвөрмөц соёлыг тусгал юм. Эндээс тун сонирхолтой зураг гарна гэдэгт эргэлзэх хэрэггүй, хамгийн гол нь зургийн өнцгөө зөв сонгох хэрэгтэй.
#Akihabara
Тод неон гэрэл, нүд булаам зар сурталчилгааны самбараар дүүрэн Akihabara дүүргийн гудамжинд технологид дурлагсад олноор цугладаг. Сүүлийн арван жил энэ дүүрэгт анимэ, манга, ретро видео тоглоом, уран баримал, картын тоглоомын дэлгүүр ихээр бий болжээ.
Сайн зураг авахын тулд орчиндоо дасах бүр заримдаа уусах ч хэрэг гардаг. Тиймээс та энд бүхэл оройжин саатаж, эргэн тойронтойгоо танилцаж байж л Япон залуучуудын амьдралын хэв маягийг харуулсан зургууд авч чадна.
#Omotesando
Энэ гоёмсог барилгын архитектурыг Hiroshi Nakamura зохион бүтээжээ
Энэ бол Harajuku дахь “Tokyu Plaza Omohara” загварын худалдааны төвийн орох хаалга юм. Ийм сайхан хаалганы хажуугаар яаж зүгээр гарах билээ? Толины тусгалд зураг авч, дэлгүүрийн 6-р давхрын задгай талбай, кофе шоп, кафе зэрэг газраар зочлоорой.
# Golden Gai
Үнэхээр өвөрмөц уур амьсгалтай газар
Golden Gai-гийн нарийхан гудамжинд ердөө 5-6 хүн багтахаар жижиг ресторан, хуучинсаг баар олон. Энд элдэв өндөр шилэн барилга болон олон дурсгалт хөшөө байхгүй. Энэ газрыг удаан хугацаанд өөрчлөөгүй, хуучин барилгыг нь нураалгүй өдийг хүрчээ. Тиймээс зураг авалтын байршлууд дундаа ховор эрдэнэ л гэсэн үг. Golden Gai-гийн эртний барилгууд шөнийн цагт хамгийн үзэсгэлэнтэй харагддаг бөгөөд ямар нэгэн хуучны киноны дүр зургийг санагдуулна.
#TheSoho
Шөнө болоход Soho барилгын цонх олон өнгөөр гэрэлтэнэ. Энэ гайхалтай дотоод засал, архитектурын шийдэлтэй газрын дүр зургийг ч гэсэн буулгаад аваарай.
#Meijishrine
Жил бүр Токио хотод бунхан, сүм хийдийг сонирхох гэж гадаадаас хэдэн мянган жуулчид ирдэг билээ. Хэдийгээр сүм хийдийн зарим барилгыг байгалийн гамшгаас болж хэд хэдэн удаа сэргээн босгосон ч гэлээ өнөөг хүртэл өөрийн сүр жавхлангаа хадгалж үлдсэн ажээ.
Токиогийн алдартай “Meiji” хийдэд эртний сүм хийдийн барилга архитектур харахаас гадна цэцэрлэгт хүрээлэн, 1,500 гаруй жилийн настай агар модон хаалга, мөргөл үйлдэж буй хүмүүсийн дүр зургийг хальсандаа буулгаарай.
#odaiba
Odaiba дахь Эрх чөлөөний хөшөө
Японд ирсэн ихэнх жуулчид Odaiba дүүргийг аяллын маршрутдаа заавал багтаадаг. Энд худалдаа үйлчилгээний төв, зугаа цэнгэлийн төв, халуун рашаан, алсыг харагч, үзэсгэлэнтэй байгаль гээд хүнийг татах зүйл ихтэй. Ялангуяа үдшийн бүрийд ирж романтик зураг аваарай.
#Subwaytokyo
Гэхдээ нэг зүйл үлдчих шиг боллоо. Аан тийн, саналаа...
Метрогоор явж байхдаа зураг аваарай гэж хэлэх гэсэн юм. Токиогийн метронд ажилчин ангийнхан, бага насны хүүхдүүд, этгээд хувцасласан залуучууд, болон унтаж буй хүмүүс гээд олон төрлийн хүнтэй тааралдана. Тэд нарын сэтгэл хөдлөл, үйл хөдөлгөөнийг ажиглаад зургийг нь дараад явах ч тун сонирхолтой байх болно.
Эх сурвалж: woovoo.mn
|