Дэлхийн хамгийн алдартай үнэт чулуунууд
“Дрездений ногоон” бол дэлхий дээр олдсон хамгийн том байгалийн ногоон алмаз юм. Смитсонийн музейн судлаачдын тайлбарлаж буйгаар энэхүү гайхамшигт чулууны талаар 1722 онд анх Лондоны хэвлэлийн хуудаснаа дурдсан байдаг аж. Үүний дараа 1742 онд Лейпцигийн үзэсгэлэн худалдааны үеэр Польшийн хаан Августус III нэгэн Голланд худалдаачнаас авч байжээ. 1768 онд 2 том, 411 дундаж болон жижиг хэмжээний очир эрдэнүүдээр чимэглэн малгай хийж байсан гэдэг.
Дрездений ногоон нь 41 каратын хэмжээтэй бөгөөд өдгөө Германы Дрезден хотын ордонд байрлаж, хүмүүсийн нүдийг хужирлаж байгаа юм.
Холливудын од Грэйс Келлиг хааны гэр бүлийн гишүүн болгосон энэхүү сүйн бөгж нь 10.47 каратын алмаз эрдэнэтэй. Грэйс гүнж энэ бөгжиндөө асар их хайртай бөгөөд биеэсээ бараг салгадаггүй байжээ. Түүний Бинг Кросби болон Фрэнк Синатра нартай хамтран тоглосон “High Society” кинондоо ч энэ бөгжөө зүүсэн байдаг юм. Одоо энэхүү үнэт эдлэл 4 сая гаруй ам.долларын үнэтэй.
1955 оны Каннын кино наадмын үеэр Грэйс Келлиг Монакогийн Хунтайжийн ордонд Хунтайж Рэйниер III-тай зураг авахуулахыг урьсан байна. Тэр жилдээ хунтайж АНУ-д албан айлчлал хийж байгаад Грэйсийн гэрт ирж уулзсан бөгөөд ердөө 3 хоногийн дараа энэхүү гайхамшигт бөгжийг барин гэрлэх санал тавьсан байдаг. Алдарт жүжигчин Келлиг Монако улсын гүнж болсон гэрлэх ёслолыг 30 сая гаруй хүн үзсэн гэдэг. Шидэт үлгэр биеллээ олсон цөөн тохиолдлуудын нэг энэ юм.
2010 онд энэхүү 24.78 каратын ягаан очир алмазыг дуудлага худалдаанд оруулахад 27-38 сая ам.долларын үнэ хүрнэ гэж тооцоолж байсан ч “Graff Diamonds” компанийн эзэн, үнэт эдлэлийн мастер Лоренс Графф 46 сая ам.доллараар худалдаж авсан билээ. Тэрбээр чулууг засварлаж, жинхэнэ гоо үзэсгэлэнг нь ил гаргаж чадсан юм. Байгалийн гаралтай 20 орчим сэвийг арилгаж, хэлбэрт оруулан зассан байна. Өмнө нь нэргүй байсан уг чулуундаа “Граффын ягаан” гэсэн нэрийг өгсөн байдаг. Засварласны дараа энэхүү ягаан алмаз нь 23.88 каратын хэмжээтэй болсон агаад одоо дэлхий дээр буй хамгийн өө сэвгүй, тунгалаг ягаан очир эрдэнэд тооцогддог.
Граффын ягаан нь IIa зэрэглэлийнх тул дэлхий дээр байгаа бүх очир эрдэнүүдээс хамгийн шилдэг гэх 2%-д нь багтдаг байна.
Дэлхий дээр буй хамгийн алдартай очир эрднүүдийн нэг болох “The Hope” буюу “Найдвар” гэх энэ чулуу нь хараагдсан гэдгээрээ алдартай. Анх 1666 онд Францын үнэт чулууны худалдаачин Жан Баптист Таверние худалдан авсан ба үүнийгээ “Таверниегийн цэнхэр” гэж нэрлэж байжээ. Тэрээр үүнийгээ засварлаад “Францын цэнхэр” хэмээн нэрлэсэн ба Францын хаан Луи XIV-д 1668 онд зарсан байна. Чулууг 1791 онд хулгайд алдсан ба хожим 1839 онд Лондон хотын банкны салбарын “Хөүп (Hope)” нэртэй гэр бүл дахин засварласан байдалтайгаар нь олонд дэлгэсэн байдаг. Энэ мэт маш олон эзэн сольсон уг чулууг 1949 онд Нью Йоркийн үнэт чулууны худалдаачин Харри Уинстонд ирж, 1958 онд Вашингтоны Үндэсний түүхийн музейд бэлэглэснээр одоо хүртэл тэндээ байдаг аж.
Энэхүү 45.52 каратын хэмжээтэй хөх очир эрдэнэ анх 1666 онд эзэнтэй болсон агаад маш олон эзэн дамжсан зэргээс болоод ч тэр үү хараагдсан эрдэнэ гэх нь бий. Гэхдээ худалдаачид энэ чулууг илүү үнэд хүргэх гэж энэ яриаг үүсгэсэн гэж үздэг юм. Хамгийн сүүлийн байдлаар “Найдвар” чулууг 250 сая ам.доллараар үнэлж, даатгуулсан гэсэн мэдээлэл бий.
Анх Энэтхэгийн Андра Прадешийн Коллур уурхайгаас олдсон гэж үздэг энэхүү чулуу хамгийн анх ямар жинтэй байсан талаар хэн ч мэдэхгүй. Жинлэж байсан анхны тохиолдлоор 186 каратын хэмжээтэй байсан гэх Ко-И-Нур алмаз нь өдгөө 105.6 каратын хэмжээтэй ба дэлхий дээрх хамгийн том засварлагдсан алмаз эрдэнэ юм. Ко-И-Нур гэдэг нь Перс хэлээр “Гэрэлт уул” гэсэн утгатай бөгөөд 18 дугаар зуунаас хойш энэ нэрээ хадгалж байгаа эрдэнэ юм.
Ко-И-Нурыг зүүсэн эрчүүдэд азгүй явдал тохиолддог гэж үздэг тул энэ эрдэнийг зөвхөн Британийн хааны гэр бүлийн эмэгтэйчүүд зүүдэг болсон байна. Хамгийн анх түүнийг Английн Хатан хаан Виктория зүүж байсан ба түүний дараа 1901 онд Александра хатан, 1911 онд Мэри хатан нар зүүж байсан юм. Өдгөө 1937 оноос хойш Их Британийн хатан хаан Элизабет II бүрэн эрхийнхээ хүрээнд эзэмшиж байгаа билээ.
L’Incomparable буюу Харьцуулшгүй гэх энэхүү очир эрднээр чимсэн зүүлт нийт 637 каратын үнэт чулуутай. Гиннесийн номонд дэлхий дээрх хамгийн үнэтэй хүзүүний зүүлт гэх рекордыг эзэмшдэг уг зүүлт нь одоогийн байдлаар 55 сая ам.долларын үнэтэй юм.
Forbes сэтгүүлд бичсэнээр энэ зүүлтний гол чимэг нь болох 407.48 каратын хэмжээтэй гүн шаргал очир эрдэнэ нь дэлхий дээр буй хамгийн цэвэр, хамгийн том шар алмаз гэгддэг. Уг чулууг 1980-аад онд Конго улс дахь нэгэн уурхайгаас гарсан чулууны хогон дундаас нэгэн охин олсон аж.
Францын эзэн хаан, байлдан дагуулагч цэргийн генерал Наполеон Бонапарт өөрийн хоёр дахь эхнэр болох Хатан Мария-Луизадаа зориулан хуримын бэлэг болгон өгсөн уг титэм дэлхийн хамгийн алдартай үнэт эдлэлүүдийн нэг юм. Энэ титмийг Наполеон Парисын алдарт Etienne Nitot et Fils-д 1810 онд захиалан хийлгэсэн ба титмээс гадна зүүлт, ээмэг, сам зэргийг хамтад нь авч байсан аж.
Нийт 700 каратын хэмжээтэй 1006 ширхэг алмаз эрдэнэ, 79 ширхэг маргад эрдэнээр чимэглэгдсэн байсан уг титмийг сүүлд “Van Cleef & Arpels” компани эзэмшиж байжээ. Тус компани маргад эрдэнэ тус бүрийг нь өөр үнэт эдлэл хийхэд ашиглах зорилгоор 1950-аад оны үед Персийн оюу эрдэнээр сольсон аж. Харин 1971 онд “Van Cleef & Arpels” компани уг титмийн түүхэн ач холбогдлыг нь үнэлж, Смитсонийн институт музейд үнэт эдлэлийг бүхэлд нь бэлэглэсэн юм.
Өдгөө Хунтайж Уильяамын гэргий Кэйт Миддлетон гүнжийн хурууг чимэж буй энэхүү 12 каратын сафир чулууг очир эрднээр тойруулан чимсэн бөгжний анхны эзэн нь Диана гүнж байсан юм. Уэйлсийн хунтайж Чарьлзын эхнэр Диана гүнжийн сүйн бөгж анх 60 мянган ам.долларын үнэтэй байсан ч эзэн хааны гэр бүлийн хувьд үнэлж болшгүй чухал эрдэнэ болсон тул түүхэн дэх хамгийн нандин эрдэнэсүүдийн тоонд ордог ажээ.
Зарим эх сурвалжид бичсэнээр Диана гүнж ээжийнх нь сүйн бөгжийг санагдуулсан учир энэ бөгжийг сонгосон гэдэг.
Дэлхий дээр буй эрднийн чулууны зэрэглэлтэй хамгийн том хөх сафир чулуу бол Энэтхэгийн Сафирын од юм. Хамгийн гайхамшигтай нь уг чулуу 2 тэрбум жилийн настай бөгөөд 563.35 каратын жинтэй. Анх Шри Ланкийн уурхайгаас олдсон энэ эрдэнэ Өдгөө Америкийн түүхийн музейд хадгалагддаг.
Энэхүү 110.3 каратын лийрэн хэлбэртэй шар очир эрдэнийг Өмнөд Африкаас олсон юм. Нэр нь “Нарны дусал” гэж орчуулагддаг уг чулуу 10.9 сая ам.доллараар Женев хотод болсон Sotheby-ийн дуудлага худалдаагаар зарагдсанаар хамгийн өндөр үнээр худалдаалагдсан шар алмаз болжээ. Худалдан авагчийн нэр нууц бөгөөд татвар, урамшууллыг нийлүүлэн 12.36 сая ам.доллар төлсөн гэдэг.
Нарны дуслын түүх харьцангуй богино. Түүнийг 2010 онд олсон ба шинжилгээгээр 1-3 тэрбум жилийн настай гэж тооцоолсон байдаг.
Алдарт жүжигчин Элизайбет Тэйлор очир эрдэнэд хайртай байснаараа дэлхийд алдартай. Тэрээр үнэт эдлэлийн томоохон цуглуулгатай байсан бөгөөд тэдний дунд 33 каратын, дотроо ямар ч өө сэвгүй энэхүү цагаан алмаз байдаг. Тухайн үеийн нөхөр Ричард Буртоны бэлэглэсэн энэхүү чулуу Элизабет Тэйлорын хамгийн алдартай, хамгийн дуртай нь байсан юм. Тэрээр энэ бөгжөө өдөр бүр зүүдэг байсан гэдэг.
Үнэт эдлэл, эрдэнийн чулуугаараа дэлхийд хамгийн алдартай Tiffany компанийн эзэмшдэг “Тиффанигийн алмаз” нэртэй 128.54 каратын шар өнгийн энэ очир эрдэнэ тэдний гол бахархал юм. 2012 онд тус чулууг компанийн 175 жилийн ойд зориулан цагаан алмазаар чимэглэн хүзүүний зүүлт хийсэн байдаг. Өдгөө уг зүүлт Тиффанигийн Нью Йорк хотод байрлах төв дэлгүүрийн үзүүлэнд байдаг юм.
Нийт 10.48 каратын жинтэй 2525 ширхэг очир эрдэнээр чимэглэсэн 18 каратын цагаан алтаар хийсэн Царевнагийн Хун бөгж нь зүүж болох бөгжин дээр хамгийн олон тооны алмаз ашигласан гэх Гиннесийн рекордыг эзэмшдэг. Тус бөгж нь 1.3 сая ам.доллараар үнэлэгдсэн байдаг аж.
Украины Киев хот дахь Lobortas Classic Jewelry House компанийн бүтээсэн уг бөгжинд буй алмаз эрдэнүүдийг Энэтхэгийн Shrenuj Group-ээс авсан аж. Очир эрдэнүүд G зэргэлэлийн өнгөтэй VVS2-аас VS1 зэргийн тунгалаг юм. Уг бөгжний загварыг гаргахад 530 цаг, бүтээхэд 3625 цагийг зарцуулсан гэдэг. Өдгөө Киев хотын музейд хадгалагддаг юм.
Эх сурвалж: arav.mn/
|