ОЛИМПИОС медаль авсан тамирчидаа дэлхийн улсууд яаж УРАМШУУЛАХ вэ?
Хүн төрөлхтөнийг хооронд нь зангидаж байдаг их спорт, цас мөсний Олимп Өмнөд Солонгосын Пёнчан хотноо амжилттай эхэллээ. Олимпийн наадамд дэлхийн 92 орны 2920 тамирчин оролцож байгаа...Тэгвэл үзэгч танд Өвлийн Олимпийн наадамд оролцож байгаа баг тамирчдаа амжилттай оролцож, медаль авч эх орныхоо нэрийг гаргасан тохиолдолд улс оронхоо тамирчдаа хэрхэн шагнаж урамшуулах талаар зарим нэг улс орны жишээн дээр мэдээлэл хүргэе...
Казахстан
Казахстан улс Өвлийн Олимпийн наадамд оролцож байгаа баг тамирчдаас амжилт үзүүлж, медаль хүртсэн тамирчиддаа хамгийн өндөр бай шагнал амлажээ. Казахстан улс Өвлийн Олимпоос алтан медаль хүртсэн тамирчиндаа 250 мянган ам. долларын шан харамж амлаж байгаа бол мөнгөн медальтан 150 мянган ам.доллар, харин хүрэл медаль хүртсэн тамирчиндаа 75 мянган долларын шан харамж өгөх гэнэ.
Украин
Украин улсаас Пёнчаний Өвлийн Олимпийн наадамд 33 тамирчин оролцож байгаа юм. Украины баг тамирчдаас биатлоны баг тамирчдаа амжилт үзүүлнэ гэж хамгийн ихээр итгэж найдан хүлээж байгаа гэнэ. Тэгвэл Пёнчаний Олимпоос медаль хүртсэн тамирчин тус бүрт Украин улс алтан медальтнаа 125 мянган доллар, мөнгөн медалийн эзэнд 80 мянган доллар, харин хүрэл медальтанд 55 мянган долларын бай шагнал амлажээ.
ОХУ
ОХУ-ын хувьд “Пёнчан-2018” Өвлийн Олимпийн наадам ихээхэн асуудалтай эхэлсэн. Хэдийгээр ОУОХ шийдвэр гаргаж ОХУ-ын баг тамирчдыг Пёнчан-2018 Өвлийн Олимпоос хасах шийдвэр гаргасан ч допингийн асуудалгүй “цэвэр” тамирчид оролцож байгаа. Тэгвэл Пёнчаний Олимпод “ОХУ-ын Олимпийн тамирчид” гэсэн нэрэн дор оролцож байгаа тамирчдаа ч мөн шагнаж урамшуулах нь тодорхой.
Хэдийгээр Пёнчаний Олимпийн тэнгэрт ОХУ-ын туг далбаа мандахгүй, төрийн дуулал эгшиглэхгүй ч гэсэн тамирчдынхаа үзүүлсэн амжилтыг зохих ёсоор нь үнэлэн шагнаж урамшуулах нь тодорхой.
ОХУ-ын Спорт, аялал жуулчлалын яам Пёнчаний Олимпоос алтан медаль хүртсэн тамирчиддаа 4 сая рубль ($70.000), мөнгөн медальтанд 2,5 сая рубль ($45.000), хүрэл медаль хүртсэн тамирчиндаа 1,7 сая рубль ($30.000) олгоно.
Азербайжан
Азербайжаны Олимпийн баг тамирчдад улс нь мөн л өндөр шан харамж амлаж байна. Сочигийн Олимпийн наадмын үеэр Азербайжан улс Олимпийн медальтнууддаа хамгийн өндөр шагнал амлаж байсан юм. Сочи-2014 Олимпийн наадамд алтан медаль авсан Азербайжаны тамирчид 510 мянган долларын шагнал хүртсэн бол мөнгөн медаль-255 мянга, хүрэл медаль 130 мянган долларын шагнал тус тус хүртэж байжээ. Энэ удаагийн Өвлийн Олимпийн наадмын үеэр ч Азербайжан улс шагнал урамшууллынхаа хэмжээг бууруулахгүй гэнэ. Гэхдээ одоогоор Азербайжан улсаас Өвлийн Олимпийн наадмын медальтан төрөөгүй байгаа юм. Энэ жилийн Олимпод уулын цанын спортын төрөлд цорын ганц тамирчин оролцож байна.
Итали
Итали улс Олимпийн баг тамирчиддаа алтан медаль авбал 189 мянган доллар, мөнгөн медаль 101 мянган доллар, харин хүрэл медальиан 67 мянган долларын шагнал урамшуулал авах юм.
БУСАД УЛС ОРНУУД
АНУ болон Финляндын баг тамирчдын бай шагнал хоорондоо ойролцоо байгаа юм. Пёнчаний Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчиндаа 50 мянган долларын шагнал өгөхөөр амлаж байгаа юм.
Олимпийн хамгийн олон тамирчинтай, хүчирхэг багуудын нэг болох Канад улс алтан медаль хүртвэл 20 мянган долларын шагнал өгч, мөнгө болон хүрэл медаль авсан тамирчиддаа 15 мянга болон 10 мянган долларын шагнал тус тус амлаж байна.
Өвлийн Олимпийн наадмын хамгийн хүчтэй баг болох Герман улсын баг тамирчид ч мөн Канадтай адил хэмжээний шагнал урамшуулал хүртэх нь ээ.
Цас мөсний наадамд шилдэг шилдэгүүд гэж тооцогддог Скандинавын улс орнуудын шагнал ч мөн ойролцоо гэнэ.
Тэгвэл Олимпийн наадамд оролцсон тамирчиддаа бай шагнал огт өгдөггүй улс орнууд бас байдаг гэнэ. Жишээлэхэд Норвеги, Хорват, Швед зэрэг орнууд Олимпод оролцож амжилт гаргасан тамирчидаа бай шагнал амладаггүй байна. Магадгүй энэ нь тамирчдын амжилтад сөргөөр нөлөөлдөг байж болох юм. Гэсэн ч тэд шагнал урамшуулалгүй хэдий ч Олимпод амжилттай оролцож, Сочигийн Олимпоос л гэхэд Норвегичууд 26 медаль, Шведын тамирчид 15 медаль багийн дүнгээр хүртэж байжээ.
Эх сурвалж: tv5.mn
|