Европт ч их хэмжээний цас орж байна
Оросын бүс нутгуудад төдийгүй Европт ч цас их хэмжээгээр орж байгаа талаар ТАСС агентлаг мэдээлжээ. Жишээлбэл, Франц, Испани, Босни ба Герцеговинд цаг агаар муу байгаа ажээ. Францын 14 мужид цас их орж, цасаар шуурсны улмаас агаарын чанарын индекс улбар шар өнгөтэй болсон байна. Өнгөрсөн мягмар гаригт төвийн бүсийн Иль-де-Франс-т цас орж, 11 м/с хүртэл хүчтэй салхилжээ. Цасны улмаас Эйфелийн цамхагийг түр хугацаагаар хаагаад байгаа аж.
Испани улсын Цаг уурын агентлаг цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас шар (аюултай), улбар шар (маш аюултай) хэмжээнд хүрч болзошгүй байгааг мэдээлжээ. Цасны улмаас 355 замын хөдөлгөөнд хүндрэл үүсч, 60 орчим замыг хаагаад байгаа аж. Хүчтэй хур тунадас Мадридын Барахас олон улсын нисэх онгоцны буудлыг 70 нислэгээ цуцлахад хүргэснээс гадна зургаан онгоц нислэгийн чиглэлээ өөрчилсөн байна.