Германы авто үйлдвэрлэгчид дизелийн ялгарлыг сармагчин дээр туршиж байна
Дизель технологийнхоо цэврийг батлах зорилгоор торонд түгжсэн сармагчингуудад хүүхэлдэй үзүүлэнгээ Volkswagen Beetle-ийн яндангийн утаагаар амьсгалуулах туршилт судалгааг Германы автомашин үйлдвэрлэгчид 2014 онд явуулсан нь илэрлээ.
Уг туршилт судалгаа шинэ үеийн дизель хөдөлгүүр хуучныхаас хавьгүй цэвэр гэсэн үйлдвэрлэгчдийн мэдэгдлийг шинжлэх ухааны үүднээс батлах оролдлого байв. Хөндлөнгийн судлаачдаас холуур өнгөрсөн уг судалгааны дүн хуурамч. Учир нь Beetle-д суурилуулсан программ хангамж нь лабораторын орчинд утааны ялгарлыг хиймлээр бууруулдаг. Бодит нөхцөлд уг загвар зөвшөөрсөн хязгаараас 40 дахин их бохир ялгаруулдаг.
АНУ-д нийлүүлдэг автомашинуудаа бараг 10 жилийн турш утааны ялгарлын тестийг “мэхэлдэг” программтайгаар борлуулж байсан гэмээ Volkswagen өнгөрсөн жил хүлээсэн. Торгууль, нөхөн олговор, эргүүлэн татах ажиллагаанд тус компани бараг 25 тэрбум ам.доллар зарцуулаад байна. Сармагчинтай сурталчилгаа нь Германы автомашин үйлдвэрлэгч компани борлуулалтаа ихэсгэхийн тулд хэрэглэж байсан заль мэхийн шинэ баримт болов.
Компаниудын луйврыг илчлэх Netflix-ийн шинэ бүтээл - Dirty Money баримтат цувралд уг туршилтын бичлэг багтсан нь баасан гарагаас интернет сүлжээнд нийтийн хүртээл болов.
Лабораторын туршилтад 2013 оны Volkswagen Beetle, тухайн үеийн Ford F-150 пикап загвар оролцуулжээ. Машинуудыг утааны ялгарал хэмжих зориулалттай туршилтын гүйдэг зам дээр давхиулж, утааг нь тусгай хоолойгоор дамжуулсан байна. Хоолойн төгсгөл хэсэг дэх торонд арван сармагчин байршуулж, анхаарлыг нь татах зорилгоор телевиз үзүүлжээ.
Дөрвөн жилийн тэртээ буюу 2014 онд хийсэн туршилтыг Нью Мексико муж улсын Альбукерк дахь Ловласын амьсгалын эрхтний судалгааны хүрээлэн зохион байгуулсан. Гэхдээ дүгнэлт гаргаагүй уг туршилтыг тухайн үедээ нийтэд мэдээлээгүй өнгөрсөн юм.
Volkswagen, BMW, Daimler- аас санхүүждэг Тээврийн салбар дахь хүрээлэн буй орчин, эрүүл мэндийн судалгааны Европын групп (EUGT) уг туршилтыг захиалагч нь. Анх 2007 онд байгуулагдсан групп өнгөрсөн оны зургадугаар сард татан буугджээ. Харин дээр өгүүлсэн гурван үйлдвэрлэгч судалгааг өөрсдөд нь хамаагүй тусдаа болсон хэмээн тайлбарлаж байгаа.
Volkswagen-ий ахмад инженер Жэймс Лян Beetle машиныг гүйдэг зам дээр жолоодож гаргаад судалгаа эхлүүлэх хүсэлт тавьсныг уг хэргийг нийтэд ил болгосон, Виржини мужийн хуульч Майкл Жэй Мелкерсен баримтат цувралд тулгуурлан батлав. Жэймс Лян Volkswagen- ий дизель хөдөлгүүрийн дуулиант хэрэгт холбогдон өнгөрсөн наймдугаар сард 40 жил шоронд суух ял шийтгүүлсэн юм.
Volkswagen-д ноцтой уршигтай 300 гаруй хэргийн баримтыг хүмүүс өөрт нь цахим шуудангаар илгээснийг ноён Мелкерсен тайлбарласан. Уг хэрэгтэй холбоотой шүүх ажиллагааг хоёрдугаар сарын 26-наас эхлэхээр товложээ.
Олон нийтийн шүүмжлэлийг “тун ноцтой” хүлээн авч буйгаа мэдэгдсэн Volkswagen компани судалгаанд оролцогчдын буруу үйл ажиллагаатай холбогдуулан уучлал хүслээ. “Тухайн үед сонгосон шинжлэх ухааны туршилтын арга буруу гэж бид үзэж байна” хэмээн тус компани тайлбарлав. Volkswagen нь “адгуус амьтанд харгис хандах аливаа хэлбэрээс эрс татгалздаг. Адгуус амьтанд туршилт явуулах нь бидний ёс зүйд харш” хэмээн нэмж мэдэгдсэн юм.
“Адгуус амьтанд туршилт явуулдаггүй”-гээ BMW ч батлан мэдэгдсэн. “EUGT-ийн нэрийн өмнөөс явуулсан туршилтад BMW Group-ийн оролцоо байхгүй”-г тус компани тайлбарлав.
“Daimler компани адгуус амьтантай ёс бус харьцах аливаа хэлбэрийг хэрхэвч хүлцэн тэвчихгүй” хэмээн Daimler-ийн төлөөлөгч Йорг Хове Twitter-тээ бичжээ.
“Hard NOх” гэсэн гарчигтайгаар Netflix-д тавьсан бичлэг, New York Times-д уг туршилтын талаар бичсэн материал олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд шуугиан дэгдээв. Сармагчингуудыг дизель хөдөлгүүрийн хорт хийгээр амьсгалуулсан нь “айдас төрөм” хэмээн Адгуус амьтдад ёс зүйтэй харьцах иргэд хэмээх ашгийн бус байгууллага дургүйцэв.
“10 сармагчинг битүү саванд хорьж хүүхэлдэй үзүүлэнгээ машины хорт утаагаар амьсгалуулсан нь ХИРТХИЙМ хэрэг” хэмээн Брюссельд байрладаг, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл хөгжүүлэх ажлыг дэмжигч Transport & Environment лобби бүлэг зэмлэв.
Патрик МакГий