Алибаба 60-аас дээш настай хүнийг ажилд авна
Алибаба группын Таобао электрон худалдааны сайт өнгөрсөн долоо хоногт 60-аас дээш настай “судлаач” ажилд авах зарлал гаргажээ.
Зар нийтлэгдсэнээс хойш 24 цагийн дотор 1,000 гаруй анкет ирсэн тухай Таобао мэдээлсэн байна. Ахмад насны хоёр хүнийг ажилд авч, дундаас дээш насны хэрэглэгчдэд чиглэгдсэн бараа бүтээгдэхүүний хэрэгцээг судлах ажилд томилох гэнэ.
Анкет ирүүлэгсдийн хамгийн ахмад нь 83 настай байжээ. Шинэ ажилтны жилийн цалин $64,000 хүртэл хэмжээтэй байх гэнэ. Харьцуулбал Хятадын өндөр орлоготой хотуудын нэг Бээжинд жилийн дундаж цалин $18,660 орчим байдаг.
Ийм өндөр цалин авахын тулд өрсөлдөгч нь үр хүүхдүүдтэйгээ сайн харилцаатай, нийгмийн идэвх өндөр, психологи, социологийн ном унших дуртай, онлайнаас бараа худалдаж авсан ядаж нэг жилийн туршлагатай байх ёстой гэнэ.
Ингэж ахмад настай хүнийг ажилд авах болсон шалтгаанаа “удахгүй дундаас дээш насныхан манай гол зах зээл болох учраас” гэж Таобао тайлбарласан байна. Таобао одоогоор 50-аас дээш насны 30 сая хэрэглэгчтэй. 2020 онд Хятад улс 255 сая 60-аас дээш насны иргэдтэй болох тооцоо гарчээ.
Эх сурвалж: Business Insider