2018 онд дэлхий дахинд болох томоохон сонгуулиуд

2018 оны 1 сарын 15

Холбоотой Зураг

2018 онд дэлхийн цөөнгүй улс орны эрх баригчид солигдох төлөвтэй байна.

Латин Америк болон Карибын тэнгисийн бүс нутгийн зургаан улс, тэдгээрийн дотор Бразил болон Мексик энэ онд бүх нийтийн сонгууль хийхээр товложээ. Европын тухайд Итали болон Унгарт болох сонгууль ажиглагчдын анхаарлыг ихэд татаж байна. Ойрхи Дорнодод Египет ерөнхиийлөгчийн сонгуулиа хийх бол Ирак улс парламентын сонгууль хийх ажээ.

Энэ онд ажиглагчдын анхаарал, сонирхлыг хамгийн ихээр татах сонгуулийг Хятад улсын төрийн мэдлийн "Шиньхуа" агентлаг нэрлэснийг орчуулан хүргэж байна.

ИТАЛИ

Итали улс 2017 оны 12 дугаар сарын 28-нд парламентаа тарааж, энэ оны гуравдугаар сарын 4-нд бүх нийтийн сонгууль хийхээр болсон билээ.

Цагаачдын урсгалыг зогсоох, тэдэнтэй холбоотойгоор үүссэн хямралыг шийдвэрлэх дорвитой арга хэмжээ авч чадсангүй гэж зүүний төвч үзэлт эрх баригч Ардчилсан намыг сөрөг хүчнийхэн шүүмжилж, шахалт үзүүлсээр байсан юм. Үүнтэй холбоотойгоор тус улс парламентаа оны өмнөхөн тараахад хүрсэн. Тус улсад очих Хойд Африкийн цагаач дүрвэгчдийн урсгал тасрахгүй байгаа юм.

ОРОС

ОХУ энэ оны гуравдугаар сарын 18-нд ерөнхийлөгчийн сонгууль хийнэ. Санал асуулгын дүнгээс үзвэл, энэ сонгуульд бие даан нэр дэвшихээр СЕХ-ндоо бүртгүүлээд буй одоогийн Ехөнхийлөгч Владимир Путиныг Оросын ард иргэдийн 80 хувь нь дэмжиж байна.

Улс төрийн хүрээнд нэр нөлөөтэй, олон нийтийн итгэлийг хүлээснээс гадна Орост сөрөг хүчний нөлөө сул учир В.Путин ерөнхийлөгчөөр улиран сонгогдох магадлал тун өндөр байна гэж ажиглагчид үзэж байна.

Ажиглагчдын хэлснээр, В.Путины өмнө тулгараад буй гол асуудал бол сонгуульд ялах биш, харин ирэх зургаан жилийн хугацаанд дотоодод тулгамдсан асуудлууд болон дипломат асуудлуудыг шийдвэрлэхийн тулд энэ улсыг хэрхэн удирдан чиглүүлэх юм.

КУБА

2018 оны дөрөвдүгээр сарын 16-нд Кубын хууль тогтоогчид өдгөө 86 настай Рауль Кастрог залгамжлах хүнийг буюу дараагийн ерөнхийлөгчөө сонгоно. Ах нь болох Фидель Кастро эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа татгалзсны дараа буюу 2008 онд Р.Кастро Кубын ерөнхийлөгч болсон юм.

2018 онд тус арлын улсад засгийн эрх ахмад үеэс залуу үед шилжих төлөвтэй байна.

КАМБОЖ

2018 оны долдугаар сарын 29-нд Камбож улс парламентын сонгуулиа хийнэ. Камбожийн Ерөнхий сайд Хун Сенээр ахлуулсан Камбожийн Ардын нам энэ сонгуульд ялах магадлалтай байна. Гэхдээ энэ сонгууль нь олон нийтийн санаа бодлыг шалгах, барууны улс төрийн оролцоо  дотоодод хэрхэн нөлөөлж байгаагийн шалгуур болно гэж ажиглагчид үзэж байна.

Засгийн газрыг түлхэн унагаах гэж гадаад улс оронтой хуйвалдсан хэргээр буюу эх орноосоо урвасан гэх хэргээр гол сөрөг хүчин болох Камбожийн Үндэстнийг аврах намын дарга Кем Соха-г  2016 оны есдүгээр сарын 3-нд баривчилсан юм. Үүний дараа буюу мөн оны 11 дүгээр сарын 16-нд тус улсын Дээд шүүх Үндэстнийг аврах намыг татан буулгасан билээ.

БРАЗИЛ

2018 оны 10 дугаар сарын 7-нд Бразильд ерөнхийлөгчийн сонгууль болно. Сүүлийн жилүүдэд Өмнөд Америкийн энэ томоохон улсын улс төрийн байдал тогтворгүй, эдийн засаг нь хямралд ороод байгаа юм.

Энэ сонгууль тус улсын улс төр ба эдийн засгийн байдлыг эргэн сэргээнэ гэж ард түмэн нь найдаж байна.

Судалгааны дүнгээс үзвэл, хэрвээ тус улсын Ерөнхийлөгч асан Луис Инасио Лула да Силва 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл ялах магадлал тун өндөр байна. Гэхдээ авлигын хэрэгт холбогдоод байгаа учир түүнийг нэр дэвшигчээр бүртгэж авах эсэх нь тодорхойгүй байгаа юм.

ЯПОН

Энэ оны есдүгээр сард Японы эрх баригч Либерал-Ардчилсан нам намын даргаа сонгоно. Тус намын одоогийн дарга бөгөөд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ намын даргаар гурав дахь удаагаа сонгогдохыг эрмэлзэж байна.

Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон ээлжит бус бүх нийтийн сонгуульд илт давуу ялалт байгуулсан тус нам Ш.Абэгийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг зорьж байна.

Либерал-Ардчилсан нам, түүнтэй эвссэн Комэйто нам болон бусад нам нь тус улсын парламентын дээд болон доод танхимын аль алиных нь нийт суудлын гуравны хоёроос илүү хувийг авч чадсан юм.

 АНУ

2018 оны 11 дүгээр сарын 6-нд АНУ-д конгрессын завсрын сонгууль болно. Энэ сонгуулийн дүн нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний Бүгд Найрамдах намд /БНН/ ихээхэн чухал.

Ямар ч ерөнхийлөгчид эхний завсрын сонгуулийн үеэр олон сорилт тулгардаг бөгөөд энэ сонгуулийн дүнгээр намууд Конгресс дахь дийлэнх олонхын байр сууриа алдаж байсан тохиолдол гарч байсан юм.

Хэрвээ БНН Конгресс дахь олонхын байр сууриа алдвал Д.Трамп бүрэн эрхийн үлдсэн хугацаандаа мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтуудаа ажил хэрэг болгоход амаргүй байх болно.

ТАЙЛАНД

Тайланд улсад энэ оны 11 дүгээр сард бүх нийтийн сонгууль болно. Энэ нь тус улсад 2004  онд цэргийн эргэлт гарснаас хойш хийх гэж буй анхны бүх нийтийн сонгууль юм.

Тус услын шинэ Үндсэн хуульд тусгаснаар, энэ сонгуулиар Төлөөлөгчдийн танхимын 500 гишүүн сонгогдох бол армийнхан 250 сенатчийг сонгох юм. Сенатчид нь ерөнхий сайдаар хэнийг томилохоо шийднэ. Өөрөөр хэлбэл, Төлөөлөгчдийн танхимд дийлэнх олонх болсон намаас шинэ ерөнхий сайд сонгогдохгүй байх магадлалтай байна.

montsame.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52355
0 эможи
keyboard_arrow_up