2018 оныг тодорхойлох технологийн ЧИГ ХАНДЛАГА

2018 оны 1 сарын 03

Ирээдүйг зөгнөх боломжгүй. Харин урьдын явдалд үндэслэн бяцхан таамаг дэвшүүлж бол болно. Технологийн салбар хурдацтай хөгжиж байгаа энэ үед харин энэ таамаг нь богинохон хугацаанд хэрэгжих нөхцөл бүрджээ.

Тэгвэл 2018 онд технологийн ямар чиг хандлага зонхилох талаар өгүүлье.

НЭГДҮГЭЭРТ "ГИНЖИН ХЭЛХЭЭ"

Блокчейн технологид суурилсан Биткойны үнэ өнгөрсөн оны сүүлийн улиралд огцом өсөж, огцом унасан нь зүгээр нэг “Эдийн засгийн хөөс” хэмээх ойлголтыг төрүүлэв. Биткойн өөрөө хөөс байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ Биткойны цаана байгаа блокчейн гэдэг технологи нь ирээдүйн чиг хандлага юм. Төвлөрөөгүй цахим валютын зүрх болох блокчейны тухай яг ийм юм гээд тодорхой тайлбарлаж чадах хүн ч байхгүй.

Бүгд л өөрийн гэсэн ойлголттой, өөрийн гэсэн үзэлтэй. Харин хамгийн тодорхой зүйл нь төвлөрсөн, дундын зуучлагчтай, итгэлцэл дангаараа тогтох боломжгүй бидний бүтээсэн тогтолцоо бүрийг энэ технологи халж жинхэнэ итгэлцэл гэж юу болохыг тодорхойлж чадна.

Тийм ч учраас блокчейн технологийг хөгжүүлэх, үүнийг ашиглах арга нь дан ганц санхүүгийн хэрэгцээнээс гарч, аливаа мэдээллийг хадгалах төгс арга болох юм.

ОЮУН УХААНТ ГАР УТАС

Ухаалаг утас гэх нэр томьёо үгүй болж харин оронд нь “Оюун ухаантай” гэдэг үг энэ төхөөрөмжийг тодорхойлох нэршил болно. Хачин сонсогдож болох хэдий ч утсаар ярих, зурвас бичихээс өөр олон үйлдэл хийж чаддаг болсон гар утсыг бид “Ухаалаг” хэмээн тодорхойлдог байсан бол одооноос оюун ухаантай хэмээн ойлгодог болох юм.

Зарчмын хувьд “Ухаалаг” гэсэн үгийг зөвхөн нэрлэх төдийд л ашиглана. Тодруулбал өнөөдөр таны ашиглаж байгаа гар утас өөртөө бяцхан хиймэл оюун ухаантай болсон байх магадлал 30 хувь. Харин 2018 онд энэ тоо бүр ч ихээр нэмэгдэнэ.

Хамгийн энгийн жишээ нь бидний мэдэх дижитал туслахууд юм. Google-ийн Google Assistant, Apple-ийн Siri, Amazon-ын Alexa, Microsoft-ын Cortana гэх мэт дижитал туслахуудыг бид өнөөдөр өдөр тутамдаа ашиглахгүй байгаа ч гэсэн гар утас, гэрийн компьютерт байгаа гэдгийг үгүйсгэж чадахгүй.

Эдгээр туслахууд улам сайжирна. Харин бид нэг л өдөр тэдний туслалцаагүйгээр хүн рүү залгахаа ч болино. Зөвхөн дижитал туслах гэлтгүй биднийг ойлгож ч амжаагүй байхад хиймэл оюун ухаан бидний өмнөөс зарим ажлыг хийж байна.

Жишээ нь Google-ийн хиймэл оюун ухаан таны ухаалаг утас дээрх зурагнуудыг ялгаж, байршлыг нь тодорхойлж, царай таньж эхэлсэн. Apple-ийн төхөөрөмж ч мөн ялгаагүй.

ХЯЗГААРГҮЙ ӨСӨХ ДАТА

Дата гэдэг өнөөдөр хамгийн хүчирхэг зүйл гэдгийг бараг бүх компани мэддэг болсон. Facebook яагаад өндөр амжилтад хүрч, үүсгэн байгуулагч нь дэлхийн тэрбумтнуудын эгнээнд багтсан, Amazon-ын хувьцааны үнэ хурдацтай өсөж, Жефф Безос хоёр ч удаа дэлхийн тэргүүн баян болоод зогсохгүй, 100 тэрбум ам. долларын хөрөнгөтэй анхны хүн болсон зэрэг шалтгаан нь тэд бүгд дата цуглуулж, түүнийгээ ашиглаж сурсантай холбоотой.

Харин нөгөө талаас хэрэглэгчдийн үүсгэх датаны хэмжээ хурдацтай өсөж байна. Үүнийг нь одоо Facebook-ийн, Amazon-ын хөгжүүлсэн алгоритм ачаалж дийлэхгүй хэмжээнд хүрэх аюул бий болсон тухай Forbes бичжээ.

Өдрийн турш гар утастайгаа зууралдаж, үдэш нь гэртээ очиж зурагтаа асаасан мөртлөө, интернет ухах хэрэглэгчдийн үүсгэх датаны хэмжээ бидний хэмжиж чадахаас ч их хэмжээнд хүрсэн.

Зарим компаниудын тооцоогоор дэлхийн нийт датаны 90 хувийг өнгөрсөн хэдхэн жилийн дотор бид үүсгэжээ. IBM-ийн тооцоогоор өдөрт 2,5 эксабайт буюу 2,5 тэрбум Гигабайт дата өдөр тутам үүсэж байна гэсэн тооцоо бий.

Тэгэхээр энэ их датаг боловсруулж, хэрэгтэй, ашигтай зүйл болгоход өнөөх л хиймэл оюун ухааны хэрэгцээ зайлшгүй тулгарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51802
0 эможи
keyboard_arrow_up