Улс төрийн “золиос” болсон ОЛИМПЫН НААДМУУД
Орчин үеийн олимпын хөдөлгөөнийг үндэслэгч барон Пьер де Кубертен спорт улс төрөөс ангид байх ёстой хэмээн тунхагласан билээ. Эртний Грекийн олимпын наадмын үеэр дайсагнагч овог аймгууд дайн, байлдаанаа зогсоож, тэмцээн уралдааны талбарт шударгаар өрсөлддөг байлаа. Харамсалтай нь, өнөөгийн соёлт хэмээгдэх нийгэмд олимпын наадам улс төрөөс бүрэн ангижирч чадахгүй л байна. Ингээд зуны олимпын түүхэн дэх хамгийн алдартай бойкот(хясан боох)-уудын тухай өгүүлье.
Антверпен 1920, Парис 1924
Дэлхийн I дайны хөлд хамгийн их нэрвэгдэн, элдэв хувьсгал, үймээн самуун энд тэндгүй гарах болсон Европ тивд XX зууны эхэн гэхэд тайван байдал хараахан тогтоогүй байв. Тийм ч учраас 1920, 1924 оны олимпыг зохион байгуулагачид дайн өдөөсөн Германы тамирчдыг оролцуулаагүй юм. Мөн Германы холбоотон байсан Австри, Унгар, Турк, Болгарын тамирчдад мөн л дээрх эрхийг олгосонгүй. Түүнчлэн ОУОХ-ноос Хаант засгийг түлхэн унагааж, хууль бусаар засгийн эрх авсан гэж үзээд Зөвлөлтийн тамирчдыг урьдаггүй байж. Энэ байдал нь 1952 он хүртэл үргэлжилсэн юм. Сонирхолтой нь, ОУОХ Хаант Оросын цагаачдыг олимпын наадамд оролцохыг зөвшөөрч байв.
Берлин 1936
Герман нийслэлд олимп болохоос гурван жилийн өмнө буюу 1933 онд фашистууд засгийн эрхэнд гарсан нь бусад орныг өөрийн эрхгүй болгоомжлоход хүргэв. Гитлерийн Германд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл суртал газар авсан учраас АНУ тэргүүтэй зарим орон олимпыг Испанийн Барселонад зохион байгуулах нь зүйтэй хэмээн ОУОХ-нд шахалт үзүүлж эхэлжээ. Гэвч Берлинд ажиллаад ирсэн IOC-ийн тусгай комисс “Олимпын наадмыг зохион явуулах боломжтой” гэсэн шийдвэр гаргасан юм. Үүнээс болж урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгсөн 49 орноос 37 улсын баг тамирчид л иржээ. АНУ эцсийн эцэст олимпын наадмыг алгасахгүйгээр шийдсэн бол ОУОХ-ноос Зөвлөлтийг урихгүй байх шийдвэртээ хатуу зогсчээ. Харин дэлхийн II дайны дараа ОУОХ олимпыг Берлинд зохиох болсон гоомой шийдвэрийнхээ төлөө албан ёсоор уучлалт гуйсан юм.
Мельбурн 1956
Дэлхий ертөнц бүхэлдээ хоёрхон системд хуваагдах нь тодорхой болсныг илтгэсэн наадам. Голланд, Испани, Швейцарь улс ЗХУ-ыг Унгарт хүч хэрэглэснийг эсэргүүцэн Мельбурны олимпыг бойкотлов. Энэ наадамд Унгарын тамирчид оролцсон ч дарангуйлалд өртсөн эх орондоо эргэн очихоос зүрхшээж, олонх нь ногоон тивд үлдсэн гэдэг. Түүнээс гадна Суэцийн сувагт явуулж буй Европчуудын үйл ажиллагааг эсэргүүцэн Египет, Ирак, Ливан, Камбож зэрэг орон “Мельбурн 1956”-г хясан боожээ. Харин Хятадууд олимп эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө тамирчдаа гэртээ үлдээх шийдвэр гаргасан байна. Шалтгаан нь ОУОХ Тайваньд олимпын наадамд оролцох урилга илгээснээс үүдэлтэй аж.
Москва 1980
Хүйтэн дайны үеийн Америк, ЗХУ-ын зөрчилдөөд цэгтээ хүрч, Сэм авгынхан зөвлөлтүүдийг Афганистанд цэрэг оруулснаар шалтаглан тамирчдаа илгээсэнгүй. Америкчуудаас гадна 63 улс “Москва 80”-ыг бойкотолсон гэдэг. Их Британи, Итали, Испани зэрэг Баруун Европын цөөнгүй орноос ирсэн тамирчид ОУОХ-ны далбаан доор тэмцээн уралдаанд оролцжээ. Харин Австри, Грек, Мальт, Финланд, Швед өөрийн тугийн доор жагссан байна.
Лос Анжелес 1984
Дөрвөн жилийн өмнө хясан боогчдын балгаар “Чансаа муутай олимп зохиолоо” хэмээх шүүмжлэлд өртсөн Оросууд ямар ч эргэлзээгүйгээр “Лос-Анжелес 1984”-ийг өнжихөөр шийдвэрлэв. “Ах” нарыгаа даган социалист лагерийн Румын, Югослав, Монгол зэрэг орон олимпыг бойкотлов. Харин БНХАУ Зөвлөлтийг даган баясагч биш гэдгээ нотлохын тулд Лос-Анжелес руу тамирчдаа илгээсэн.
Эх сурвалж: ӨНӨӨДӨР сонин