Газрын хэвлийд шигтгэсэн ТОХИЛОГ ГЭР
Газар доорх сууц барихад үнэтэй ч урсгал зардал багатай
Газар эхийн хэвлийг бараадсан сууцууд барилгын салбарын шинэ трэнд болж байна. “Бөгжний эзэн” киноны хоббитуудынх шиг дов толгодыг нүхэлж, хөрсөөр дээврийг нь хучсанаас эхлээд хадан хавцал, гуу жалга, тэгш талыг ч тансаг өргөө, тухтай гэр болгочих хэмжээнд техник технологи хөгжжээ. Араатан дайснаас амь зулбан зугтахдаа агуй, модны ёроол барааддаг байсан хүн төрөлхтөн өдгөө байгальд ээлтэй, аюулгүй байдлаа хангасан барилга байгууламжид тэмүүлэх болсон нь газар доорх сууц юм. Мэдээж манайд ийм инженерийн шийдэл бодит амьдралд одоохондоо нэвтрээгүй байна.
Гэхдээ газар доор “ухаан балартуулам” тансаг сууцтай болох үеийг “хавтгай” дэлхийд нэг их удаан хүлээхгүй нь ойлгомжтой. Газар зүйн өвөрмөц тогтоц, байгаль цаг уурын нөхцөл байдлаас нь харвал энэ төрлийн сууц нь магадгүй манайд хамгийн тохиромжтой бүтээн байгуулалт ч байхыг үгүйсгэхгүй. Ийм сууцтай болчихвол орох хаалга нь дээвэр дээрээ байх нь энгийн үзэгдэл. Төсөөлөхөд хэцүү байна уу. Газар доор зөвхөн зоорь, хонгил, гарааш л байдаг шүү дээ гэж бодож байвал тэр бодлоо орхих цаг болжээ. Харин хүн амьдрахад зориулсан, чанартай, гоо зүйн дээд зэргийн илэрхийлэл бүхий уран барилгын тухай төсөөлөөрэй. Төсөөллөө баяжуулахад доорх мэдээлэл бага ч атугай нэмэр болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Эрт цаг ба орчин үе
Газар доор гэнгүүт л тас харанхуйг төсөөлж байна уу. Эрт цагт тийм байсан. Харин одоо бол ийм сууцны барилгын технологи хөгжсөн учраас байгалийн гэрлээр бүхэлд нь гийгүүлэх боломжтой. Бүр газар дээрх барилгынхаас ч илүү. Гайхалтай биш гэж үү. Гэхдээ бат бөх байдал, ус чийгт тэсвэртэй чанар нь дээд зэргийн байх ёстой. Хэрэглэхэд уян хатан боловч биежсэний дараа сайтар бэхэждэг тусгай технологи бүхий бетон нь газар доорх сууцны гол материал болдог байна. Төмөр арматурын тусламжтай арк буюу дугуй оройтой хаалгаар өрөөнүүдийг зааглаж, дээврийг нь 0.8-3 метрийн зузаан хөрсөөр хучдаг байна. Ийм төрлийн байшин ихэвчлэн газрын гүний дулааныг ашигладаг тул барихад зардал өндөр гардаг.
Талбайн хэмжээгээрээ ижил төрлийн энгийн сууцтай харьцуулахад газар доорх сууц барих зардал 15-20 хувь их гэж www.underground-homes.com цахим хуудаст бичжээ. Харин нэгэнт орсны дараа цахилгаан, дулааны төлбөр 50-90 хувь хэмнэгддэг талаар оршин суугчид нь хэлсэн байна. АНУ-д ийм төрлийн сууцнуудын үнэ 150-1500 мянган ам.долларт хэлбэлздэг аж.
Аюулгүй байдал ба ногоон ирээдүй
Байрлалаа зөв сонговол газар эхийн хэвлийд “тэврүүлж”, хөрсөөр нь хучуулсан сууц хамгийн аюулгүй. Дайны үед ч газар доорх нуувчууд л аминд ордог шүү дээ. Мөн хүчтэй салхинд дээвэр туурга нь хуурч, цонх шил нь хагарах эрсдэл тун бага. Тэр ч байтугай газар хөдлөлтөд тэсвэртэй гэж шинжээчид үздэг байна.
Харин үерийн ам, түймрийн голомтоос аль болох зайдуу байх хэрэгтэй юм. Байгалийн хүчин зүйлээс гадна санхүүгийн хувьд ч аюул, эрсдэл багатайд тооцогддог. Үл хөдлөх хөрөнгийн татвар, төрөл бүрийн ашиглалтын зардал бага гээд давуу тал ихтэй. Нөгөөтэйгүүр, ногоон барилгын сонгодог загвар юм. Эрчим хүчинд хэмнэлттэй, ногоон байгууламжийн талбай их, бохирдол багатай гээд олон давуу талаараа ногоон ирээдүйг даллаж буй. Нэгэнт босгосон байхад зардал багатай тул албан байгууллага, үйлдвэрүүдэд хамгийн тохиромжтой шийдэл гэж сүүлийн үед онцлох болжээ. Гэхдээ газар доорх сууцанд анхаарах ёстой хамгийн чухал зүйл бол чийг. Чийгнээс сэргийлэх сайн чанарын тусгаарлагч хийхгүй бол тун удалгүй хөгц, мөөгөнцөрт идэгдэж эхэлнэ.
Эх сурвалж: UBInfo.mn