АНУ-ын Тэргүүн охин 36 нас хүрлээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын ууган охин Иванка өчигдөр 36 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. Ухаалаг, ажил хэрэгч, гоо үзэсгэлэнт Иванка өдгөө Ерөнхийлөгч эцгийнхээ зөвлөхөөр ажиллаж буй. Гурван хүүхдийн эх Иванка баян эцгийнхээ нэр хүнд, эд баялагаас илүү өөрийн хүч хөдөлмөр, шаргуу зангаараа өөрийн гэсэн бизнесээ амжилттай эрхэлж яваа нэгэн билээ.
Ах дүү тавынхаа дундаас эцгийнхээ хайрыг илүү татсан, баруун гар нь болсон Иванкагийн талаар сонирхолтой мэдээллийг хүргэе.
Иванка 1981 онд Нью Йорк хотод мэндэлсэн. Түүний ээж Ивана Доналд Трампын 2 дахь эхнэр нь байсан бөгөөд эцэг эх нь Иванкаг 10 настайд салжээ.
15 настайгаасаа моделийн карьераа АНУ-ын Өсвөрийн миссийн тэмцээнээс эхлүүлсэн. Удалгүй Seventeen, Forbes, Elle, Harper`s Bazaar, Avenue зэрэг загварын сэтгүүлүүдийг чимж, Tommy Hilfiger, Versace-ын загварын шоунд моделиор оролцож явсан.
Трамп овогт эмэгтэйчүүдийн хамгийн үзэсгэлэнтэй нь гэгддэг Иванка Бизнесийн мэргэжлээр суралцаж Онц дүнтэй төгссөн. Үл хөдлөх хөрөнгө, Зочид буудлын салбараас гадна өөрийн нэрийн хувцас, гутал, гар цүнх, нүдний шилний чамин загварууд бүхий Ivanka брэндийг үүсгэж амжилттай үргэлжлүүлэн яваа.
Харвардын Их сургуулийг төгссөн, чинээлэг айлын хүү Жаред Кушнертэй хайр сэтгэлээрээ гэрлэж өдгөө 3 хүүхдийн эцэг эх болоод буй.
Иванка 2009 онд “The Trump Card: Playing to Win in Work and Life”, энэ онд “Women Who Work” хэмээх номоороо бизнес эрхлэхийг хүсэгч эмэгтэйчүүдийн хүсэл, урам зоригийг хурцалж өгсөн гэж эмэгтэйчүүд үздэг. Зөвхөн номоор зогсохгүй өөрийн вэбсайтаараа бүсгүйчүүдэд бизнесийн зөвлөгөө өгч, өөрийн санал бодлоо хуваалцдаг.