Манай гаригийн хамгийн өндөр 13 байгууламж

2017 оны 10 сарын 30

Жил ирэх тусам манай гаригийн тэнгэр баганадсан барилгын тоо хэдэн зуугаар нэмэгдсээр байна. Бид өнөөдрийн байдлаар манай дэлхийн хамгийн өндөр 10 цамхаг болон ойрын жилүүдэд баригдаж эхний гуравт жагсах гурван гайхалтай төслийн талаар сонирхуулж байна.

Виллис цамхаг 442 метр

АНУ-ын Чикаго хотноо орших Виллис цамхаг хэдийгээр 108 давхартай боловч есдүгээр байрт бичигддэг Хятадын 89 давхар өндөртэй Зифенг цамхгаас 8 метрээр намханд тооцогдож эхний аравдугаар байрт бичигддэг. 1970 онд барилгын ажлыг эхэлж 1973 онд 108 давхартай, 442 метрийн өндөртэйгөөр барьж дуусгасан юм. Энэ цагаас эхлэн 1998 он хүртэл дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байлаа. Америкийн Скидмор Овингс ба Меррил хэмээх инженерчлэл, архитектурын алдартай фирм энэ барилгыг хариуцаж ажиллаж байлаа. Сонирхуулахад уг цамхгийг “Трансформерс-3” кинонд ашиглаж байсан ба бие засах газрыг 103-р давхарт, гудамжны түвшнээс 412 метрт байршуулсан байдгаараа онцлог гэнэ. Дашрамд дурдахад энэ цамхаг нь Хятадын Kingkey цамхагтай яг адил 442 метрийн өндөртэй ч 50 см-ийн илүүгээр эхний аравт бичигддэг аж.

Зифенг цамхаг 450 метр

Урд хөршийн Нанжин хотод 89 давхар бүхий 450 метрийн өндөртэй Зифенг цамхаг сүндэрлэдэг. АНУ-ын Скидмор Овингс ба Меррил фирм энэхүү өндөр барилгын архитектурыг хариуцан гүйцэтгэсэн ба ерөнхий архитектороор нь алдарт Бурж, Жин Мао, Трамп цамхгуудын зураг төслийг хийлцсэн Адриан Смит ажиллажээ. 2005 онд эхэлсэн барилгын ажил 2010 онд дуусаж улмаар тус оны арванхоёрдугаар сард нээлтээ хийж байлаа.Цамхагт олон төрлийн үйлчилгээний байгууллагууд болон оффисууд үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн дээд давхарт нь олон нийтэд зориулсан одон орныг ажиглах төв байдаг аж.

Малайзын Петронас цамхаг 452 метр

Петронас буюу хос цамхаг нь Малайзын нийслэл Куала Лумпурт бий. Энэ цамхгийг 1993-1996 оны хооронд босгосон ба 1998-2004 оны үед дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдож байв. Улмаар Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төв террорист халдлагаас болж нурсны дараа дэлхийн хамгийн өндөр хос барилгад тооцогдсоор байна. Петронасын ихэр цамхаг нь тус бүртээ 452 метрийн өндөртэй ба 88 давхар. Цамхгуудыг Аргентины уран барилгач Цезар Пеллигийн удирдлага дор архитекторын ажлыг нь гүйцэтгэжээ. Энэ барилгыг Куала Лумпур хотын морин тойруулгын суурин дээр барихаар газрын гадаргаас 30 метр гүн нүх ухаж 500 ачааны машин дүүрэн шороог шөнө бүр зөөж суурийн хэсгийг цутгаж байжээ. Ган болон шилэн гадаргуугаас бүтсэн Петронас цамхаг исламын уран бүтээлийг санагдуулам төдийгүй малайзын лалын шашны дүр төрхийг тодорхойлдог. Өөр нэгэн онцлог нь гэвэл тус барилгын хөндлөн огтолсон хонгил юм.

Хонконгийн олон улсын худалдааны төв 484 метр

118 давхартай ба 484 метрийн өндөртэй тул энэ барилга дэлхийд долдугаарт бичигддэг. Зочид буудал, оффисын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ барилгыг 2002 онд барьж эхэлсэн ба найман жилийн дараа буюу 2010 онд үүдээ нээж байлаа. Дашрамд давхрын тоогоороо дэлхийд дөрөвт бичигддэг барилга юм. Барилгын архитектурыг дэлхийд алдартай Kohn Pedersen Fox фирм гүйцэтгэжээ. Хятадын барилгын томоохон компанид тооцогддог Сан Хунг Кай пропертис барилга угсралтын ажлыг гардан гүйцэтгэжээ.

Шанхайн дэлхийн санхүүгийн төв 492 метр

Хятадын Шанхай хотын Пудонг дүүрэгт орших Дэлхийн санхүүгийн төвийн барилга нь 492 метрийн өндөртэйд тооцогддог. Хятадын эдийн засгийн хүчин чадлыг бэлгэдсэн 101 давхар энэхүү барилгад дэлхийн алдартай банк, санхүүгийн байгууллагуудаас эхлээд олон нийтэд зориулсан зочид буудал, музей, одон орныг ажиглах төв үйл ажиллагаагаа явуулдаг. 1997-2008 онд баригдаж дууссан байна. Барилгын гадаад хэлбэр нь шилний бөглөө онгойлгогчтой төстэй тул ард иргэдийн дунд “бөглөө онгойлгогч” гэсэн нэрээр алдаршсан байдаг. Барилгын архитектурыг Хонконгийн олон улсын худалдааны төвийн барилгад ажилласан АНУ-ын дэлхийд алдартай Kohn Pedersen Fox фирм гүйцэтгэсэн байна. Барилга угсралтын ажлыг Японы Mori Building компани хийжээ. Ерөнхий гүйцэтгэгчээр нь Хятадын Барилга, инженерчлэлийн төрийн корпораци ажиллажээ.

"Тайпей 101" 509 метр

Тайванийн нийслэл Тайпей хотноо дэлхийд алдартай “Тайпей 101” цамхаг сүндэрлэн оршино. 2004-2010 оны хооронд дэлхийн хамгийн өндөрт тооцогддог байсан Тайпей цамхаг 101 давхартай ба 509 метрийн өндөртэй барилга юм. 1999-2004 оны хооронд Тайпейгийн санхүүгийн төв корпорацийн захиалгаар Торнтон Томасетти компани барьж байгуулсан. Цамхгийн архитектурыг Cи Уай Ли ба Түншүүд фирм гүйцэтгэжээ.

Эрх чөлөөний цамхаг 541.3 метр

АНУ-ын Нью-Йорк хотноо орших энэ нүсэр байгууламжийг 2006 онд барьж эхэлсэн ба энэ зун албан ёсоор нээлтээ хийнэ. Манхеттэний шинэ гоо үзэсгэлэн болсон Дэлхийн худалдааны төвийн 541.3 метрийн өндөртэй 104 давхар энэ барилгын хэдийгээр угсралтын ажил 2013 онд бүрэн дууссан ч дотоод засал чимэглэлийн ажил үргэлжилсээр буй гэнэ. Террористуудын халдлагаар нуран унасан Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг орлон сүндэрлэсэн энэ аварга барилгын гүйцэтгэгчээр Тишман Констракшн компани ажиллаж дуусчээ. Архитектурыг Скидмор Овингс ба Меррил фирм хийжээ.

Абраж эл Бэйт цамхаг 601 метр

Саудын Арабын Мекка хотноо орших 601 метрийн өндөртэй 120 давхар энэ барилгыг Арабын цагтай цамхаг хэмээх нэрээрээ алдартай. Саудын Арабын вангийн буюу нэг ёсондоо төрийн өмчид хамаарагдах энэ цамхгийг тус улсын дотоодын компаниуд барьж босгосон. Лалын шашны ариун сүмийг бэлгэдсэн архитектурын шийдэлтэй ба дэлхийн хамгийн том цаг суурилуулсан гэдгээрээ онцлог. 2004-2012 онд барилгыг ашиглалтад оруулжээ.

Шанхайн цамхаг 632 метр

Манай гаригийн хамгийн өндөр барилга байгууламжийн хоёрдугаар бичигдэх энэ аварга цамхгийг 2015 онд барьж дуусгана. Гэсэн хэдий ч 632 метрийн өндөртэй, 121 давхар энэ цамхгийг төлөвлөгдсөн хэмжээгээр нь ийнхүү хоёрдугаар байрт оруулжээ. Шанхайн дэлхийн санхүүгийн төвтэй хаяа дэрлэн босгосон энэ цамхгийн оройн хэсгийг далайн түвшнээс дээш 630 метрийн өндөрт барьж байгуулсаар байна. Энэ цамхгийг 2.2 тэрбум ам.доллараар барьж босгож байгаа аж. Шанхай констракшн болон Торнтон Томасетти, Генслер зэрэг алдартай компаниуд хамтран бүтээн байгуулж байна. Бүрэн баригдаж дууссаны дараа дэргэдээ орших Шанхайн дэлхийн санхүүгийн төвөөс даруй 140 метрээр өндөр болох юм.

Бурж Халифа 832 метр

Манай гаригийн бахархал, бүтээн байгуулалтын бэлгэдэл болсон Бурж цамхаг 2010 онд ашиглалтад орсноосоо хойш дэлхийн хамгийн өндөр барилгаар нэрлэгдсээр байна. Дээр дурдсан Шанхай цамхгаас даруй 200-гаад метрийн өндөртэй буюу 832 метрийн өндөртэй 163 давхар энэ цамхаг арабчуудын бахархал нь юм. Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотноо сүндэрлэдэг энэ барилга 1,5 тэрбум ам.долларын өртөгтэй баригджээ. Алдарт Адриан Смит ерөнхий архитектураар нь ажилласан ба Өмнөд Солонгосын Самсунг инженеринг констракшн компани гол гүйцэтгэгчээр нь оролцжээ. Ингээд дэлхийн хамгийн өндөр барилгын тухай бяцхан өгүүлье.

Бурж Халифад тусгайлан зориулж +50 хэмийн халууныг тэсч чадах бетоныг боловсруулсан байна. Бетон цутгалтыг зөвхөн шөнөөр асар том мөсөн байгууламж босгон дунд нь хийдэг байжээ. Барилгын ажил долоо хоногт 1-2 давхар барих хурдтайгаар явагдаж байсан. 160 давхар хүртэл бетон хийцийн ажил үргэлсэн ба дараа нь 180 метр урт металл хийцийг угсрах ажил залгажээ. Байшингийн галын аюулгүйн систем 32 минутын дотор оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх боломжтой. Цамхаг өөрийгөө эрчим хvчээр хангадаг. Үүний тулд салхины хүчээр ажилладаг 61 метр турбинтэй, бас байшингийн 15000 хавтгай дөрвөлжин метр талбайтай хананд байрлуулсан олон нарны батерейтай. Цамхаг нарнаас хамгаалсан гэрэл ойлгогч тусгай хаалттайн дээр энэ нь өрөө тасалгаануудыг халаадаггүй тул сэрүүцүүлэх шаардлагагүй юм. Эргэн тойрны бүх өвс ногоо, пальм мод жинхэнэ биш. Гэхдээ л байнгын усалгаагүй бол хиймэл ургамлууд ч амархан хатах аж.

Барилгын өндрийг нээх хүртэл нууцлаж байв. Учир нь барилгыг барих явцад хэд хэдэн удаа төлөвлөснөөс илүү өндөр хийж болох тухай яригдаж байжээ. Байшинг өндөр барихад техникийн биш, харин эдийн засгийн хүчин зүйл саад болж байв. Учир нь Бурж цамхгийн хувьд ихэнх өрөө тасалгаанууд нь орон сууцны зориулалттай. Ийм учраас барилгын дотоод ашигтай орон зайг багасгаснаар барилга өндөр хийцтэй болжээ.

Бурж Мубарак 1001 метр

Бурж гэдэг үг арабаар юу гэж байгааг мэдэхгүй ч лавтай агуу сүрлэг бүтээн байгуулалтыг нэрлэж болохоор гайхалтай үг бололтой. Арабын баян улсууд, газрын тос, алтанд умбасан эмир, шахууд сүүлийн үед аварга бүтээн байгуулалтаар өрсөлдөж эхэлсэн бололтой.

Персийн булангийн бас нэгэн баян орон болох Кувейтийн нийслэлд нэгэн нүсэр бүтээн байгуулалт өдөр шөнөгүй үргэлжилж байна. Дэлхийн хамгийн шилдэг инженерүүдийг нэг дор цуглуулж чадсан энэ төсөл бол Бурж Мубарак буюу Бурж Мубарак Аль Кабир нэртэй 1001 метрийн өндөртэй цамхгийн төсөл аж.

Арабын 1001 шөнийн үлгэрийг мэдэхгүй, дуулаагүй хүн ховор. Тэгвэл кувейтчууд эртний үлгэрт гардаг баян тансаг халиф, шахуудаа санагалзаж 1001 метрийн өндөртэй цамхаг барьж байгаа аж. Энэ нь 1000 метр давсан манай гаригийн анхны байгууламж болох бөгөөд энэ цаг мөчид дэлхийд №1-т бичигдэж байгаа Бурж Халифаас 169 метрээр өндөр. 2016 оноос баригдаж эхэлсэн цамхаг 2026 онд бүрэн ашиглалтад орох юм байна.

Жедда цамхаг 1008 метр

Арабын баячууд, газрын тос, алтанд умбасан эмир, шахууд сүүлийн үед аварга бүтээн байгуулалтаар өрсөлдөж эхэлснийг батлах, энэ өрсөлдөөний оргилыг одоо дурдая. Персийн булангийн хөрш зэргэлдээ баян, тансаг гурван улсад дэлхийн хамгийн өндөр цамхгууд баригдах нь тодорхой болжээ. Арабын нэгдсэн Эмиратад Бурж Халифа өнөө цагт дэлхийн хамгийн өндөр байгууламжид тооцогдож байгаа бол хажууханд нь Кувейтийн нийслэлд дээр дурдсан Бурж Мубарак баригдаж эхэлсэн билээ. Тэгвэл мөн л дэргэд нь шахуу Арабын хамгийн хүчирхэг улс болох Саудын Араб яаж тэднээс дутах вэ 1008 метрийн өндөртэй цамхаг босгоод эхэлж. Онцлог нь 2026 онд дуусах Кувейтийн Бурж Мубаракаас түрүүнд буюу 2020 онд ашиглалтад бүрэн орох аж.

Энэхүү цамхгийг Жедда гэх бөгөөд 1.23 тэрбум ам.долларын өртгөөр баригдаж байгаа юм. Ашиглалтад орсон цагаасаа эхлэн лавтай 25 жилийн турш дэлхийд нэгт бичигдсээр байх болно.

Скаймайл Цамхаг

Арабууд яагаад 25 жилийн турш дэлхийд нэгт бичигдэнэ вэ гэж үү? Яагаад гэвэл 2045 онд дахиад л Ази тивд ойрын зуун жилд үзэгдэж харагдаагүй дэлхийн хамгийн өндөр байгууламж ашиглалтад орох юм. Тодруулбал арлын Наран улсад. Скаймайл Цамхаг бас л манай гаригийн шилдгийн шилдэг архитектурууд, инженерүүдийг цуглуулсан төсөл юм. 400 давхар энэ байгууламжийг барьж ч эхлээгүй, эзэмшигч нь ч тодорхойгүй боловч барилгын ажлыг нь Kohn Pedersen Fox Associates болон Leslie E. Roberson Associates нар гүйцэтгэх нь тодорхой болжээ. Энэ цаг үеийн дэлхийн хамгийн өндөр барилгуудыг бараг хоёр дахин нийлүүлсэн Скаймайл Цамхаг Токио хотод баригдсаны дараа дэлхийн өндөр барилгуудын хаанчлал япончуудын гарт ирнэ.

Эх сурвалж: Tolgoilogch.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48752
1 эможи
keyboard_arrow_up