Цөлд орших дэлхийн хамгийн жижиг зочид буудал
Хүмүүс хуучирч муудсан автомашинаа янз бүрээр ашигладаг. Ихэнх нь ашиглахаа больсон төмөр хүлгээ хаягдлын цэг рүү хүргүүлдэг боловч Йемений шар цөлд орших нэгэн эр хуучирч муудсан Volkswagen Beetle автомашинаа хаяхыг түвдсэнгүй. Тэрбээр хуучны автомашинаа засч янзлан, тохижуулаад дэлхийн хамгийн жижиг зочид буудал хэмээн өвөрмөц зар тараажээ.
64 настай Мохамед Алу Аби Малахем Йорданы Алжа тосгонд амьдардаг жирийн нэгэн эр бөгөөд нутагт нь айлчлан ирсэн гадаад, дотоодын жуулчдад Volkswagen Beetle зочид буудалдаа тухлахыг санал болгодог гэнэ. “Энэ тосгон бол миний эх орон. Би энд төрсөн. Би энд амьдардаг. Бас миний нутагт ирсэн хүн бүр аялал жуучлалын сайхныг мэдрээсэй гэж хүсч байна. Учир нь энэ бүс нутагт Арабын хамгийн үзэсгэлэнтэй газрууд оршдог” гэж Аль Малахем CNN телевизийн сурвалжлах багийнхантай уулзаж, ярилцах үедээ хэлжээ.
Тэрээр засч тохижуулсан Beetle зочид буудлынхаа ойролцоо мөн жижиг хэмжээний ресторантай бөгөөд ердөө л дөрвөн хүн хооллоход яг таарах жижиг байшин боловч өнгө үзэмж, тохь тух нь жуулчдыг татахад ямар нэгэн асуудалгүй болжээ. Тэрбээр Арабын цөл дэх зэрлэг амьтдын махаар сонин содон хоол хийж, зочдоо дайлдаг байна.
Түүний янзалж, бэлдсэн Beetle зочид буудалд хоноглож, ресторанаар нь үйлчлүүлэн, байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар аялахад нийтдээ 40 йордан динар буюу ойролцоогоор 56 ам.доллар болдог аж.